m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.28 01:11
8443
Бяцхан үрсийн тань сүүн шүд ургаж эхлэхэд юуг анхаарах вэ

Ихэнх хүүхэд 4-6 сартайд анхны цахиур цухуйдаг, ихэвчлэн доод үүдэн шүднээс эхлэн ургана. Эхний хос шүд цухуйснаас эхлэн 4 сар тутамд нэг хос шүд гарах ба 2 нас хүрэх үед 20 сүүн шүдтэй болсон байна. Энэ үед зарим хүүхэд тайван бус болох, хоолны дуршил буурах, тайван унтаж чадахгүй, шүлс гоожих, халуур, буйл хавдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Аав ээжүүд хүүхдийн сүүн шүд хэт эрт юмуу хэт орой цухуйж багааг анхааралтай ажиглах хэрэгтэй. Зарим хүүхэд төрөнгүүтээ буюу төрөөд нэг их удалгүй сүүн шүд нь цухуйдаг. Гэтэл энэ шүд нь ихэвчлэн ёзооргүй байдгаас амархан унадаг. Хэрвээ аман дотроо унаад цааш залгигдвал хүүхэд хахах бөглөрөх аюултай. Иймд хүүхдийн шүд хэт эрт гарвал нэн даруй эмчид үзүүлэх шаардлагатай. Үүнээс гадна нэг нас хүрсэн хүүхэд шүд цухуйгаагүй бол буйл хэт зузаан эсвэл сульдаа өвчний улмаас болсон байх магадлалтай тул мөн амны хөндийн бүх төрлийн үзлэг хийлгэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, аав ээжүүд хүүхдийн амны хөндийг цэвэр байлгах шаардлагатай. Шүд цухуйгаагүй байсан ч амны хөндийн ариун цэвэр нь хойшид ургах шүдэнд нөлөөлнө. Хөхөө хөхдөг болохоор ам нь цэвэрхэн гэж бодож болохгүй. Хүүхэд хоол идсэний дараа бүрт буцалсан ус араас нь уулгаж амны хөндий ба буйлны салст бүрхэвчийг цэвэрлэнэ. Эсвэл цэвэр марлиар зөөлөн арчина. Хүүхдийн үүдэн шүд гүйцэд цухуйсны дараа хүүхдийн зориулалтын оо, сойзоор угаана. Хүүхдийг соска зуусан чигт нь унтуулж болохгүй. Энэ нь шүд хорхойтуулахаас гадна шүд жигд бус ургахад хүргэдэг.

Хүүхдийн шүд цухуйхын өмнө буйл нь маш  их загатнаж, барьж авсан юм бүрээ амандаа хийж хаздаг болно. Энэ үед нь хүүхэд ямар нэгэн аюултай юм ам руугаа хийх буюу хатуу зүйл хазаж буйлаа гэмтээхээс хамгаалаарай. Хүүхдийн ойр орчимд байх тоглоом, эд зүйлс нь хамгийн багадаа теннисний бөмбөгнөөс багагүй байх нь залгих, хоолойд тээглэхээс сэргийлнэ. Хүүхдэд зориулалтын хаздаг тоглоомыг хазуулж байх нь хүүхдэд юм хазах дасгал болж мөн шүд жигд ургахад тустай. Хүүхдийн тоглоом , соска зэргийг байнга цэвэр байлгана.
Хүүхдийн сүүн шүд цухуйж өвдөх үед аав ээжүүд сандралгүй өөрсдийн үзүүлж чадах тусламжийг үзүүлэх буюу хүнд үед эмч дуудна.

Зарим хүүхдүүд халуурдаг бөгөөд 38.5-с хэтрэхгүй халуунтай боловч ааш зан сэргэлэн цовоо , хоолоо зүгээр идэж нэг их уйлахгүй бол хүүхдэд ахиухан ус уулгахад л болно. Харин 38.5-с их халуунтай, тайван бус, хэт их уйлаад хоол идэхгүй, гэдэс гүйлгэх зэрэг тохиолдолд халдвар орсон байж магадгүй тул эмчид яаралтай үзүүлнэ.

Чацга алдах: Зарим хүүхэд чацга алддаг. Хүүхэд илэрхий ихээр чацга алдаад байвал хүүхдийн нэмэгдэл хоолыг түр зогсоож шингэн зутан зэрэг амархан шингэх хоол өгөх ба аяга халбагыг ариутгана. Хэрвээ өдөрт 10с дээш удаа чацга алдвал, мөн усархаг байвал эмчид яаралтай үзүүлнэ.

 Шүлс ихээр гоожих нь анхны сүүн шүд цухуйхын өмнөх хэвийн илрэл бөгөөд шүлсэвч зүүж амыг нь сайн арчиж байна. Мөн бүлээн буцалсан усаар ам хавийг нь угааж тос түрхэж байна. Хүүхдийн хувцас, дэр зэргийг дор дор нь угааж хатаана.

Хүүхэд зогсолтгүй уйлаад, унтахгүй байвал ихэвчлэн хаздаг бичээн өгч хүүхдэд хазуулж анхаарлыг нь өөр зүйлд сатааруулах, хүйтэн тараг уулгах зэргээр тайвшруулна .

Буйл хавдах, улайх, өвдөх тохиолдол байна. Хэрвээ идээ гарах, ойр тойронд нь халуу оргих зэрэг шинж илэрвэл халдвар орсон байх магадлалтай тул нэн даруй эмчид хандаарай.