Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэ он дуустал бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байхаар боллоо.
2015 оны эхний бүх нийтийн их цэвэрлэгээг ирэх бямба гаригт нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийг бүрэн хамрагдах бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэрлийн болон цахилгааны шонгийн доор үүссэн хог, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдал, жалга, гудамжинд хөлдсөн бохир ус, хальтиргааг арилган цэвэрлэх юм.
Их цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн харьяа газар, агентлагууд, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, хог тээвэрлэгч байгууллагууд, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, их дээд болон ерөнхий боловсролын сургуулиудын оюутан, сурагчид, хороод, СӨХ, иргэд оролцоно.