m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.09 03:11
1136
Цагаан сарын гоёлоо бэлдсэн үү

Нэг хэсэг монголын үндэсний хувцасыг хөгшчүүд, хөдөөнийхний хувцас гэж ойлгодог байсан үе ард хоцорч үндэсний хувцасаа орчин үеийн шийдэл загвартайгаар хийж өмсөх нь элбэг болсон билээ. Ялангуяа цагаан сар, наадам гэх үндэсний баяруудаар тухайн жилийн дээлний шинэ загварыг тодорхойлдог гэхэд хилсдэхгүй. Тухайлбал өнгөрсөн жил "Хүннү" хэмээх загварын дээлийг гэр бүлээрээ өнгө ижилсүүлэн өмсөх нь нэлээд "мода" болсон бол энэ жилийн хувьд энэхүү загвар улам бүр орчин үелэг болж дан дээл гэлтгүй цамц, жакет маягаар хийж өмсөх нь элбэг байна. 

Цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдаа дүүргүүдийн болон томоохон худалдааны төвүүдээр явагдаж байгаа бөгөөд үзэсгэлэнд ихэвчлэн хувь хүн болон үндэсний хувцасны салонууд оролцож байгаа юм. Ингээд сурвалжлагаа Урт цагаанд байрлах” Есүй” салоноос эхэллээ. Тус салон голдуу уламжлалт энгийн загвартай дээл хийдэг аж.

-Дээл урлаад хэчнээн жил болж байна. Энэ жил хүмүүс ямар өнгө, загвартай дээл захиалж байна?

-Дээл хийгээд 10 гаран жил болж байна. Энэ жил хүмүүс ихэвчлэн үндсэн монгол загвартай хэрнээ тод өнгийн дээл захиалж байна. Тэр дундаа цэнхэр өнгийг илүү их сонгож байна. Жил ирэх бүр л дээлний захиалга улам бүр өсч байгаа. Хүмүүс нэг цагаан сараар өмссөн дээлээ дахиж бараг өмсөхгүй ер нь цагаан сараар л дээлээ шинэчилдэг болсон байна. Тэгэхээр наадмаас илүү цагаан сараар захиалга ихтэй байдаг болсон.

-Үнэ ханшийн хувьд ямархуу байгаа бол?

-Үнийн хувьд яг манай салон дээр 750-850 мянган төгрөгний хооронд байна. Хамгийн хямд нь дангаараа 150 мянган төгрөг бол хосоороо 300 мянган төгрөг байна. Мөн хүүхдийн дээл, хантааз 35-50 мянган төгрөгний хооронд байгаа. Бид өөрсдөө дээлнийхээ загвар бүх юмаа хийгээд гаргадаг.

Мөн "Мишээл экспо" дээр гарсан цагаан сарын үзэсгэлэнд оролцож байгаа "Дөхөм айзуй" салоны үнэ ханшийг сонирхлоо. Тус салоны хувьд сүүлийн үеийн шинэлэг загварын дээл голдуу урладаг юм байна.

Энэхүү салоны хувьд өнгөрсөн жилтэй адилхан Хүннү дээлний эрэлт, захиалга ихээр ирж байгаа ч хуучны үндсэн загварын захиалга тасрахгүй байгаа гэнэ. Материалын хувьд биед эвтэйхэн, зөөлхөн, үрчийдэггүй болохоор сари болон япон торгоор их хийлгэж байгаа юм байна. "Дөхөм айзуй" салоны захиалга цагаан сарын өмнө энгийн үеэс 30 хувь нэмэгддэг аж.

Түүнчлэн сүүлийн үед ноос ноолуран дээл, даашинз нэлээдгүй эрэлт ихтэй байгаа бөгөөд "Айгар кашмер" үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сонгох иргэд их байлаа. 

-Ноосон дээлний захиалга хэр байна. Өнгөний сонголт болон үнэ ханш нь ямар байгаа вэ?

-Ноосон дээлний хувьд хүннү захтай, ноолуурны үндсэн өнгө болох бор шаргал, саарал өнгийн дээлийг хүмүүс илүү их худалдан авч байна. Үнийн хувьд 100-130 мянган төгрөгний хооронд байгаа. Ноолуураас илүү ноосон дээл илүү их эрэлттэй байдаг. Учир нь ноолуурыг бодвол бөөстөж ноолрохгүй, хамгийн гол нь хямд байгаа учраас хүмүүс их сонирхдог.

Манай дээлнүүд цагаан сарын үеэр хамгийн их эрэлттэй байдаг ч наадам, хурим найрын улиралд мөн гүйлгээ сайтай байдаг гэж байлаа.

Ийнхүү монголчуудын үндэсний хувцас болох дээл жил ирэх бүр өнгө загварын хувьд шинэчлэгдэж, үнийн хувьд материал хийц загвараасаа шалтгаалан өөр өөр байгаа юм. Мөн булгаар эмжсэн хантаазыг иргэд ихээр сонирхож захиалдаг болсон байна. Өмнөх жилүүдэд үйтэн хуар, вьетнам торго их сонгодог байсан бол энэ жил цулгуй пүүсүү болон энэтхэг торго, саригаар дээлээ хийлгэх болсон байна. Хүүхдийн дээлний хувьд хөвгүүдэд дууриамал нэхий дээлийг малгайтай нь хослуулж өмсгөх нь их байгаа бол охидод даашинз шиг загвартай тод өнгийн дээлнүүд эрэлт ихтэй байна. Үнийн хувьд материал хийцээсээ хамаараад 25-80 мянган төргөний үнэтэй байна.