-“Монгол тусгал залуусын нэгдэл” төрийн бус байгууллагынхаа талаар танилцуулахгүй юу?
-“Монгол тусгал залуусын нэгдэл” нь анх 3-4 жилийн өмнө фэйсбүүкийн групп дэх найзуудын хүрээнд байсан юм. Бид ярилцаж байгаад сайн үйлс хийх санаачилга гарган, клуб болон ажиллаж байгаад өнгөрсөн оны дөрөвдүгээр сард албан ёсны төрийн бус байгууллага болсон. Манай удирдах зөвлөл 10 гаруй, нийт 3000 орчим гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай ТББ-ын гол зорилго бол хороодоос судалгаа хийн, үнэхээр тусламж шаардлагатай хотын захын бүсийн айл, иргэдэд туслах явдал юм. Мөн хамгийн гол нь манай бүх орлого зарлага, юунд зарцуулсан тайлан мэдээнүүд бүгд нээлттэй ил тод байдагаараа онцлогтой. Гишүүдийн хувьд бүгд өөр өөр мэргэжилтэй, тус тусын ажил, амьдралтай хүмүүс байдаг. Гэхдээ бид хүнд туслах юмсан гэсэн итгэл, сэтгэл дээр тулгуурлан сайн дураараа нэгдэн ажиллаж байгаа залуучууд. Улс орон, иргэдийн амьдрал нүдэн дээр доройтож байгаа энэ цаг үед төр засагтаа боломжоороо туслах үүднээс өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Нөгөө талаасаа зөвхөн төр засгийг хүлээгээд суух бус, бид өөрсдөө гар бие оролцох ёстой, залуу хүн зүгээр сууж болохгүй, чадах ядахаараа нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хүлээх хэрэгтэй гэж бодсоны үндсэн дээр нэгдсэн. Ингээд залуучуудаа уриалж, эдийн засгийн хямралтай энэ үед нэн ядуу амьдарч байгаа хүмүүст туслахаар шийдсэн. Монголд олон залуус зөв шударгаар бусдад тусалж байна. Хүнд тусална гэдэг хамгийн том буяны ажил юм. Бидэнтэй санаа зориг нэгдэх залуучууд 88030200 99000780 99805039 утсаар холбогдох буюу www.facebook.com/mongol.tusgal, tseke.jagaa@yahoo.com е майл хаягаар холбогдож болно.
-Саяхан та нар санаачлаад Хорлоо эмээд байшин барьж өгч, буянтай үйлс хийсэн байна лээ...
-Хорлоо эмээд туслах нь өнгөрсөн оны хамгийн сүүлийн томоохон ажил байсан. Энэ нь бүр төслийн хэмжээнд хүрсэн том арга хэмжээ болон өргөжсөн. Бид сар бүр нэг ажил хийхээр төлөвлөсөн байдаг. Хорооны нийгмийн ажилчдаас мэдээлэл аван, өөрсдийн биеэр очин, судалгаа хийсний үндсэнд айлаа сонгодог. Үүний нэг нь Хорлоо эмээ юм. Манай тэргүүн Ням-Эрдэнэ гэх залуу анх сургийг нь гаргасан. Бидэнд анх Бөмбөгөр дээр сайхан цай зардаг, ядарсан байрын хөгшин байдаг гэж ярьж байсан юм. Гэрт нь очиж байдлыг хараад “Ер нь туслах ёстой хүний нэг юм аа” хэмээн хоорондоо ярилцсан. Хүнд туслах гэж хичээхээр бодсон зүйлдээ санаа бодол, зүрх сэтгэл, бүхнээ төвлөрүүлдэг учраас ажил маань амжилттай болсон. Бусад ТББ–аас ялгаатай нь өөрсдөө судалгаагаа гардаж хийгээд, хүнд бодитой хүрч чаддагаараар онцлог гэх үү дээ. Зарим хүмүүс гэр авч өгсний дараа гэрээ зарж үрэх тохиолдол байдаг. Харин бид жинхэнэ нүдээ олсон хэрэгтэй хүнээ сонгодог.
-Өөр хэчнээн хүнд тусалсан бэ?
-Нэг айл дор хаяж 5-6 ам бүлтэй гээд бодохгүй юу. Оны өмнөхөн бид 51 хүүхдэд бэлэг тараасан. Зургаан айлд зургаан “Портер” нүүрс тарааж, гэр өгч тусалсан хүмүүсээ тоолоод байвал нэлээд тоо гарах байх. Бас төлөвлөгөөнийхөө гадуур хийсэн ажлууд ч цөөнгүй байгаа.
-Одоо ямар хүнд тусалж байна даа?
-Аав нь нас барж, дөрвөн сартай нэг хүүд туслах ажлыг эхлүүлээд байна. Хүүг усаар угждаг, амьдрах орчин нь хэцүү, хүйтэн нойтон нөхцөлд амьдардаг юм билээ. Энэ хүүг хүнд өргүүлэх, ээжийг нь олох, бичиг баримттай болгох, хаана төрснийг мэдэх хүн байгаа эсэх тал дээр ажиллаж байна. Эдгээр бүх мэдээлэл интернэт, сошиал ертөнцөөр хурдан тархаж, залуус маань ч тусламжийн гараа сунгадаг болжээ. Үүний хажуугаар хэцүү амьдралтай хүмүүст туслаач гэсэн хүсэлт байнга ирдэг. Жишээ нь хоёр долоо хонгийн өмнө хөлийнхөө арван хурууг хөлдөөгөөд, улмаар тайруулсан хүүд хагалгааны дараах хэрэгтэй зүйлүүдээр нь тусалсан байх жишээтэй. Бидэнтэй ойрхон ажилладаг дүүрэг, хорооны нийгмийн ажилчид, цагдаа сэргийлэхийнхэнд хэлэх хүсэх зүйл байна. Бидэнд бодитой, үнэн зөв мэдээлэл өгч байгаасай гэж хүсмээр байна. Заримдаа мэдээллийн дагуу яваад очихоор яг зуун хувь үнэн бодитой байдаггүй. Зарим сонгосон айлууд гэрээ албаар хэцүү хүнд, ядуу өрх болгон харагдуулах зорилготой байдаг. Магадгүй тэр айл нь хорооны ажилчны хамаатан садан, эсвэл найз нөхөд, танил тал байх нь цөөнгүй. Бас нэгэн ажил маань Улаанчулуутын хогийн цэг дээр очиж судалгаа хийсэн. Ер нь бүтэн жилийнхээ ажлыг төлөвлөсөн байгаа. Иргэдийн дунд “Хог түүдэг, архичдад нь туслаад ч нэмэргүй. Эргээд л ууна, мэдлэг боловсролгүйдээ ингэж амьдарч байгаа” гэсэн ойлголт багагүй байдаг. Гэхдээ бүгд ч тийм биш юм байна лээ. Сайхан ажиллаж, амьдаръя гэсэн бодолтой хүмүүс их байдгийг мэдсэн. Ихэнх албан хаагчид өдрийн найман цаг ажиладаг бол тэр хогийн гэж адлагдаад байгаа хүмүүс чинь үүрийн гэгээ цайхаас үдшийн бүрэнхий болтол бор ходоодоо тэжээхийн төлөө л ажиллаж байдаг. Тэдний дунд сургуульдаа явахын хажуугаар хог түүж амь зуудаг хүүхдүүд ч байна.
-Та бүхэн зохион байгуулж байгаа тоглолтынхоо талаар мэдээлэл өгөөч?
-Хоёрдугаар сарын 8-ны ням гаригт 12.12 цагт болно. “UB Palace”-д болох “Бидний тусгал-гэрэлт ирээдүй” тоглолт мөн л бидний төлөвлөсөн ажлын нэг. Сар сараар хийгдэх буяны үйлсийн маань санхүүгийн эх үүсвэр болгох үүднээс энэ тоглолтыг зохион байгуулж байна. Тасалбарын үнэ нь 18.888 төг. Хамтран ажиллаж, тусалж дэмжиж байгаа байгууллагууд гэвэл Чингис хаан банк, NCD Nomin Construction Development Group, “Баялаг орд” ХХК, “Монгол костюм”, “Талх чихэр”, “Holiday” зочид буудал, “Ногоон сонгино” ТББ, Улаанбаатар палас, “Биндэг норов” ХХК, АПУ, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, “Үзэмж төгс” урланг нэрлэж болно. Мөн мэдээллийн ивээн тэтгэгчээр MASS агентлаг болон бусад FМ радионууд ажиллаж байна. Тасалбарыг “UB Palace”-ийн кассаар, мөн Мэдээллийн лавлах 1900-1950-иар үнэгүй хүргэнэ.
Тоглолтын бүх зардлыг шийдсэн учраас бүх орлогыг шууд тусламж хэрэгтэй байгаа айлууддаа зарцуулна. Хандивын тоглолт маань нэлээд өвөрмөц болно. Түүнчлэн энэ үеэр Гандантэгчинлэн хийдийн харьяа “Бадма Ёга” дацангийн лам нар жилийн ерөнхий засал ном хурна. “Монгол костюм”-ынхан Францад ЮНЕСКО-д монгол дээлийг бүртгүүлэхэд хийсэн тоглолтоо толилуулна. Амралтын өдөр, өдрийн цагаар хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээсэн дуучид МУАЖ Б.Зангад, Д.Самбуу, МУГЖ С.Батсүх, МУГЖ Б.Сийлэгмаа, залуу уран бүтээлч МУСТА Х.Эрдэнэцэцэг, Б.Батмэнд, Н.Мөнгөншагай, гитарчин Д.Энхболд, язгуур урлагийн өв уламжлагч “Алтай”, “Монгол хатад” хамтлаг зэрэг олон уран бүтээлчид оролцоно. Тоглолтын бүх орлого нийгмийн хүнд хэцүү амьдралтай иргэдэд 100 хувь нээлттэй зориулагдана.