m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.22 04:18
24327
Ном уншихын ач холбогдол

Ном сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг

Бид ном уншихдаа зохиолд гарч буй зүйлийг ойлгохын тулд ямар нэгэн байдлаар толгойгоо ажиллуулж, илүү өргөн хүрээтэй сэтгэж эхэлдэг байна.

Стрессийг багасгана

Стрессээс салах гэдэг бол орчин үеийн хүний гол санаа тавих зүйл. Тэгвэл ном сайн унш. Асуудал мартагдаад зогсохгүй, утга зохиолын яруу сайхан хэллэг организмыг тайвшруулж, стрессээс ангижруулдаг байна. Ялангуяа адал явдал, уран зөгнөл унших нь стрессийг өргөс авах мэт арилгадаг шидтэй ажээ.

Үгийн баялгийг нэмэгдүүлнэ

Янз бүрийн төрөл жанрын ном унших нь өдөр тутмын амьдралд тэр бүр тааралдаад байдаггүй олон шинэ үг хэллэг, хэлц үгтэй танилцуулдаг. Та ойлгохгүй байгаа үг хэллэгийг заавал тайлбар толиос харах шаардлагагүй. Өгүүлбэрийнх нь утгаар ойлгож болно. Энэ бол дээр өгүүлсэн сэтгэлгээний зарчим үйлчилж байгаа нь энэ. Аажмаар оновчтой үгсийг зөв хэрэглэн уран сайхан ярьж сурна.

Алдаагүй зөв бичиж сурна

Үнэнийг хэлэхэд залуучуудын бичгийн соёл маш мууджээ. Утга найруулга, алдаа мадаг гэж авах юмгүй болсныг бүгд мэдэж байгаа. Энэ бол ном уншихаа больсны харгай юм. Зөв бичиж сурахын тулд заавал дунд сургуульд үзэж байсан “Гээгдэх эгшгийн дүрэм” зэргийг давтах шаардлагагүй. Зүгээр л ном уншаад бай. Аяндаа үг нүдлэгдэж, алдаатай бичсэн үг чинь “нэг л биш” харагдаад эхэлнэ.

Альцгеймерын өвчнөөс хамгаалдаг

Ном уншихад тархины идэвхжил эрс нэмэгдэж байдаг. Ингэж нэг ёсны тархины гимнастик болж байдаг тул уураг тархи элдэв өвчнөөс, тэр дундаа тэнэгрэх өвчнөөс найдвартай хамгаалагдана. Ер нь боловсрол муутай, оюуны ачаалал багатай хүмүүс Альцгеймерын өвчнөөр голчлон өвддөг болох нь ажиглагдсан байна.

Өөртөө итгэлтэй болно

Бид сайн мэддэг зүйлийнхээ талаар ярихдаа өөрөө ч мэдэлгүй итгэл төгс, бардам байж чаддаг шүү дээ. Дандаа ийм байвал ямар вэ? Ном бол эрдэм мэдлэгийн дуусашгүй ундарга. Та бүх хариултыг тэндээс олж авна. Таны мэдлэгийг бусад хүн үнэлээд ирэхээр та ч өөрийгөө үнэлж эхэлнэ.

Бүтээлч үйл ажиллагаанд суралцана

Бүтээлч хүмүүс нэг дор хэд хэдэн шинэлэг санаа гаргаж ирээд л хэрэгжүүлж эхлэх нь цөөнгүй. Тэд хаанаасаа үүнийг олдог байна? Мэдээж, номноос. Ном уншсанаар та олон, бүр маш олон шинэ санаа олж амьдралдаа бүтээлчээр хэрэгжүүлэх боломжтой болно.

Нойронд эерэгээр нөлөөлнө

Хэрэв унтахын өмнө тогтмол ном уншаад байвал удалгүй организм чинь үүнд дасаж, уншлага нь унтах дохио болно. Ийм маягаар тогтмол цагт унтаж амарвал өглөө нь цовоо сэргэлэн сэрдэг.

Ой тогтоолт сайжирна

Унших явцдаа бид зохиолын баатрууд, тэдний хувцас хунар, хүрээлэн байгаа орчин зэрэг олон зүйлийг төсөөлөн бодож, тогтоон авч байдаг. Ингэснээр ой тогтоолт, логик сэтгэхүй өөрөө л сайжирдаг. Ном их уншдаг хүн аливаа зүйлийг маш амархан тогтоож, чээжилдгийг та нар анзаарч байсан байх.

Анхаарал төвлөрүүлнэ

Ном уншиж байхдаа зохиолын агуулгад л анхаарлаа төвлөрүүлж, бусад зүйл рүү үсчихгүй байх хэрэгтэй. Энэ бол амьдралд их хэрэг болох чадвар юм. Номонд үнэхээр шимтэж чадвал ийм чадвар аяндаа л сууна. Түүнчлэн ном уншсанаар аливааг бодитоор үнэлж, зөв бурууг сайтар нягталж байж шийдвэр гаргаж сурдаг.