m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.28 10:06
248
Д.Загдсүрэн: Тэр хүмүүс надтай эрх ашгийн зөрчилдөөнтэй эсэхийг мэдэхгүй байна

Монголын үндэсний олимпийн хорооны эргэн тойронд болж буй үйл явдлын мэдээллийг бид нэг талыг баримтлалгүй цаг тухайд нь мэдээлж байгаа билээ. Өнөөдөр Олимпийн хорооны удирдлагууд хэвлэлийн бага хурал зарласан юм. Хуралд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, мэргэжилтэн П.Тунгалаг нар оролцож, үүсээд буй нөхцөл байдлын талаар тайлбар хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Энэ үеэр Д.Загдсүрэн “Өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг яагаад хийх болсон шалтгааныг та бүхэн мэдэж байгаа байх. Саяхан оны өмнө хэсэг хүмүүс “Олимпийг аврах хөдөлгөөн” гэгчийг байгуулснаа зарлаж, хоёр ч удаа хэвлэлийн бага хийлгэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд зүйлийг ярьж байгаа. Миний зүгээс хариу өгөлгүй, хүлээцтэй байсаар ирсэн. Эцэст нь бодит байдлын тухай хариу өгье гэж шийдсэн юм. Хүн амын дотор спортын салбарынхан цөөхөн байдаг. Энэ цөөнх болсон салбарынхныгаа хэрэлдүүлж, хагардуулах сонирхол надад байгаагүй учраас яаран мэдэгдэл хиймээргүй байсан юм. Ингээд хэвлэл мэдээлийнхэндээ тайлбар өгье. Авлигатай тэмцэх газраас намайг 2013 оны турш шалгаж, 2014 оны нэгдүгээр сарын 27-нд шүүх хурал болсон. Энэ шүүх хурлаас надад гурван жил хорих, хоёр жил ажлаа хийхгүй байх гэсэн ял оноосныг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ нь тэр өдрийнхөө хурлын дараагийн заалтаар Өршөөлийн хуульд хамрагдаж өршөөгдсөн. Ямар ямар чиглэлээр шалгасан вэ? гэдэг тал дээр тайлбар хэлье. Нэгдүгээрт, намайг МҮОХ болон ОУОХ-ноос ирсэн өмч хөрөнгийг хувьдаа завшсан эсэх тал дээр шалгасан боловч юу ч илрээгүй. Хоёрдугаарт, тамирчдын сэргэлтийн төвийн барилгыг Олимпийн хорооны хөрөнгөөр санхүүжүүлсэн гэдэг үндэслэлээр шалгахад нэг ч төгрөг аваагүй болох нь тогтоогдсон. Гуравдугаарт, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх үүднээс 2006 онд орон сууцны барилга бариулсан юм. Энэ орон сууц IV хороололд байдаг. Манай ажилчид ихэнх нь байргүй, өөрийн аав, ээжтэйгээ олуулаа амьдардаг, хадмындаа байдаг гээд хорь орчим хүн байдаг байсан. Тийм учраас би банкнаас зээл авч, 40 айлын орон сууц бариулсан юм. Үүнийг барихад мөн л Олимпийн хорооноос нэг ч төгрөг гараагүй. Орон сууцны тодорхой нэг хэсгийг ажилчдадаа өгөөд үлдсэнийг нь тухайн үеийн зах зээлийн ханшаар зараад Улаанбаатар хотын банкнаас авсан өрөө бүрэн гүйцэд төлж барагдуулсан болно. Дөрөвдүгээрт, бейсболын талбайн ард талын 30x100 м-ийн хэмжээтэй газрыг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг гаргуулалгүйгээр бусдад шилжүүлсэн гэж буруутгасан. Үүнд хэлэх нэг тайлбар байдаг юм. 2004 онд болсон Олимпийн чуулганаар тамирчдад зориулсан, олон улсын жишигт нийцсэн зочид буудал бариулах тухай шийдвэр гарч, дээрх ажлыг надад даалгасан юм. Энэ үүргийн дагуу “Нийслэл өргөө” компанитай гэрээ байгуулаад уг газрыг шилжүүлж өгөх хүсэлтээ Улаанбаатар хотын захиргаанд өгсөн. Хот үүнийг судалж үзээд “Нийслэл өргөө” компанид шилжүүлсэн. Тэгээд “Нийслэл өргөө” компани эндээ зочид буудлаа бариагүй. Газар нь жижиг учраас томсгож аваад зочид буудлаа барих, томсгож авч эс чадвал байт сурын тамирчдынхаа бэлтгэлийн талбайгаар ашиглахаар төлөвлөсөн байсан юм билээ. Тэд газраа авч чадаагүй учраас тэр газар нь одоо байт сурынхан бэлтгэлээ хийгээд л байж байна. Энд миний буруу бий. Ямар буруу вэ гэхээр би Гүйцэтгэх зөвлөлөөр шийдвэр гаргуулаагүй. МҮОХ-ны эрх барих дээд байгууллага бол Олимпийн чуулган байдаг учраас чуулганы шийдвэрийг хавсаргаад явуулчихсан юм. Эндээс 47 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдсан. Сэтгүүлч та бүхнээр дамжуулан энэ талаар маш зөв ойлголт өгөхийг хүсч байна. Намайг 47 сая төгрөг аваад халаасалсан юм шиг ойлгодог. Үнэндээ энэ нь тэр газрыг үнэлсэн үнэлгээ. Хууль хяналтын байгууллагаас газар үнэлдэг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлээд ийм үнэ хүрсэн. Ингээд надад улсад 47 сая төгрөгийн хохирол учруулсан гэж ял оноосон. Гэхдээ би шүүхийн шийдвэрийг хүндэтгэж үзэж байгаа. Яагаад гэвэл МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг гаргуулаагүй буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тэр газарт одоо юу ч баригдаагүй. Одоо шүүхийн шийдвэрээр тэр газар эргээд МҮОХ-ны мэдэлд шилжиж ирж байгаа. Тэнд байт сурынхан 1980-аад оноос өнөөг хүртэл бэлтгэлээ хийж байна. 

Тавдугаарт, ОУОХ-ны байр суурийг та бүхэнд танилцуулъя. Ч.Бат-Эрдэнэ, Д.Жаргалсайхан гэж хоёр хүн ОУОХ-нд өнгөрсөн оны арваннэг, арванхоёрдугаар сард захидал бичсэн юм билээ. Энэхүү захидалдаа шүүхийн шийдвэрийг дурдаад, ял авсан хүн МҮОХ-г удирдаж байгаа нь олимпийн харти зөрчиж байна, үүн дээр арга хэмжээ авч өгөөч гэсэн байна лээ. ОУОХ биднээс нэмэлт материал авч, болсон процессыг судалж үзээд “МҮОХ-нд үүссэн энэ нөхцөл байдал нь олимпийн хартийг зөрчсөн явдал биш” гэсэн хариу илгээсэн. Энэ хариуг англи хэл дээрх эхээр нь хэвлэж, та бүхэнд тараасан материалд хавсаргасан байгаа. Зургадугаарт, тэдгээр хүмүүс хэлэхдээ сар бүр 200 мянган ам.доллар ОУОХ-ноос орж ирдэг гэж мэдэгдсэн нь ямар ч үндэслэлгүй яриа юм. Намайг баахан мөнгөтэй, түүнийгээ идэж уугаад сууж байдаг юм шиг ойлголт өгсөн. Манай байгууллага жилдээ 300 орчим мянган долларын санхүүжилтийг авдаг. Сүүлийн хэдэн жил иймэрхүү л байдалтай явсаар ирсэн. Өмнө нь үүнээс ч бага мөнгө авдаг байсан. Дээрх мөнгөний тодорхой хэсэг нь захиргаа аж ахуйн зардалд, үлдсэн нь тодорхой төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулагддаг. Манай ажилчид хариуцсан спорт холбоодтойгоо холбогдож, олон улсаас авсан хөтөлбөр төслөө хэрэгжүүлж, тайлан мэдээгээ явуулсны үндсэн дээр дараагийн санхүүжилт орж ирдэг. Долдугаарт, арванхоёрдугаар сарын 24-нд МҮОХ-ны гишүүдийн хурал болсон. Энэ хурлаар нөгөө хүмүүсийн хүсэлтээр намайг цааш нь ажиллуулахад итгэл хүлээлгэх эсэх талаар авч хэлэлцсэн юм. Эндээс олон хүнээс санал шүүмжлэл гарсан. Ингээд санал хураахад 97.8 хувиар намайг цааш нь ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэтхэгийн ҮОХ-той адилхан зүйл болох юм шиг яриад байгаа. Үнэн хэрэгтээ бол шал өөр хоёр зүйл. Энэтхэгийн олимпийн хорооны эрхийг ОУОХ-ноос цуцалсан. Цуцлуулсан үндэслэл нь Энэтхэгийн ҮОХ-ны ерөнхийлөгчийг, түүнийг сонгодог гишүүдийг Засгийн газар нь томилчихсон. Өөрөөр хэлбэл төр засаг нь Энэтхэгийн ҮОХ-ны бүрэн эрхт байдалд халдсан учраас эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлсэн. Дараа нь ОУОХ-ноос төлөөлөгч ирж, Засгийн газрынх нь оролцоогүйгээр хурал хийлгээд, одоо хэвийн ажиллагаандаа орчихсон явж байгаа. Яг энэ тухай баримт хавсаргасан материалд мөн байгаа. Харин 2012 онд манайд ийм зүйл болох дөхсөн шүү. Д.Жаргалсайхан ССАЖЯ-ны Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга байхдаа 2012 оны арванхоёрдугаар сарын 29-нд болох байсан МҮОХ-ны чуулганыг хойшлуулж өгөөч гэсэн бичгийг сайдда явуулж байсан. Тэр үед Ц.Дамдин дарга очиж уулзан, олимпийн харти дүрмээ ярьж ойлгуулсан. Сайд Ц.Оюунгэрэл харин их ухаантай хүн байна лээ. Тэрбээр “Энэ асуудалд манайх орж болохгүй юм байна” гээд бид хурлаа номын дагуу хийсэн. Тухай орны ҮОХ-ны асуудалд төр засаг оролцож болдоггүй гэдэг нь Энэтхэгийн жишээнээс харагдаж байна. Мөн МҮОХ-ны эзэмшлийн тухай яригдсан. Та бүхэн “Olympic house”-ийн урд “Хьюндай” автомашин борлуулалтын төвийн барилга баригдсаныг харсан байх. Энэ газрыг намайг өгчихсөн юм шиг ярьдаг. МҮОХ-ны хашааны гадна талд байгаа газар бөгөөд манайхтай ямар ч хамаа байхгүй. Зөвшөөрлөө аваад хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг бидэнтэй холбох нь утгагүй хэрэг. Наймдугаарт, Спортын төв ордны нэгдүгээр давхарт байдаг спортын барааны дэлгүүрийг ажиллуулдаг гэж ярьсан байна лээ. Надад ямар ч дэлгүүр байхгүй. Есдүгээрт, Лондоны олимпийн үеэр тамирчдад гашилсан тараг тараасан гэсэн яриа гарсан байсан. Манай ҮОХ-ноос хэзээ ч тараг тарааж байгаагүй. Харин Сүхбат доктор тэргүүтэй манай хэсэг спортын эрдэмтэд тамирчдыг сэргээх зорилготой хоормог бэлдэж байсан. Түүнийгээ шигшээ багийн эмч, дасгалжуулагч нартай ярилцаад тамирчдад өгч байсан юм билээ. Гэвч тэрийг ярьсан уу, өөр зүйл ярьсан уу гэдгийг нь мэдэхгүй байна.                    

            

Аравдугаарт, спорт холбоодыг хувьчилсан, өөрийн тойрон хүрээлэгчдийг бий болгосон гэдэг яриа. Монгол Улсад 64 спортын холбоо, 29 олимпийн зөвлөл байдаг. Эд бүгдээрээ бие даасан ерөнхийлөгчтэй, удирдах зөвлөлтэй төрийн бус байгууллага. Тэднийг хувьчилж авч, өөрийнхөө талд ажиллуулна гэдэг бол байж болшгүй зүйл. Эцэст нь санхүүгийн ил тод байдалтай холбогдуулан тайлбар хийе. Манайх дотооддоо аудиттай, мөн хөндлөнгийн ч аудиттай. Жилийнхээ эцсийн тайланг сэтгүүл дээр жирийтэл нь ил тод гаргаад биччихдэг” хэмээн ярив. Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.   

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс Монголын олимпийн медальтнуудын холбоонд хэмээн хаягласан, таныг ялын хугацаа нь дуусаагүй болно гэсэн утга бүхий албан бичиг фэйсбүүкийн хуудаснаа тархсан байсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Олимпийн медальтнуудын холбоо хүсэлт тавиад тийм хариулт авсан байна лээ. Би ч гэсэн өөрийнхөө зүгээс хүсэлт тавьчихсан байгаа. Эцсийн хариу одоогоор гараагүй байна. Миний ойлгосноор ял авсан хүн тодорхой хугацаанд ялтай гэж нэрлэгдэж явдаг юм шиг байна лээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч таныг зөвлөхийнхөө орон тооноос хассан тухай шийдвэрийг гаргасан байсан. Шаардлага хүргүүлж буй хүмүүсийн захидлаас болж хассан гэж ойлгож болох уу?

-Түүнийг уншсан. Тэд шаардлага тавиад 13 хүнийг бүгдийг нь өөрчилчихөөгүй байх аа гэж бодож байна. Энэ бол угаасаа л Ерөнхийлөгч орон тооны бус зөвлөхүүдээ чөлөөлсөн шийдвэр байна лээ. Хэрвээ тэдний шаардлагын дагуу чөлөөлвөл зөвхөн намайг л чөлөөлнө биз дээ.

-Үүсээд буй нөхцөл байдал дээр спорт холбоодууд ямар байр суурьтай байгаа вэ. Ялангуяа жүдо, чөлөөт, буудлага... гэх мэт томоохон спорт холбоодууд?

-Янз бүр л байгаа. Манай холбоод саяхан нэгдээд мэдэгдэл гаргасан байсан. Түүн дээр өөрсдийн байр сууриа тодорхой илэрхийлсэн байх гэж бодож байна.

-Гомдол гаргаад буй хүмүүс цаанаа таньтай ямар нэгэн эрх ашгийн зөрчилтэй хүмүүс гэж ойлгож болох уу?

-Тэр хүмүүс надтай эрх ашгийн зөрчилдөөнтэй эсэхийг нь мэдэхгүй байна.