Нийслэлийн хаана ч явсан "Вьетнам авто засвар" гэсэн хаяг нүдэнд торохгүй өнгөрөхөө больсон. Ялангуяа Шар хад хүрэх зам дагуу, 32-ын тойрог, Дэнжийн 1000, нэгдүгээр хорооллын арын замд хэтэрхий элбэг. Багцаагаар тооцвол бараг мянга хүрэхээр л санагдана. Гэвч албан ёсны тоо баримт дурдъя. Өнөөдөр монголд 744 вьетнам иргэн “импортлогдсон” байдаг аж. Тэдний 25 нь монгол хүнтэй гэрлэжээ. Тэгэхээр үлдсэн нь дээрх засварын газруудад “үүрлэгсэд” гэж ойлгож болох нь.
"Үүрлэгсэд" гэхүйн учир нь Улаанбаатарт төдийгүй алслагдсан Багануур, Налайх дүүрэг, Дархан, Эрдэнэтэд ч үүрлэж амжсан. Шоргоолж шиг амьдралтай тэднийг үүнээс өөрөөр нэрлэх арга алга. Дээрх 744 гэсэн тоо баримтын ард нуугдсан хэдэн ч “шоргоолж” байж болзошгүй. "Даа Хүрээ" техникийн захаас машины километрийн заалтаар 500 метр явахад дөрвөн вьетнам засвар тааралдав. Нэг засварын газарт ойролцоогоор 4-6 вьетнам иргэн ажилладаг гэхээр 744 гэсэн албаны тоо бага санагдах нь аргагүй. Тэд тухтай амьдрах таатай орчин нөхцөл гээд шаардаад суухгүй. Засварын газар дотроо, буланд нь байрлах жижиг тасалгаанд л ганц плитка, халаагуур тавиад амьдарчихна.
Монголчуудын гадаадаас оруулж ирсэн хуучин, дээр нь мөргөлдсөн машинаас орж ирэх асар их мөнгийг ар гэр лүүгээ илгээхийг л хүснэ. Бид вьетнам засварын газруудыг монгол эзэдтэй гэсэн ойлголттой байдаг. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ эргээд байгаа ч гэж болохоор болжээ. Учир нь тус улсаас өөрөө материалаа бүрдүүлээд, ажлын ч бай, аяллын ч болсон визээр манай улсад орж ирэх хэтэрхий амархан. Нэгэнт орж ирсэн хойно визний ангилал солиулах бол хүүхдийн тоглоом л гэсэн үг.
Нэг хэсэг вьетнам засваруудад ямар ч тариф байдаггүй, амандаа орсон үнэ хэлдэг байлаа. Хуванцар гупер/bumper/-ний хагархай өнцгийг л 300 мянга гээд зогсчих энүүхэнд байсан хэрэг. Гэвч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газараас шалгалт явуулж, арга хэмжээ авсны дүнд тогтсон үнэ тарифтай, түүнийгээ ханандаа хаддаг байхаар зохицуулж чадсан. Гэвч хэтэрхий оройтож гарсан уг шийдвэр амьдрал дээр хэрхэн хэрэгждэг нь сонин.
Үнэн хэрэгтээ дээрх үнийн тариф бэлгэ тэмдгийн чанартай реклам болоод өнгөрөв уу. Нэг хаалганы сэв янзлахад жижиг тэргэнд 80-120 мянга, дунд гарын жийпэнд 80-150 мянга, том гарынхад 100-150 мянга гэсэн ханш тогтоож өгчээ. Үнэн хэрэгтээ засварт орохоор очсон хаалганы сэв "хэтэрхий их" байгаагаас үнэ өндөр байгаа гэсэн шалтгаан сонсох нь элбэг гэлцэх юм билээ.
Өнөөдөр Манай улсаас БНСУ-д нийт 26 мянга орчим монгол хүн ажиллаж, амьдардаг гэсэн тооцоо бий. Эдгээр ажиллах хүчний дийлэнх нь 20-35 насны идэр залуус гэсэн. Ихэнх нь буюу 60 гаруй хувь нь дээд боловсролтой гэж байгаа. Тэгсэн мөртлөө бусдын нутагт барилга барихаар, үйлдвэрт ажиллахаар очдог. Гэтэл эх оронд нь хятад, вьетнам ажилчид язганаж байдаг. Манайх шиг ийм улс гэж байх уу.
Монголд бор зүрхээрээ, гэр бүл, ахан дүүсээрээ машин засварын газар ажиллуулдаг хүмүүс бий. Тэд яагаад эх орондоо хавчигдаж, гадныхнаас хоёр дахин хямд үнэ тариф хэлээд сууж байгаа юм бол. Бодох л асуудал БНСВУ автомашин үйлдвэрлэг орон биш. Манайхтай л адил гадны хуучин машинаар хахсан. Тийм ч болохоор замын түгжрэл, авто осол хэзээнээсээ их байдаг аж. Энэ нь тэр улсын засварчдын хөгжих үндэс болжээ. Гэхдээ бидэн шиг гаднаас ажиллах хүч импортлох замаар биш. Харин улсынхаа бүхий л шатны сургуулиудад авто кузов засварын анги нээн ажиллуулж эхэлсэн гэнэ.
Монголд 70 гаруй Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төв/МСҮТ/ бий гэдэг. Эдгээрт авто засварын анги бий ч зөвхөн агрегат талаас нь засахыг л заадаг. Тэгэхээр кузов засвар вьетнамуудын мэдэлд үлдэхээс яахав.