Өнөөдөр ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулалтын хэлтсийн дарга Л.Ган-Өлзий ойрын үед хийсэн хяналт шалгалтын мэдээллийг хүргэлээ. Тус газар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг бөгөөд энэ асуудлаар тус газарт өнгөрсөн онд тендертэй холбоотой 23 гомдол ирснийг тухай бүрт нь шийдвэрлэсэн байна.Тэгвэл энэ оны таван сарын байдлаар тендертэй холбоотой нийт 32 гомдол ирсэн байна. Хуулинд тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн заалт, зөрчил байна гэж үзэх юм бол тендерийн нээлт хийхээс өмнө ШӨХТГ-т гомдлоо гаргах боломжтой. Тендерийн шалгаруулалттай холбоотой гомдлыг мэдэгдлээ авснаас хойш тав хоногийн дотор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах эрхтэй юм байна. ШӨХТГ-т Худалдан авах ажиллагааны газраас зарласан ес, яамдуудаас зарласан ес, төрийн өмчит үйлдвэрийн газраас зарласан найм, аймаг, нийслэлээс зарласан зургаан тендертэй холбоотой гомдол ирсний арван гурвыг нь тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэжээ.Мөн тендер нээснээс хойш гаргасан гомдлыг шалгах эрх тус газарт байдаггүй байна. Шалгалтаар тендер зарлаж байгаа газрууд өрсөлдөх тэгш боломжийг бүрдүүлэх ёстой гэж заасныг зөрчин хэт өндөр босго тогтоож, бараа үйлчилгээ, бүтээгдэхүүний нэр, марк, тэмдгийг тусгасан зэрэг зөрчлүүд илэрчээ.
Тэгвэл энэ оны таван сарын байдлаар тендертэй холбоотой нийт 32 гомдол ирсэн байна.
Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хороо “Юнивишн” “Cкаймедиа” компанид IPTV үйлчилгээний эрхийг олгосон байдаг. Гэтэл ижил төрлийн үйлчилгээ явуулдаг хэд хэдэн компаниуд энэхүү эрхийг авахаар ХХЗХ-нд хандсан боловч дээрх үйлчилгээний эрхийг олгохгүй байна гэсэн гомдлыг ШӨХТГ-т гаргажээ. Иймд тус газраас хяналт шалгалт хийж ХХЗХ нь зөвхөн хоёр компанид дээрх үйлчилгээ ашиглах эрх олгосон нь давуу байдлыг үүсгэсэн зөрчлийг тогтоож, улсын байцаагчийн албан шаардлагыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн байна.Иймээс тус хорооноос IPTV үйлчилгээ үзүүлэх компанийн сонгон шалгаруулалтыг ойрын үед дахин явуулахаар болжээ.Энэхүү шалгаруулалтад оролцох хүсэлтээ“Yokuzana net”, “STX city net”, “TOPICA”, “HNI” компани ирүүлээд байгаа юм байна.