Монгол Улсад дотоодын үйлдвэрлэл эрхлэгч олон аж ахуйн нэгж байдаг. Тэдгээрийн дунд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ худалдааны төвүүд болон дэлгүүрүүдээр тавиулж борлуулдаг аж ахуйн нэгж цөөнгүй бий. Эдгээр дэлгүүрийн нэг бол “Сувенир хаус” худалдааны төв юм.
Ингээд тус төвийн худалдааны зөвлөх Х.Бямбанямаас цөөн асуултад хариулт авлаа.
-Танайх үйл ажиллагаагаа явуулаад хэдэн жил болж байна вэ. Ажиллах хүчний хувьд хэчнээн хүн ажиллаж байгаа вэ?
-Дэлгүүрээ байгуулаад 10 орчим жил болж байна. Одоогоор 15 ажилтантай.
-Танай дэлгүүрт нийт хэчнээн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа вэ?
-Нэр төрлийн хувьд их олон байгаа. Жишээлбэл, ууж, гоёлын дан дээл, хүннү дээл болон босоо загвартай дээл байдаг. Дээрээс нь хүүхдийн хувцас, бэлэг дурсгалын зүйлээс авахуулаад зэс, мөнгөн аяга хүртэл байгаа.
-Сар шинийн баяр удахгүй болох гэж байна. Тэгвэл бараа бүтээгдэхүүний борлуулалт хэр байгаа вэ?
-Сар шинийн баяр болох гэж байгаа учраас эрэлт хэрэгцээ их байна. Үүнийгээ ч дагаад борлуулалт сайн байгаа. Ялангуяа монголчууд үндэснийхээ баяраар үндэснийхээ дээлээр гоёхыг чухалчилж үздэг учраас дээл худалдаж авах хүний тоо их байгаа.
-Танайд хувь хүмүүс бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг гэсэн. Нийт хэчнээн жижиг дунд үйлдвэрлэгчидтэй хамтарч ажилладаг вэ. Ямар бараа илүү худалдаалагддаг вэ?
-Манай дэлгүүрийн нийлүүлэгчдийн дийлэнх хувь нь хувь хүмүүс байдаг. Сүүлийн үед бид хүннү дээлийг түлхүү худалдаалж байна. Үнэ ханшийн хувьд ч боломжийн дундаж үнэтэй гэж бодож байна. Дээрээс нь жижиг, овор хэмжээ багатай бэлэг дурсгалын зүйлүүд их худалдаалагддаг. Тухайлбал, түлхүүрийн оосор, тоглоом гэх мэт.
-Харин өнөө жил ямар бараа гүйлгээ сайтай байна вэ?
-Жил жилийн онцлогоосоо шалтгаалаад тухайн жилд гүйлгээнд гарч буй барааны борлуулалт өөр өөр байдаг. Энэ жилийн хувьд хөргөгчний жижиг соронзон наалт, түлхүүрийн оосор, шатар их эрэлт хэрэгцээтэй байна.
-Цаашид ямар ажлуудыг хийж бүтээхээр зорьж байгаа вэ?
-Шинэ загвартай бүтээгдэхүүн гаргаж ирэхийг л зорьж байна.