m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.07 01:15
2665
Хөвсгөл далайн домог

Хөвсгөл далайн баруун талд байх хавтгай оройтой том уулыг Урандөш гэдэг. Харин далайн голд Модон хүй нэртэй жижиг уул бий. Эрт цагт Урандөш уул хаа холоос сүндэрлэсэн шовх сүрлэг оройтой мөнх цаст уул байжээ.Тэр үед Хөвсгөл далай гэж байсангүй түүний оронд зах хязгааргүй элсэн говь үргэлжилдэг байж.

Тэр говьд таргийн таван ямаа, таглаатай худаг хоёроос өөр юмгүй нэгэн эмгэн амьдардаг байсан юмсанж. Эмгэн нэг өдөр таван хар ямаагаа услаад худгаа таглахаа мартчихжээ. Гэтэл худгийн ус саваа халин цэнхэртэж улам улам нэмэгдэхэд  ядуу эмгэн яаран буцаж, ямаагаа уул тийш хөөн арай чамай амь гарч өндөрлөг газар гарваас худгийн ус оргиж улам ихэссээр хавийн уул хөндийг дүүргэн цалгиж байлаа. Эмгэн гэртээ ирээд үнэн учрыг өгүүлсэнд өвгөн нь дархныхаа багаж, хасуур хусуураа нийлэн хажуугийн Урандөш уулын оройг тайран авч тэртээ доорхи оргилон буй худгийн амыг чиглүүлэн шидсэнд яг онолдон ойчжээ. Урандөш уул ийнхүү хавтгай оройтой болсон учиртай. Гэвч худгийн ус таглааны завсраар шүүрэн өмнөх ус улам нэмэгдсэнд эмгэн шинээр буй болсон далайн усыг хажуу тийш сэтлэн урсгажээ. Тэр цагаас энд ус ургамал, уул мод нь тэгш үзэсгэлэнт нутаг бий болж шинэ тогтсон далайг Хөвсгөл, худгийн амыг тагласан Урандөш уулын оройг Модон хүй, эмгэний сэтлэн урсгасан голыг Эг хэмээн нэрийджээ.