m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 10:20
2903
Б.Нямаа: Хатгамал нь зүү утсаар монгол зураг зурж буйтай адил

Баялаг бүтээгчийн энэ удаагийн булангаараа эрэгтэй хатгамал оёдог оёдолчин, Үндэсний дээл, даалин урлаач Б.Нямааг урьсан юм.

Тэрээр эрт үеэс уламжлагдан ирсэн үндэсний  зүү ороох оёдлоор даалим хатган урладаг юм.  

-Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Нямаа гэдэг.  Хотын уугуул иргэн. Холбооны сургалтын төв төгссөн. Би үндэсний хувцасны оёдол эсгүүрийн мэргэжилтэй. 1990 оноос хойш  хувиараа наймаа хийж байсан юм л даа. Дэнжийн мянгад хивс зарж ч үзлээ, бас оёдлын үйлдвэрт ажиллаж ч үзсэн.

Ингэж явсаар байгаад өөрийн сонирхлоороо 2004 оноос хойш бага багаар суралцаж, хүнтэй уулзаж, судалж явсаар байгаад энэхүү даалингийн урлалаа хийж эхэлсэн дээ. Надад ямар нэгэн багш байгаагүй. Би өөрийн бор зүрхээрээ л оёж сурсан юм. Энэ хугацаанд хүмүүсээс их зөвөлгөө авч, бас шүүмжлүүлсээр байгаад хийж сурсан даа.

Яг дөрвөн жилийн өмнөөс энийг  би ямар нэгэн юманд хүрэхийг нь харан санаатай дагнаж хийж эхэлсэн. Миний дадлага, туршлага ч хангалттай хэмжээнд болсон байсан. Гэхдээ одоо ч гэсэн уламжлалт оёдлоороо өшөө ихийг хүсэж суралцсаар л байна.

-Яагаад оёдол сонирхох болсон юм бэ?

-Манай ээж монгол зураг зурдаг зураач хүн л дээ. Тиймээс ээжийгээ дагаж багаасаа л  монгол зураг зурдаг байсан юм. Би өөрөө их нарийн ажиллагаатай зүйл хийх сонирхолтой юм. Тийм учраас л зүү ороох, хатгамал хийж эхэлсэн. Ер нь хээ гаргаж ингэж урлана гэдэг чинь зүү утсаар л монгол зураг зураад байна гэсэн үг шүү дээ.

-Даалингаа яаж хийдэг вэ?

-Эхлээд хар зургаа өөрөө маш сайн бодож, зурж, ямар хэмжээгээр, яаж хийх вэ гэдгээ гаргана. Зурсан зурагнуудаа бүгдийг нь дандаа  зүү ороох оёдлоор оёдог. Амсар болон ирмэг, залгаас зэргийг нь загасан нуруу хатгамлаар хатгана. Харин гоёлын хүрээг зоосон ширээтээр оёдог юм.

Бага хэмжээний инженерийн шугам зураг гаргаж хийдэг гэсэн үг. Энэ нь маш нарийн хэмжээс, мэдрэмж шаарддаг. Бүх юм тооцоотой хэмжээтэй хийгддэг л дээ. Ямар хэмжээтэй торгон дээр ямар хэмжээтэй хээ тавих вэ гээд бодох зүйл их. Дараа нь зурсан зургаа харж байгаад хатгаж эхэлнэ дээ.

-Арван жилийн турш хатгамал хатгахад хүргэсэн  шалтгаан юу байна вэ?

-Хувь хүний өөрийн сонирхол байна. Өөрөө би хүсэж дурлаж хийж байгаад л хамаг учир байгаа. Цаашдаа энийгээ юунд хүрэхийг нь харах хүсэлдээ хөтлөгдөөд л явж байна даа. Энэ урлалаа тууштай хийнэ. Дараа нь нас тогтоод ирэхээрээ уламжлуулан үлдээх тал дээрээ нилээн анхааран ажиллах бодолтой явдаг. Тэрнээс өмнө өөрийн гэсэн бүтээлүүдээ хийх хэрэгтэй байх.

-Даалингийн торго  ямар байх ёстой вэ?

-Одоогоор хамгийн нарийн нэхээстэй өөр дээрээ хээтэй хүр хорхойн торгоор хийдэг. Бас үүтэн хуар байна. Анх хийж байхад пүсү дээр хийдэг байсан. Пүсү нь арай бүдүүн ширхэгтэй, чанарын хувьд энэ торгонуудаа гүйцэхгүй л дээ. Магнаг торго бол хатгамал хатгахад зузааддаг. Тийм учраас сүүлийн үед нарийн ширхэгтэй өөрөөсөө хээтэй торгон дээр урлаж байна. Заримдаа хүмүүс захиалга өгөхдөө өөрсдөө хуучны торгонууд авчирч хийлгэх нь бий.

-Нэг даалин хийхэд хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Торгоны үнэ огтоосоо ордоггүй юм. Харин миний өөрийн ур хийц нарийн ажиллагааныхаа хөдөлмөрийн үнэлгээг л шингээдэг. Сүүлийн үед нилээд хүмүүс захиалж байгаа учир нь миний өөрийн гарын ур хийцийг харж үнэлж буй хэрэг байх.

-Эрэгтэй оёдолчин байдаг. Харин хамтгамал хийж, зүү ороож буй хүн бараг мэдэхгүй юм?

-Харин тийн. Их гайхаж хүлээж авдаг. Зарим хүн би хийсэн гэхээр үнэмшихгүй. Сайн мэдэхгүй хүмүүс машины хатгамал гэдэг байсан. Тэрийг нь сонсоод эхэндээ би их уурладаг байсан шүү. Харин сүүлийн үед тэгэж хэлэхээр их баярладаг болсон. Яагаад гэхээр машин шиг л хатгаад байгаа юм байна даа гэж бодох болсон. Гэхдээ хэзээ ч машины хатгамал хүний гарын хатгамлыг гүйцэхгүй.

-Бүгдийг та гараараа оёдог гэсэн үг биз дээ?

-Тийм. Эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн төв халхын уламжлал оёдол зүү ороох хатгамал оёдог. Энэхүү зүү ороох оёдлыг ЮНЕСКО-д бүртгүүлэх гээд хөөцөлдөж байгаа. Энэ оёдол нь төв халхаас эрт дээр үеэс уламжлагдан ирсэн оёх арга юм.

-Хараад байхад маш нарийн ажиллагаа шаардаг нь илт.  Ингэж нарийн хатгаж сурахад хэр их хугацаа зарцуулсан бэ?

-Арван жилийн өмнөөс хийж эхэлснээс хойш өдийг хүртэл суралцаж л байна. Хамгийн гол нь байнга оёсоор байгаад гар зүгширсэн юм л даа. Үндсэн нэг оёдол зүү ороох оёдол юм. Зүү ороох оёдлоор зурсан зураг болон үндсэн элементүүдээ оёдог. Зүү ороохтой хамт өөр хатгамал хольж болдоггүй.

-Даалинг хэдэн төрлийн хатгамлаар оёдог вэ?

-Хээ нь зүү ороох хатгамал, амсар ирмэг нь залгаа оёдол нь загасан нуруут хатгамал, бас зоосон ширээт оёдлоор гоёл чимэглэлийн зориулалтаар оёдог л доо. Ер нь миний оёдлын онцлог зүү ороох оёдлоор голдуу хийдэг. Учир нь их чанар сайтай гоёмсог жигд болж өгдөг. Бас их нарийн ажиллагаатай их хугацаа ур дүү шаарддаг юм.

-Гар урлалаа оёж эхэлж байхад ямар байсан бол?

-Анх оёод суухад нуруу чилээд, хөшөөд, нүд өвдөөд хэцүү байсан. Маш их тэвчээр шаарддаг. Одоо бол би ажирахгүйгээр хийдэг болсон . Яагаад гэхээр өөрөө сонирхолтой бас мэргэшсэн. Их олон цагаар оёж суухдаа зөв суух хэрэгтэй байдаг юм билээ.

Олон жил дагнаад хийхээр зүгшрээд их сайхан. Өөрөө зургаа гаргаад өөрөө тэрийгээ хараад оёж байгаа болохоор буруу зөрүү оёно гэх асуудал гарахгүй. Бас даалин оёход зургийн мэдрэмж өндөр байх хэрэгтэй.

-Даалин хэд хоногт бэлэн болдог юм бэ?

-Зурсан хээнээсээ л хамаарна. Хамгийн доод тал нь 15-20 хоног, дээд тал нь дөрвөн сар хийсэн бүтээл хүртэл байна. Жижиг хавтага бол гурван хоногийн дотор гарна. Хөөрөгнүүд бас дотроо их, бага, дунд гарын гээд олон төрөл болон хэмжээгээрээ өөр өөр байдаг. Энэ бүхэнд нь тааруулж хэмжиж хийдэг.

-Ямар хээгээр оёдог вэ?

-Гоёлын болон бэлэгдлийн хээ гэж байдаг. Энгийн хээгээр чимэглэл гоёлын зориулалтаар ашигладаг. Бэлэгдлийн хээ нь “Нацагдорж, Очир, Найман тахил, Хийморийн морь гэх мэтчилэн байдаг.

Дийлэнх хүмүүс бэлэгдлийн хээ хатгуулдаг. Бас өөрийн болон гэр бүлийн гишүүдийн жилээр хатгуулдаг.

Хийморийн морь эр хүний хийморь золбоог илэрхийлдэг. Жаргалын найман морь бол аз жаргалыг л бэлэгдэж байгаа юм.

-Та даалингаас өөр зүйл урладаг уу?

-Үндэсний дээлэнд энэ зүү ороох хатгамлыг хатгаж урлах санаа байгаа. Урьд нь ч бас хийж байсан. Наадмын өмнө нэг их хугацаа шаардсан урлалаа дуусгана даа. Бүх бэлэгдэлийг хээнүүдийн нэг дор шингээсэн  “Нацагдорж, Чандмань эрдэнэ, Зэндмэнэ эрдэнэ, хаан бугуйвч, хатан сүйх гээд шингэсэн байгаа.

Сүүлийн үед хүмүүс амьтны дүрсийг зүү ороож хийсэн даалинг ихээр сонирхож авч, бас захиалж байгаа.

-Манай хамт олон "Баялаг бүтээгч"-дийг дэмждэг. Сар шинийн өмнө таньтай уулзан ярилцсандаа баяртай байна. Таны ажилд улам их амжилт хүсье.