m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.30 05:30
373
“Утга соёл” цуврал бүтээл

"Монсудар” хэвлэлийн газар, “Монгол хэл соёлын хүрээлэн”-ээс ард олны дунд зохиогдон тэдний сэтгэлгээний илэрхийлэл болж уламжлагдан ирсэн монгол ардын аман зохиолын “Утга соёл” хэмээх шинэхэн цувралыг эрхлэн гаргаж байгаа билээ. Одоогоор эхний таван боть болох тууль, оньсого, домог, домог үлгэр, үлгэр зэрэг бүтээлийг уншигч олонд хүргээд байна.

Тус цуврал нь юун түрүүнд залуу хойч үеийнхэнд өв соёлоо танин мэдүүлж, монгол аман зохиолын мэдлэг олгох төдийгүй ёс заншил, өв уламжлалаасаа суралцахад түлхэц болохуйц бүтээл юм. Бид бүхэн “монгол ардын” гэсэн тодотголтой болгоныг хадгалах, бөөцийлөх, хүрч хөндөж болохгүй зүйл хэмээн ойлгодог. Тиймээс энэхүү цуврал тус бүрийн судалгааны буюу удиртгал хэсэгт тухайн аман зохиолын төрөл зүйлийн үүсэл хөгжил, онцлог шинж, дүр дүрслэл, ач холбогдол зэргээс гадна бусад улс оронд хэрхэн өөрчлөн шинэчилж, хөгжүүлж байгаа талаарх мэдээллийг оруулсан юм.

Хэдийгээр монгол ардын аман зохиол олон төрөл зүйлтэй боловч тус бүрнээ онцлогтой. Тухайлбал, тууль сонссоноор хүүхэд тэвчээртэй, хүлээцтэй болдог бол оньсого таалцсанаар сэтгэн бодох чадвар нэмэгдэж, хэл зүгшрүүлэх үг хэлэлцсэнээр зөв тод дуудлагатай болохоос гадна хэл ярианы чадвар сайжирдаг. Мөн монгол аман зохиолоос тухайн үеийн монголчуудын сэтгэлгээний онцлог, үүх түүх, аж байдлын талаар мэдэж болох төдийгүй нутгийн аялгууны болон хуучны, хэрэглээ нь багассан үг хэллэг нэлээд байдаг тул үгийн сангаа нэмэгдүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой.

Тиймээс зөвхөн аман зохиол судлаач, хэл шинжлэлийн эрдэмтдэд бус оюутан, сурагч, гээд монгол аман зохиолоо танин мэдэх, судлахыг хүссэн хэн бүхэнд зориулсан бүтээл болжээ.