m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.06 08:50
210
Б.Мэдрээ: Энэ сонгуульд улс төрийн нөлөө битгий ороосой

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээг 1960-1970-аад оны хөлбөмбөгийн хүрээнийхэн мэднэ. Харин өнөөдөр бүгд түүнийг нэртэй банкир гэдгээр нь андахгүй. Тэрбээр хоёрдугаар сарын 27-нд болох Монголын хөлбөмбөгийн холбооны их хуралд тус холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа юм.

-МХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад өрсөлдөх болов. Ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж байгаа вэ?

-Хүн бүрийн дуртай, хөвгүүд болгоны тоглодог энэ спортоор би багаасаа хичээллэж байсан. Арван жилдээ 14 дүгээр сургуулийн бага, дунд, ахлах насны шигшээд тоглож, дүүргийнхээ шигшээд багтан, хотын аварга болж байлаа. Оюутан байхдаа “Хоршоолол”, “Барилгачин” нийгэмлэгийн багт тоглож, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан удаатай. Зөвхөн манай байрнаас л гэхэд Пүрэвжал, Хооной, Од, Хишигням, Ширэндэв, Баатарцогт нарын спортын мастер цолтон 7-8 төрж гарсан байдаг юм. Миний хувьд хагас хамгаалалтад, тэгэхдээ довтолгоо зохион байгуулдаг плеймейкерийн байрлалд тоглодог байсан. Харамсалтай нь би өвчний улмаас хөлбөмбөгөө орхисон доо. Хэдий тийм ч хөлбөмбөгийн үнэнч балиашиг хэвээр үлдсэн. Одоо ч хөлбөмбөг сонирхдог, үздэг, уншдаг хэвээрээ.

 1997 онд хэсэг хөлбөмбөгчид над дээр ирж “Холбоог шинэчилж өгөөч” хэмээн хүсэлт тавьсан юм. Ингээд 1997-1999 оны хооронд Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашсан. Энэ хугацаанд холбоогоо Олон улсын улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) болон Азийн хөлбөмбөгийн холбоо (AFC)-нд гишүүнээр элсүүлсэн. Мөн миний бие төсөв, төлөвлөгөөг нь зохиогоод эдгээр холбоодоос санхүүжилт авч чадсан. Харамсалтай нь дээрх мөнгө холбооны дансанд бус тухайн үеийн МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга “Морь” хочит Б.Ганболдын хувийн дансанд орсон. Энэхүү шударга бус явдлыг эсэргүүцсэндээ албан үүргээ хүлээлгэн өгч, Монголын хөлбөмбөгийн холбоог орхисон. Тэгээд гол анхаарлаа өөрийн үндсэн ажил буюу Худалдаа хөгжлийн банкаа хөгжүүлэх үйлсэд чиглүүлэх болсон доо.  

Ингээд явж байтал 2014 оны есдүгээр сард мөн л одоогийн удирдлагуудынхаа алдаа дутагдалтай эвлэрэхийг хүсээгүй хэсэг хүмүүс ирж уулзан, Ерөнхийлөгчийн сонгуульд намайг нэрээ дэвшүүлээч гэж хүслээ. Тэгэхээр нь “Та бүхэн надад итгэж байвал өрсөлдье. Өрсөлдөөд сонгогдвол сэтгэл зүрхнээсээ чармайж ажиллая” гэж хариулсан. Тэгтэл нөхцөл байдал ч өөрчлөгдлөө. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос МХБХ-ны ерөнхийлөгч Б.Ганболдыг хөлбөмбөгийн холбогдолтой аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг нь таван жилээр хассан шийдвэр гаргах нь тэр. Ингээд арваннэгдүгээр сарын 22-нд болох байсан сонгууль хойшлогдож, FIFA-гийн жишгээр дүрмээ шинэчлэх шаардлагатай болж, их хурлаа гурван сарын дараа хийхээр болсон.

Мөрийн хөтөлбөрийн тухайд гэвэл FIFA ямар удирдлага, зохион байгуулалт, дүрэм журмын дагуу ажилладаг вэ, түүнийг л хэрэгжүүлнэ. Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүн 209 орон бүгдээрээ дээрх стандартыг мөрддөг юм билээ. Мөн боловсон хүчнээ зөв бүрдүүлж, МХБХ-ны салбар 18-19 хороог зөв удирдаж, зүрх сэтгэлээсээ ажиллана гэж бодож байна даа. 

-Зохион байгуулалт, дүрэм журмын тал дээр нэлээд шинэчлэлт хийх бололтой. Шигшээ багийн тоглолтыг тийм түвшинд аваачна, ийм амжилтад хүргэнэ гэж зоригтой амлаж чадах уу?

-Хөлбөмбөг бол маш өргөн хүрээтэй ойлголт. Дотроо шигшээ багийн, хүүхдийн, эмэгтэйчүүдийн, заалны, лигийн, шүүгчдийн... гэх мэт 18-19 салбар хороотой. Энэ бүгдийг системтэй бөгөөд тогтвортой хөгжүүлэх нь хамгаас чухал. Аливаа юм зөв голдиролдоо ороод ирэхээр аяндаа хөгждөг. Мэдээж өдөр, шөнө солигдохтой адил шуудхан амжилт гаргаад эхлэхгүй нь тодорхой. Багагүй цаг хугацаа шаардагдана. Түүнээс Азийн аварга болно, тэдэн хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнтэй болно гэж үлгэр яриад яахав. Ер нь бол мундаг хөлбөмбөгчин болох гэдэг хоёрдугаар асуудал. Хөлбөмбөгийн хамгийн том ач холбогдол нь хүүхдийг зөв хүн болгож төлөвшүүлдэг. Хөлбөмбөг тоглосноор багаар хамтарч ажиллахын зэрэгцээ талбай дээр, талбайн гадна, тоглолтын үед, тоглолтын өмнө болон дараа нь нөхөрсгөөр харилцаж, бие биенээ хүндэтгэж сурдаг давуу талтай.

Харамсалтай нь дээрх мөнгө холбооны дансанд бус тухайн үеийн МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга “Морь” хочит Б.Ганболдын хувийн дансанд орсон. Энэхүү шударга бус явдлыг эсэргүүцсэндээ албан үүргээ хүлээлгэн өгч, Монголын хөлбөмбөгийн холбоог орхисон 

-Удахгүй болох сонгуулийг шударга болно гэдэгт итгэлтэй байна уу?

-Нэг талаас харвал МХБХ-ны одоогийн удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн дарга, аппаратын ажилтнууд нь Б.Ганболдын томилсон улсуудаас бүрдсэн. Энэ утгаараа маш их саад бэрхшээл гарч байгаа. Их хурлаараа баталчихсан дүрмийн нэг бус заалт дээр засвар хийчих жишээтэй. Тэдэнд мөнгө төгрөг, эрх мэдэл, албан тушаал байхад нөгөө талд нь одоогийн удирдлагуудын алдаа дутагдлыг нь засаж залруулъя, хөлбөмбөгөө хөгжүүлье, цэвэр ариун байлгая гэж зорьж буй хүмүүс бий. Одоогийн нөхцөл байдлыг харахад тэднийг гудамжинд байгаа тэмцэгчид гэхэд болно. Би тэдний талд зогсож байгаа.

-Бусад нэр дэвшигчдийнхээ талаар юу хэлэх вэ?

-Монгол Улсын иргэн хэнбугай ч сонгох, сонгогдох эрхтэй шүү дээ. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу нэрээ дэвшүүлээд, өрсөлдөж байгаа хүмүүс. Хамгийн гол нь энэ сонгуульд улс төрийн нөлөө битгий ороосой гэж хүсэх байна. Олон улсын дүрмээр хөлбөмбөгт тухайн орны засаг төр, улс төрийнхөн оролцохыг хатуу хориглодог. Одоогийн МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, нэр дэвшигч А.Ганбаатарын хувьд үүнийг ухамсарлах ёстой. Өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн улс төрийн албан тушаалтай хүн. Тэр сонгуульд яллаа гэхэд хоёр дахь шатанд FIFA түүнийг хүлээн зөвшөөрөх үү гэдэг нь сонин. Габи үүнийгээ харж, ойлгож чадаж байгаа юм болов уу. Түүнээс хувь хүнийхээ хувьд бид нэг нэгэндээ муу зүйл хийж байсан удаагүй.

-Өнгөрсөн 17 жилийн хугацаанд МХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх талаар бодож байсан уу?

-Сонгууль жинхэнэ утгаараа болоогүй юм чинь яаж нэрээ дэвшүүлэх вэ. 2010 он хүртэл Р.Амаржаргал ерөнхийлөгч нэртэй, хамаг зүйлийг нь Б.Ганболд бие дааж шийдэж байсан. Энэ хугацаанд хамаг мөнгийг ганц хүн идлээ энэ тэр гэсэн яриа сонсогддог л байсан. Тэр тухай сонсоод “Хаалга саваад хаяад явалгүй үлдэж тэмцдэг байж уу даа” гэж бодогддог л байсан.

Тэгээд ч хамаг анхаарал, зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө банкиндаа зориулж ажиллаж байсан учраас цаг зав ч гардаггүй байлаа. Үүний үр дүнд анх 47 хүний бүрэлдэхүүнтэй эхэлж байсан Худалдаа хөгжлийн банкаа 1500 гаруй ажилтантай, олон салбартай томоохон банк болтол нь хөл дээр нь зогсоож чадсан гэж боддог.  

-Таны дэмждэг баг, шүтдэг хөлбөмбөгчин гэвэл?

-Оросоос Москвагийн “Спартак”, Англиас “Манчестер Юнайтед”, Испаниас “Барселона”-г хөгжөөн дэмждэг. Өөрийнхөө үеийн тоглогчдоос гэвэл Пелег шүтэн биширдэг байлаа. Харин одоогийн хөлбөмбөгчдөөс Уэйн Рунигийн тоглолт таалагддаг. Шигшээ багуудаас мэдээж Оросын шигшээгээ харна. Хойно сургууль төгссөн миний үеийнхэн чинь бараг бүгдээрээ шахуу орос ах нараа л дэмждэг. Харин өнгөрсөн зуны дэлхийн аваргаар Голланд, Бельгийн багуудыг дэмжиж байсан. Голланд өөрийнхөө хэмжээнд муугүй тоглосон бол дэлхийн аваргын өмнөхөн ихээхэн итгэл найдвар төрүүлж байсан Бельгийг нэг баг болж чадсангүй юу даа гэж бодсон.

-Дараагийн ДАШТ-ийг манай хойд хөрш ОХУ зохион байгуулна. “World Cup 2018”-ыг очиж үзэх төлөвлөгөө бий юү?

-Боломж гарвал үзүүр түрүүний тоглолтыг үзчих юмсан гэж бодож байгаа. Ер нь гадаадад явж байхдаа зав зай гарвал хөлбөмбөг үзэхийг хичээдэг. Италид албан ажлаар явж байхдаа алдарт “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд Миланы “Интер”, Флоренцийн “Фиорентина” багуудын тоглолтыг үзэж байсан. Тухайн үед “Интер”-т Бразилийн нэрт довтлогч Роналдо тоглож байлаа.