m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.10 07:02
520
Монголын сод хөвгүүд энэ өдөр төржээ

Монголын утга зохиол, яруу найргийн тэнгэрт хамгийн тодоор гялалзаж явсан билэг танхай  хоёр яруу найрагч, зохиолч Р. Чойном, О. Дашбалбар нарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 

Рэнчингийн Чойном Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр төржээ. Эцэг эх нь түүнд Чойномусурияа нэрийг өгсөн боловч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан байна.

Р.Чойном бага сургуулийн дөрөвдүгээр ангийг онц дүнтэй төгссөн боловч өвчний учир дунд сургуулийн зургадугаар ангиасаа сургуулиасаа гарчээ. Хэдий тийм ч тэрбээр өөрийн хичээл зүтгэл, авъяас билгийнхээ хүч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан төрөлхийн авьяас билэгтэй нэгэн байсан юм.

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч О.Дашбалбар 1957 оны хоёрдугаар сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт төржээ. О.Дашбалбар нутагтаа бага дунд сургууль, Омскийн хөдөө аж ахуйн ТМС, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. О.Дашбалбар дунд сургуульд байхаасаа шүлэг зохиол бичиж, улмаар Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгч нь болсон юм. 

О.Дашбалбар 1985 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн гадаад харилцааны мэргэжилтэн, “Утга зохиол урлаг” сонины ажилтан, 1990 оноос МҮЧЗЭ-ийг байгуулж, тэргүүлэгч даргаар нь ажиллаж байв. Тэрбээр Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат байлаа. О.Дашбалбар Сүхбаатар аймгийн 63-р тойрогт УИХ-ын гишүүнээр сонгогдож, монголын ард түмний дуу хоолойг илэрхийлж байлаа. О.Дашбалбар 1999 онд зуурдаар нас барсан юм.