1. Хүн болох эх суурийг тавь
Энэ нь мэдээж гэр бүлийн орчин. Хэрэв гэр тань халуун бүлээн уур амьсгал дутмаг, хоорондоо эв түнжин муутай, зөрчилтэй байдаг бол үүнийг томчууд даруй засах хэрэгтэй. Учир нь та хичнээн зөв юм яриад гэр бүлийн чинь уур амьсгал эсрэгээр байдаг бол хүүхэд зохих хүмүүжлийг олж авч чадахгүй.
2. Хүмүүжлийг өөрөөсөө эхэл
Хүүхэд хүмүүжлийг харах, сонсох мэдрэхүй-гээрээ юун түрүүн тусгаж авдаг. Та хүүхэддээ худал хэлж болохгүй гэж зарлигдчихаад өөрөө намайг асуувал байхгүй гээрэй, эсвэл найз хүүхнүүдээ цуглуулчихаад хавь ойрын үнэн худал нь мэдэгдэхгүй хов живийг хамж шимж ярьдаг бол хүмүүжлийн тухай ямар ч яриа байж таарахгүй. Хүүхэд үг ярианаас илүүтэй томчуудыг үйлдэл, биеэ авч яваа байдлыг хурцаар тусгаж авдаг.
З. Бодит байдлыг хачирлах хэрэггүй
Хүүхдэд аль болох зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Бага насны хүүхдэд нийгэмд гарч буй янз бүрийн үзэгдлийг насанд нь тохируулж энгийнээр тайлбарлах нь зөв. Жишээ нь цэцэрлэгийнх нь багш хүүхдийг маргааш тэдэн төгрөгтэй ирээрэй гэж. Хүүхэд ээжээсээ багш яагаад мөнгө авчир гэсэн юм бэ? гэж асуухад “хүүхдээс мөнгө авах гээд байхдаа яадаг юм. Муусайн шуналтай юмнууд. Уг нь төр засгийн хууль тогтоомжоор бол… гэхчилэн олон сөрөг үгс, тайлбар урсгах хэрэггүй. Та хүүхдийнхээ сэтгэхүйг хайрла. Багш гэдэг хүнийг хүүхдийнхээ төсөөлөлд “хадны мангаа” болгох хэрэггүй. Харин багш чинь тэр мөнгөөр тийм юм авч та бүхэнд зориулна гэж хэлэх нь тустай.
4. Бага үглэж янших
Олон үг үнэ цэнийг бууруулдаг гэдэг. Хүүхэд тань буруу юм хийчихвэл алдаагүй сайн хэлж ойлгуулах хэрэгтэй. “Хүн хэлээд байхад, мангар юм, тэнэг юм”, гэх мэтээр зандарч болохгүй. Та ойлгуулаад нэг сайн хэлж тайлбарласан бол байн байн тэр сэдвийг сөхөх, сануулах хэрэггүй шүү. Таныг үглэж янших тусам та хүүхдийнхээ нүдэнд “рейтинг”-ээ унагах болно гэдгийг санууштай.
5. Хүүхэддээ урам өгч бай
Хүүхэд тань таныг баярлуулах гэж мэрийгээд алдаатай зүйл хийсэн байлаа ч та урам өгч байгаарай. Урам, урамшуулал гэхээр заавал мөнгө төгрөгтэй холбоотой байх албагүй. “Миний хүү овоо доо. Ээж (аав) нь чамгүй бол хийж чадахгүй шүү” гэх мэтээр үгээр босгох, үнэрлэх, зөөлөн харц шидэхэд л тэр бяцхан амьтанд болоод явчихна.