Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм...
Зөвхөн чив чимээгvй байснаараа л би энэ бүхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахийн тулд магадгүй энэ хорвоо дээрх ямар ч бүсгүй туулж гараагүй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо: Би ярьж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагүй ч гэсэн надад итгэл найдвар байсаар байгаагаа би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг үлдээгvй байгаа. Амьдрал хов хоосорч, эрлэгийн үүдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хүн гарахгvй гэж би найднам. Бүх юм дуусахын өмнөх ганцхан боломж... Тийм учраас би энэхүү нууцаа бичэхээр шийдсэн юм.
Би Гэнрид хайртай байсаан, одоо ч хайртай. Өөрийнхөө тухай өнгөрүүлсэн амьдралийнхаа тухай хэлж чадах ганцхан юм маань гэвэл ердөө л энэ. Миний амьдрал гэвэл ердөө л Гэнри. Энэ хорвоо дээр хайрлаж дурлаж үзээгvй хүн нэгээхэн ч үгүй биз ээ! Гэхдээ хайр гэгч чиний ухаан санаа, зүрх сэтгэл гээд бүхэл хил хязгаарыг төвөггүй давж чаддаг юм билээ.
Би түүнтэй хэрхэн танилцаж байснаа огт боддоггvй юм. Надад угаасаа чухал ч биш. Би түүнтэйгээ уулзах учиртай л байсан, тэгээд л бид учирсан. Хэзээ, яаж яагаад түүнийг хайрлаж эхэлсэн, хэрхэн түүнийг хайрладагаа ухаарсаныгаа бол бүүр ч мэдэхгvй. Миний мэдэх юм гэвэл амьдрал маань 2хон үгнээс бvрдэж байсан: "Гэнри Стаффорд". тэр өндөр туранхай, бас хэтэрхий үзэсгэлэнтэй хvн байсан юм. Тэр маань асар их хүсэл тэмүүлэлтэй байсан ч тэрийгээ хэзээ нэг цагт анзаарч байсан гэж боддоггvй. Байгалиас л тэр чигээрээ төрсөн хүн байсан. Yргэлжилсэн их хvсэл мөрөөдөл түүнд бурхнаас заяасан байсан юм. Гэнри миний л мэдэх хамгийн төгс төгөлдөр, ухаалаг эр. Бүхэл хамт олон даяараа тvvнийг гайхан биширдэг байхад тэр бусад хүмүүсийг шоглон хөхөрч чаддаг байлаа. Бага зэрэг залхуу, бас няхуур. Гэхдээ түүнийг юу ч цочроож чадахгүй. Өөртөө шүүмжлэлтэй бас итгэлтэй ханддаг ч бусадтай тохуурхангуй ихэмсэг байдлаар харьцдаг байсан юм.
Мэдээж манай жижигхэн хотын охин бүр түүн рүү хошуурдаг байлаа. Тэр хүн бүртэй нээлттэй сээтгэнэдэг байсан нь охидийг галзууруулах дөхдөг байв. Гэнригийн аав нь түүнд томоохон бизнес орхисоныг Гэнри зовлон төвөг багатай ч хангалттай мөнгө олж чадахуйцаар зохицуулан эрхэлдэг байжээ. Тэр нийгэм хамт олонтойгоо харьцахдаа, хатагтай нартай сээтэгнэхдээ, ном сонин уншихдаа гаргадаг эелдэг байдал, төгс тоомжиргvй байдлаараа бизнесээ эрхэлдэг байсан.
Ноён Барнс нас ахисан хуульч, хуучин анд маань нэг удаа "Тэр боломжгүй залуу... Би түүний хайрлах бvсгүйд атаархана... харин түүнтэй гэрлэх бүсгүйг өрөвдөнө." гэж их л бодлогоширонгуй дуугаар надад хэлж байсан юм. Тухайн үедээ бол би ганц ноён Барнсын ч биш олон хүний атаархалыг төрүүлсэн: Гэнри Стаффорд намайг хайрласан. Тэгэхэд би дөнгөж хорин нэгэн настай, хамгийн сайн их сургуулиудын нэгийг төгсчихөөд байсан юм. Би эцэг эхийнхээ үлдээсэн үзэсгэлэнтэй эдлэн газарт, уугуул хотдоо ирж амьдрахаар шийдсэн маань ямар ч учиртай байсан юм бэ дээ. Ойрын ямар ч хамаатангүй надад үлдсэн тэр эдлэн газар том, тансаг, бас сайхан том цэцэрлэгтэй байлаа. Би тэндээ өөрөө өөрийнхөөрөө амьдарсаар бүүр дасчихсан байв.
Энэ өгүүллэгтээ би хамаг л үнэнийг хэлж байгаа учраас би өөрийгөө үзэсгэлэнтэй сайхан байсан гэдгээ ч хэлэх хэрэгтэй болов уу! Бас бусдаас илүү цэцэн цэлмэг гэдгээ ч би мэддэг байсан юм. Ер нь ухаалаг хүн өөрийнхөө ухаалагийг яаж ч байсан мэддэг шvv дээ. Хүмүүс бүгд л намайг "Дэндүү сайхан ухаалаг охин" "асар их ирээдүйтэй бүсгүй" гэлцдэг байсан ч гэсэн миний өөрийнхөөрөө занд маань нэг их дуртай байгаагүй шиг санагддаг.
Би Гэнри Стаффордод хайртай байлаа. Миний насныхаа эцэст ойлгож авсан зүйл бол ердөө л энэ. Тэр миний амьдрал байсан юм. Хэзээ нэгэн цагт өөр хүнийг хайрлаж чадахгүй гэдгээ би үргэлж мэддэг байсан. Тэр маань ч үнэн байжээ. Магадгүй хүн хүнээ тэгж их хайрлаж болохгүй, дэмий байдаг байх. Гэхдээ одоо хэнбугай ч надад тэгж хэлээд нэмэргүй болжээ: тэр миний амьдрал байсан юм байж.
Стаффорд ч надад хайртай байсаан. Бүүр чин сэтгэлээсээ. Энэ бол түүний амьдралдаа анх удаа инээлгүйгээр харсан зүйл нь байсан юм. "Би өөрийгөө хайрын өмнө ийм хүчин мөхөс амьтан болчихно гэж хэзээ ч боддоггvй байжээ" гэж тэр маань заримдаа зөөлхөн хэлдэг байв. "Чи минийх байх учиртай, Иринэ. яагаад гэвэл би өөрийнхөө хүссэн бүгдийг авах гэж хорвоод төрсөн хүн. Харин чи бол миний хорвоогоос хүсэх цорын ганц зүйл." гээд гарын маань хурууны өндөгнөөс мөр хүртэл маань үнсэж байсныг нь би мартдаггүй юм.
Би бол түүн рүү харахдаа энэ хорвоо дээр өөр юүг ч мэдэрч чадахаа больдог байлаа. Түүний хөдлөж байгаа нь, ааш аяг нь дуу хоолой нь гээд бүгд л намайг чичрүүлж орхидог... Yүн шиг их сэтгэлийн хөдлөл, хүсэл биед чинь нэг орчихвол хэзээ ч гардаггvй юм билээ. Сүүлчийн чин амьсгал л үүний төгсгөл болно. Энэ мэдрэмж чиний биеийг чин шатаж дуустал оршино. Дахин шатах юу ч үлдээгvй байхад ч тэр мэдрэмж бадамлан ассаар л байх болно. Тэгээд л аз жаргал эхлэнэ дээ. Дэндүү их жаргал...
Би нэг өдрийг бүүр маш тод санаж байна. Yер усаар ямар баян байдаг билээ дээ... Яг л тийм их нартай нэгэн өдөр байсан юм. Тэр бид хоёр дүүжин даажин дээр тоглож байлаа. Бид хоёр цав цагаан хувцастай, урт нарийн тавцангийн хоёр талд нь зогсчихсон, олсноос гараараа чанга гэгч нь атгачихсан нэг талаас нөгөө тал руу нисэх мэт савлуурдаж байлаа. Бид маш хурдан савлаж байснаас болоод олс хачин этгээд дуу гаргаж, би бүүр амьсгалж ч чадахгvй болчихсон байсан юм. Дээшээ... Доошоо... Дээшээ... Доошоо... Дэрэвгэр банзал маань өвдөгнөөс ч дээш гарч нисэн байхад тэр маань "илүү хурдан, илүү хурдан" хэмээн хашгарч байлаа. "Дээшээ... Гэнри дээшээ..." гэж би хариулсан. Цамц нь цээж онгорхой, ханцуйгаа тохой хүртлээ шуучихсан тэр маань ямар ч үзэсгэлэнтэй харагдаж байгаав дээ...Гараараа олсноос барьчихсан түүний хөнгөн шингэн хөдөлгөөн, хүчтэй уян бие нь савлуурыг дор нь л хөдөлгөчихөж байлаа. Yс нь салхинд намираад л...
Амьсгалж ч чадахгүй, тэр хурц наранд байхдаа би өмнөө байгаа залуугаас өөр юуг ч мэдрэхгүй байж билээ. Дараа нь хэн хэндээ юу ч хэлэхгүйгээр савлуурын хамгийн өндөр цэгээс хамаг хурдаараа үсрэн буусан. Газарт унахдаа бид хоёр гар хөлөө бяцхан шалбалцгаасан боловч тэр тухай хэн маань ч бодох сөхөө байсангүй. Тэр намайг тэвэрч савлуур дээр байхад ч мэдрэгдээгүй тэр их галзууралтайгаар үнссэн юм. Энэ нь бидний анхны удаа үнсэлцэж байсан явдал биш боловч, би тэр үнсэлтийг хэзээ ч мартахгүй. Түүний гарт байгаагаа бодохоор би бараг ухаан алдчихаж байлаа. Би түүний мөрийг чанга гэгч нь базаж (урт хумс маань цусийг нь гартал хүчтэй базсан байлаа.) түүнийгээ үнссэн. Дараа нь хүзүүг нь... цамцных нь онгорхой заханд нь хүртэл үнссэн...
Тэр үед бидний бие биендээ хэлсэн ганц л үг нь түүнээс гарсан байлаа... Зөөлхөн шивнээ... "Yүрд ийм байна гэж хэлээч... Иринэ... Yүрд".
Дараагийнх өдөр тэр ирсэнгүй. Yдэш хүртэл сэтгэлээ чилээн хvлээлээ. Байхгүй. Дараагийн өдөр нь ч бас тэр үзэгдсэнгvй. Харин миний зүгээс жаахан ч болов анхаарал татахыг хүсэн явдаг, өөртөө итгэлтэй нэгэн залуу дараах өдөр нь намайг дуудаж янзан бүрийн юмны тухай эцэс төгсгөлгүй мэт юмс ярьсаар байснаа сүүлд нь “Нээрээ сониноос, Гэнри Стаффордын бизнес аюлд учирсан гэнэ лээ. Их л чухал хэцүү юм болсон гэж хүмүүс ярилцацгаах юм билээ.” гэж хэллээ. Маргааш нь би тэр муухай мэдээг бүхнээр нь сонсож билээ: Гэнри бүүр сүйрч дууссан байлаа. Тэр өөрөө юу ч үгүй хоосроод зогсоогvй, маш олон хүнд хувь заяа, асар их мөнгө төлөх учиртай үлдсэн байлаа. Гэхдээ энэ нь түүний буруу биш байжээ… Зүгээр л болчихсон юм байж. Хүн бүр тэрийг нь мэдэж байсан хэрнээ бүгд л түүнийг буруутгаж байв. Тэр дампууралтай хамт түүний нэр төр, ажил хэрэг, ирээдүй бүгд нь шалбаагт унасан юм.
Түүний компани сүйрсэн нь манай хотынхныг хэсэгтээ л баясгаж байв. Зарим нэг нь Гэнри-г өрөвдөх боловч, ихэнх нь баяртай байлаа. Хүмүүс Гэнри-г хүндэлдэгийнхээ зэрэгцээгээр атаархдаг байж… эсвэл тэд түүнийг хүндэлдэг болохоороо ч атаархдаг байсан биз. Би нэг хүн “ Одоо тэрнийг ямар нүүр гаргахыг нь харах юмсан” гэж байхыг сонсож байлаа. Бас өөр нэг нь “Ха ха шившигтэй юм” гэнэ...
Маш олон хүмүүс намайг ч бас зүгээр байлгасангvй. “Гэнри тэр Иринэ Вилмэрын юунд нь болдог байнаа.” гэж Паци Тиллинс гэгч алдартай сээтэн хүүхэн олон хүний санал бодлыг нэг өгүүлбэрээр хэлчихэж байсан юм. Харин одоо Хатагтай Хью-маниа нийгмийн тэргvvн хүмүүсийн нэг (гэм нь хүнтэй гэрлvvлэх гурван охинтой) надад “Чи цагаа олж зугаацсан нь болсон юм. Угаасаа би тэр залууг нэг л бүтэхгүй амьтан гэж мэдээд байсан юмаа” гэж хэлж байна. Паци нүүрээ будангаа хажуугаас нь “Тэхээр хонгор минь дараагийнх нь хэн бэ?” гэх нь дуулдана…
Эдгээрийн аль нь ч надад ямар ч нөлөө үзүүлэлгүй байж чадсан юм. Би ямар ч гэсэн нөхцөл байдлыг ойлгож, энэ сүйрэл үнэхээр Гэнри-г дахиж босч ирэхгүй болгож уу үгүй юу гэдгийг мэдэхийг л хүсч байсан. Миний хүндэлдэг нэгэн бизнесмен санамсаргүйгээр миний бүх асуултад хариулчихав. “Гэнри уг нь үнэнч шударга сайхан залуу байгаа юм” гэж тэр нэг найздаа ярьж байсныг нь би санамсаргvй сонсчихсон юм. “Гэхдээ одоо аль болох хурдан өөрийгөө буудах л түүний нэр төрийг аварч чадах биз… ”. Тэгээд л би бүхнийг ойлгов. Би удаан ч бодсонгvй, мөрөн дээрээ нэг юм авч хаячихаад л тэднийх рүү хамаг хурдаараа гүйж билээ. Түүнийгээ харсан даруйдаа би өөрийн эрхгvй айн чичирсэн. Би түүнийгээ бараг л таньсангүй: ширээн дээр сууж байгаа чулуун нүүр хөдөлгөөнгүй нүд түүнийх минь гэхэд итгэмээргүй байлаа. Сандалных нь хажуугаар түүний нэг гар нь амьгүй юм шиг унжиж хурууных нь өндөг нь үл мэдэг чичэрнэ.
Намайг орж ирэхийг ч тэр мэдсэнгvй. Би түүн рүү очоод толгойгоо өвдөгнийх нь завсар хийн сөхрөн унав. Тэр хэсэг дагжин байснаа гарыг минь хүчтэй татаж намайг босгоод “Гэртээ харь Ирэнэ.” Гэж хүйтэн утгагүй өнгөөр хэллээ. “Тэгээд дахиад хэзээ ч битгий эргэж ирээрэй!”
“Чи надад хайргүй юм гэж үү? Гэнри” гэж би өөрөө ч мэдэлгvй шивнэв.
“Одоо бидний хооронд юу ч болохоосоо өнгөрсөн гэдгийг чи ойлгохгүй байна гэж үү? ”гэж хэлэхэд түүний дуунаас нь; зовлон шаналал, уур уцаар ханхалж байсан. Би ойлгож байлаа. Гэхдээ би ойлгонгуутаа инээмсэглэсэн юм: энэ бүгд түүний хэлсэн үнэн байх ямар ч учир байхгүй. Мөнгө одоо бидний хайрыг сатааруулах гэж оролдож байна. “Мөнгө надаас Гэнри-г булаах гэнээ? Шог юм.” Би чанга гэгчээр инээж эхэллээ… Гэхдээ айдас дүүрэн инээдээр… Хэрвээ чиний бүхэл амьдрал, утга учир, чамд байгаа ганцхан бурханыг чинь зөвхөн мөнгөгvй болсных нь төлөө орхи гэвэл инээд чинь хvрэхгүй гэж үү?
Тэр маань намайг сонсохыг хүсээгүй ч би сонсуулж чадсан юм. Хэр зэрэг удаан хэдэн цаг гуйснаа ч би мэдэхгvй байна. Тэр үгүйсгэсээр л байлаа. Тэр заримдаа зөөлхнөөр намайг орхихыг гуйж, заримдаа хvйтэн өнгөөр яв гэж хашгирч байв…
Үргэлжлэл бий ...