m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.08 09:10
37880
Нүдэнд өвдөг гарах шалтгаан ба эмчилгээ

Ерөнхий

Өвдөг нь сормуусны уутанцар, эсвэл сормуусны уутанцарын ойролцоо байрладаг Цейсын тосны булчирхайн хурц идээт үрэвсэл юм. Ийм үрэвслийг гаднах өвдөг ч гэж нэрлэдэг. Харин зовхины ард байдаг Мейбомын булчирхайн хэсгийн үрэвслийн үед аньсагын булчирхайтас буюу дотуур өвдөг гэгч үүсдэг. Дотуур өвдөгийн үрэвсэл нь тийм ч хурц биш.

Шалтгаан

Энэ хоёр төрлийн өвдөг нь дийлэнх тохиолдолд алтлаг стафилококк нэртэй бактери / нянгийн үйлчиллээр, дархлаа суларсан үед үүсдэг. Өөрөөр хэлбэл бохир орсноос үүсдэг гэсэн үг. Мөн эмэгтэйчүүд энэ өвчнөөр эрэгтэйчүүдээс илүү олон өвддөг. Шалтгаан нь тун энгийн. Эмэгтэйчүүд зовхи, сормуусаа өдөр болгон будаж байдаг. Бусдын сормуус, хөмсөг, зовхины будаг, бусдын түрхэгч зэргийг ашиглан будахдаа бохир оруулдаг. Хүүхэд ч мөн адил ариун цэврийг сайн сахилгүй бохир гараараа нүдээ нухах зэргээр нянгийн халдвар оруулснаар өвдөг тусах нь олон.

Цэвэр агаарт гардаггүй, амин дэмийн дутагдалтай, дархлаа суларсан үед өвдөг гардаг нь нэг ёсондоо дархлаа чинь суларч байна шүү гэсэн дохио юм.

Шинж тэмдэг

Эхлээд зовх загатнан аргаж эхлээд, удалгүй хавагнан овойно. Үүнээс 2-3 хоногийн дараа овойсны дээр нь шаравтар өнгөтэй толгой гардаг. Толгойг ховхолбол идээ гарна.

Явц

Зовхины булан орчмын хэсэгхэн газар хөндүүр хаван үүснэ, нүд улайна. Нэг зэрэг хэд хэдэн өвдөг гарч болно. Өвдөгийг дагалдан толгой өвдөх, халуурах, ойролцоох булчирхай цочих зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Идээт толгойг хэрхэвч шахаж болохгүй. Хамаагүй шахсны улмаас бохир нь нүд рүү орж менингит г.м. онц аюлутай өвчин үүсэхэд хүргэж болзошгүй.

Оношлогоо & Эмчилгээ

Юуны нүдний эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь өвдөгтэй төстэй өөр эмгэг байж болзошгүй.

Үрэвсэж дөнгөж эхэлж байгаа үед нь этилийн спирт /эмийн санд зардаг цэнхэр спирт/, ногоон зэргээр өвдөгний орчим гадна талаас нь дарж, түрхэн түлэх. Ингэхдээ спиртийг нүд рүү оруулахгүй байх ёстойг талаар анхаар. Тиймээс үзүүртээ хөвөн ороосон тусгай савхуудыг ашиглах хэрэгтэй. Спирт, эсвэл ногоон шингээсэн хөвөнг үрэвссэн хэсэгхэн газар 15-20 минут орчим дарна.

Үрэвсэлт өвчин учраас антибиотикуудаар эмчлэгдэнэ. Гэхдээ зөвхөн эмчийн заасны дагуу антибиотик агуулсан нүдний тос түрхэнэ. /Гентамицина сульфата раствор 0.3%, Тетрациклиновая глазная мазь 1%, Офлоксин 200, Гентамицин-К, Гентамициновая мазь 0.1%, Тетрациклиновая мазь 3%/ Эмийн сангаас тос дусаал зэргийг авахдаа эмийн санчаас нь нүдний зориулалттай мөн эсэхийг заавлаж лавлан асууж байгаарай. Тосыг унтахаасаа өмнө түрхвэл зүгээр.

Мөн зөвхөн эмчийн зөвшөөрч заасны дагуу амин дэм, антибиотикуудыг ууж, эсвэл тариулан / Гентамицина сульфата раствор для инъекций 4%/ хэрэглэнэ.

Өвдөг гарсан үед хийдэг тусгай дом байдаг. Сүжгээр эдгэдэг хүмүүс туршаад үзэж болох ч үр дүн нь тийм ч сайн биш л байх болов уу.

Шээс гэх мэт элдэв зүйлээр шавшиж өөрийгөө дэмий зовоох хэрэггүй гэдгийг анхааруулъя.

Урьдчилан сэргийлэлт

Хувийн ариун цэврийг сахих нь өвдөг гарахаас сэргийлэх хамгийн сайн арга. Бохир гараараа нүдээ нухахгүй байх. Эмэгтэйчүүд зовх, сормуусаа будахдаа зөвхөн өөрийн будаг, сойз, бийрийг ашиглаж байх хэрэгтэй.