m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.30 01:11
1714
Монгол үндэстний уламжлалт тоглоом "Хорло"

Ухаант дээдсээс минь уламжилж ирсэн “Хорло” тоглоом бол язгуурын монголчуудын оюун сэтгэлгээ, бэлгэ дэмбэрлийн өвөрмөц содон өвийн нэг юм. Монгол айл бүхэн хийморьтой сүлдтэй явахын ерөөл билгийг эрхэмлэсээр энэ цагтай золгосон билээ. Сэтгэлийн тэрхүү нандин бэлгэдлийг тээж он цагийг өртөөлөн өнөөдөрт ирсэн “Хорло” тоглоом нь монгол үндэстний мандал буурлын амаргүй цаг үеүдэд оюун сэтгэлгээний түшиг тулгуур байгаад зогсоогүй, нүүдэлчдийн соёлын онцгой үнэт зүйл, бэлгэдэл зүйн сонгодог жишээ, сурган хүмүүжлийн давтагдашгүй түүхэн үүргийг гүйцэтгэж иржээ. “Хорло” нь “Жил” хэмээх эртний тоглоомын улирч хувьссан хэлбэр бөгөөд монголын олон ястны дунд “Хорло”, “Амарбаясгалан”, “Чандмань”, “Зэндмэнэ” гэх мэт янз бүрээр нэрлэгдэж эдүгээ цагтай золгосон юм. Манжийн ноёрхлын үед Монголд даалуу дэлгэрч мөрийтэй тоглоомонд нийтээрээ донтох хандлагатай болсон тул ухаант өвөг дээдэс минь буян хишигт харш, хувхай ясан тоглоомоор гар сэтгэлээ сэвтээхгүй хэмээн хувьд эртийн уламжлалт наадгайг бодлогоор сэргээсэн түүхтэй. Монголчуудын хувьд даалууг эдийн буянд харш, хувхайруулах тоглоом хэмээн цээрлэж байсан нь мөрийтэй тоглоомыг эсэргүүцэх хандлага төдий биш, харийн нөлөөллөөс зайлсхийсэн гүн санаатай байсан юм. Тодруулж хэлбэл, “Хорло” тоглоом нь хэрээг аюулгагч хангарьдын дүрт эхнэр хувцасны домгийн нэгэн адил улс үндэстнээ харийн нөлөөнөөс хамгаалах гэсэн бэлгэдлийн дайны гэрч байсан билээ.

Эртний хүннү үеэс  үүсэлтэй дорнын зурхайн бэлгэдэл болох 12 жилийг нүүдэлчдийн гайхамшигт сэтгэлгээнд буулган, гэрийнхээ дотор оруулж, нар зөв эргэлтээр, дом заслын сэтгэлзүйтэй хослуулан тоглож, наадан баясах зуураа зам мөрөө тэгшилдэг уламжлалтай байжээ. Хүннүгийн үеэс үүсэл гаралтай нэн эртний эл тоглоом хожмоо монголчуудын сэтгэлгээгээр дамжин төгөлдөржиж, 12 жилийн амьтны бэлгэдлээс гадна бурханы шашны эгээрэл гэгээрлийн үндсэн утга болох өлзийт найман тахил ба төрийн долоон эрдэнийн зүйлсээр баяжсан байдаг. Монгол тоглоомын онцлог нь наадан цэнгэхээс илүү дом заслын шинжтэй, хүмүүжлийн ач холбогдолтой, уран цэцэн хэлц хэллэг, магтаал ерөөлөөр баялаг байдаг билээ. Сар шинээр тоглодог наадгайнууд өлзий дэмбэрэл бүрдсэн онцгой бэлгэдэлт чанартайгаас гадна айсуй жилийн өнгийг шинжиж, тоглож буй хүнийхээ аз хийморийг тандсан, нөгөө талаас айл гэрийн жаврыг үргээх сэтгэлзүйн засал хэлбэртэй байдгаараа онцлог. Урд хөршид үүссэн ясан даалууг бэлгэдэлт сэтгэлийн угаас жигшиж бурхан тахилтай гэрт дэлгэхийг хүртэл цээрлэсээр ирсэн монголчууд ардчилсан шинэ нийгэмд үндэсний тоглоомоо сэргээн хөгжүүлж, үр хүүхдээ язгуур монгол ухаанаар тэтгэн хөгжүүлэхийг чухалчилж эхэллээ. Энэ бүлээн дулаан хандлагыг өлгийдөн тэтгэх зорилгоор “Хүлэгт тайж” компани энэхүү шүншигт тоглоомыг төсөл хэрэгжүүлэн таны гар дээр хүргэж байна.

Азай буурлууддаа барих хамгийн хүндтэй бэлэг бол хүмүүний сэтгэлийг засагч ХОРЛО тоглоом