m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.12 08:25
70
Иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай

Өвөрхангай аймаг 2015 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд байгаа юм. Өнгөрсөн оны сүүлчээр эрүүл мэндийн чиглэлээр иргэдийнхээ дунд судалгаа явуулахад хамгийн тулгамдаж буй асуудал нь эрүүл мэндийн үйлчилгээ гэсэн хариултууд зонхилжээ.

Мөн эрүүл мэндийн мэдлэг дутмаг байдгаас өвчлөл нэмэгдэж байгаа учир иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагтай байгаа аж.     

Өвөрхангай аймгийн иргэдийн дунд зүрх судасны өвчлөл, хоол боловсруулах эрхтний өвчин, осол гэмтэл зэрэг зонхилдог байна. Тиймээс хувь хүний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, бүх сумын  иргэдээ нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулжээ. Түүнчлэн эмч нарын ур чадвар, харилцаа хандлага, үйлчилгээний соёл, эмнэлгийн тоног төхөөрөмж  зэрэгт хөрөнгө зарахаар төлөвлөөд байна. Мөн нийтийн биеийн тамирын чиглэлийг дэмжихээр ажиллаж байгаа ба чийрэгжүүлэх танхимыг бий болгох, явган аялал, дугуйн аялал, морин аялал зэргийг дэмжих зорилготой байгаа юм.

Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд тус аймгийн Баруунбаян-Улаан суманд өнгөрсөн долоо хоногт уулзалт, семинар зохион байгуулж эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал, иргэдийн дундах зонхилж байгаа өвчлөл болон цаашид хэрхэн урьдчилан сэргийлэх талаар санал бодлоо солилцлоо. Тус сумын иргэдийн дунд хоол боловсруулах эрхтний өвчлөл, зүрх судасны өвчин зонхилж байгаа юм.  Мөн залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа тэмбүү өвчин  зонхилж байгаа аж. Тиймээс цаашид иргэдийнхээ эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулахаар болжээ.