m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.06 09:20
2103
Ш.Цэнд-Аюуш: "Нэгэн сэхээ" өгүүллэг

Олон нуурын голд Хэцүү цүнхээл гэж зард гарсан бэрх нуур байдаг юм. Томоороо ч гавихгүй л дээ. Нэг захаасаа нөгөө захаа хүртэл ердөө зуугаадхан л алхам. Жижигхэн хэрнээ учиргүй гүнзгий, эргүүлэгтэй, дотор нь орсон хэрийн амьтан эсэн мэнд эргэж гарах нь ховор дуулддаг. Уг нь ус нь тунгалаг тогтуун дөлгөөн, ёроолын шаргал элс нь тун ойрхон мэт туяаран харагддаг. Дэргэдүүр нь янз бүрийн өвс ургамал алаглан ургасан, хажуухандаа нарийн ширхэгтэй зөөлөн элстэй, ёстой л амарч байгууштай сайхан газар байдаг юм. Зургаан сарын аагим халуун ид шатаж байсан үе юмсан. Мятав хонь салхидаад хэцүү цүнхээлд үйчих вий, юмыг яаж мэдэх вэ гэсээр нуурын хойд ухаа дээгүүр гарч иржээ. Гэтэл бачимдсан хүний муухай орилох дуу гарч гэнэ. Тогтож харвал, нуурын усанд нэг хүн орчихсон үе үе шовсхийн, сарвалзаж байгаа үзэгдлээ. Мятав нэг мэдэхнээ нуурын эрэг дээр ирчихсэн, “Одоо яана аа сүйд боллоо. Нуур луу орчихоор хамт өнгөрчих, гарт нь бариулчих гэхээр юу ч байдаггүй” гэж гаслан зогсож байв. 
Ядаж уснаас их айдгийг хэлэх үү, яадаг ч аргаа олохгүй нэг хэсэг болжээ. 
Нөгөө хүн нэг ил гарч, нэг далд орж орь дуу тавьсан хэвээр. Дууных нь хүч улам суларч байхыг үзээд бүр ч их бачимдсан гэнэ. Улс амьтанд дуулгая уу гээд эргэтэл тэвдсэндээ болоод морио алдчихсан хөл залгаж хэл хүргэх унаа бүү хэл, гартаа барьсан шидэмсний тасархай ч үгүй хоцорсон байжээ. 
Яана аа, өнгөрчихлөө л дөө гэж харамсан ийш тийшээ хартал бөөр алаг хүрэн бяруу нь оодогнон сүүл хатгасаар айсуйг үзэнгүүт: 
-Тэгдэг хэрэг, болдог арга! гэж дуу алдан бярууг амдлаа. Ялаа шумууланд хөөгдөн ухаан жолоогүй яваа бярууг ойртоод ирэхээр нь ухасхийн сүүлдэж барьж аваад тэврэн нуур луу гүйв. 
Нуурын эрэг дээр ирж, нөгөө хүний ил гарч ирэхийг отож байснаа байдаг чадлаа шавхан бярууг нуурын тэг дунд чулуудчихлаа. Холхийх сүртэй чимээ гарч, Мятав цалгисан усны хүчит давалгаанд цохигдон ар тийшээ саван унажээ. 
Долгио намдахаар эргэн тойрноо харсан чинь нөгөө хүн тэртээ эргийн шаргал элсэн дээр хэвтээ харагдлаа. Очтол нөгөө хүн амьсгаа авч жаахан уужраад, 
-Ус элч хоёрт үхэх шахлаа. Юу ч болов доо. Усанд сарваганаж явтал минь нэг хүн том алаг юм чулуудчих шиг болсон. Тэгсэн чинь ус хүчтэй палхийгээд би түүнээс үүссэн хүчтэй долгионд цохигдон шидэгдэж яаж ч чадалгүй элс рүү шаачихаад бүтэж үхэх шахлаа гэхэд,

-Арай дэндүү хүчтэй шидчихсэн юм болов уу даа. За яамай, яамай. Эрдэнэт хүний амь л мэнд гарсан бол болох нь тэр! гэж Мятав олзуурхан баярлаж суужээ. 
Хүний золионд амь алдах шахсан бярууны хошуу үе үе цухалзан явсаар нуурын эрэг рүү огло харайн гарч усаа шилгээгээд ингэж сэрүүцдэг бол ч аюултай юм байна гэсэн янзтай эзэн рүүгээ харж байснаа ижлээ үгүйлэх мэт мөөрөн гэрийн зүг шогшиход Мятав: 
-Ингэх л ёстойсон. Овоо шүү бөөр алаг минь. Монгол үхрийн эрдмийг ёстой нэг үзүүлж чадлаа даа гэж бахдан хайрлажээ.