Монгол түмний уламжлалт сар шинийн баяр удахгүй тохиож байна. Энэ удаагийн "Масс Зочин" буландаа ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн аман зохиол судлалын секторын эрдэм шинжилгээний тэргүүний ажилтан, хэл бичгийн ухааны доктор, профессор Б.Катуутай уулзаж ярилцлаа.
-Монголын уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж байна. Энэ баярыг монголчууд хэзээнээс тэмдэглэж эхэлсэн юм бэ. Сар шинийн баярын үүх түүхээс яриагаа эхэлье?
-Дэлхийн бүх угсаатан ястан бүр ирж буй шинэ оноо их бэлгэшээж, баяр хөөртэйгээр угтаж авдаг. Бид зэрлэг амьтдыг гэршүүлж эхэлсэн тэр цаг үеэс хоёр хэсэгт хуваагдсан. Ойн болон талын иргэд гэж хуваадаг болсон. Талын иргэд буюу бидний өвөг дээдэс шинэ оноо намрын сүүл сард тэмдэглэн өнгөрүүлдэг байсан. Ойн иргэд намрын сүүл сард тэмдэглэдэг байсан. Ан амьтдын тарга хүч авсан тэр үед агнаж, бүтэн жилийнхээ хоол хүнсийг бэлддэг. Олон амьтдыг агнаж цус их урсгадаг учраас улаан сар гэж тэмдэглэдэг болсон.
Их Монгол улсыг байгуулсан 1206 оноос эхлэн сар шинийг баярыг өвлийн эхэн сард тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Тэр үеэс эхлэн ойн болон талын иргэд цагаан сарыг өвлийн улиралд тэмдэглэдэг болжээ. Үүнээс хойш зурхайг зурж, хөтөлж эхэлсэн.
Тэр үеэс эхлэн ойн болон талын иргэд цагаан сарыг өвлийн улиралд тэмдэглэдэг болжээ
-Монголчууд бид Цагаан сарыг яагаад өргөн дэлгэр тэмдэглэх ёстой вэ. Үүний бэлгэшээлийг тайлбарлаж өгөхгүй юу?
-Цагаан сарын дөрвөн баяр давхцаж буй тохиол юм. Шинэ оныг хүлээж авч буй, хүн бүр нас нэмсний, хахир өвлийг давж хаврын урьтай золгосны, угсаатан, овог, аймаг бүр халуун ам бүлээрээ цуглаж сайн муугаа хэлэлцдэг баярууд тохиосон тэр үе юм шүү дээ. Сар шинийн баяраар идээ ундааныхаа дээжийг бэлдэж, хамгийн сайхан хувцас, хэрэглэлээ зүүж хэрэглэх ёстой.
Цагаан сарын баяр бол дөрвөн баяр давхцаж буй тохиол юм шүү дээ.
-Сар шинийн үеэр золгох ёсны тухай тайлбарлавал. Манай ард түмэн өөрсдийн гэсэн золгох мэндлэх ёстой шүү дээ?
-Сар шинийн баярын үеэр золгох тусдаа мэнд байдаг. Жишээлбэл, халх үндэстэн бол хамгийн ахмад хүнийхээ тохойг өргөж золгодог. Энэ бол настай хүнээ хүндэлж, эрхэмлэн дээдэлж буйн илрэл. Хөөрөг зөрүүлэн мэндэлдэг. Даага далантай, бяруу булчинтай, ботго бөхтэй, борлон хэрсэнтэй, төлгө сүүлтэй хаваржиж байна уу хэмээн золгоно. Үүний цаад утга бол таван төл мал хахир өвлийг давсан байхад бусад малыг асуух шаардлагагүй гэсэн үг. Энэ үг хэллэгийг зөвхөн цагаан сарын баярын өдрүүдэд л хэлэх ёстой.
-Айл гэрийн эхнэр, нөхөр хүмүүс хоорондоо золгодоггүй. Үүний учир юу вэ?
-Эхнэр, нөхөр хоёрыг нэг хүн гэж үздэг. Нэг хүний хоёр тал гэж үздэг учраас хоорондоо золгохыг цээрлэдэг. Гэхдээ бас золгож болох ёс байдаг. Энэ хоёр хүн үе мултарсан бол золгож болдог. Зуухандаа гал түлэн, дөлөн дээр нь золгодог. Настай хүн нь хойд талдаа гарах ёстой. Энэ бол насыг нь хүндлэн хойноо гаргаж байна гэсэн үг. Зүй бус үйлдэл хийж байгаа учраас галаар ариулдаг учиртай.
Эхнэр, нөхөр хоёр үе мултарсан бол хоорондоо золгож болдог.
-Хүрэлцэн ирсэн зочин бүртээ цагаан идээг юуны түрүүнд амсуулдаг. Үүний учир шалтгаан нь юунд оршиж байна?
-Золгохоор ирсэн хүн бүрт заавал цагаан идээ амсуулах ёстой. Сүү, тараг, айраг байж болно. Үүний бэлгэшээл нь сүү шиг ариун цагаан сэтгэлтэй, бялхаж дэлгэрч явахын ерөөлийг бодон цагаан идээг зочидод барьдаг. Мөн тухайн айлын барьж буй идээ бүхэн энэ сүү шигээ ариун юм шүү гэсэн утгыг давхар агуулдаг.
Мөн тухайн айлын барьж буй идээ бүхэн энэ сүү шигээ ариун юм шүү гэсэн утгыг давхар агуулдаг.
-Согтууруулах ундааг энэ баярын үеэр хэрэглэх нь зөв үү?
-Цагаан сарын баярын үеэр идээний дээжийг зөвхөн хүндэтгэл, ёслолын үүргээр хэрэглэдэг. Яагаад гэвэл сархад гэдэг идээ чинь таван идээний нийлбэр гэж хэлж болно. Түүнээс биш ухаан алдтал ууж идэх гэсэн ойлголт байдаггүй. Шинэ хуучиртал хүний амнаас билэггүй, ерөөлгүй муу үгийг хэлэхийг цээрлэдэг.
Шинэ хуучиртал хүний амнаас билэггүй, ерөөлгүй муу үгийг хэлэхийг цээрлэдэг.
-Битүүний өдөр үйлдэх зан үйлийг талаар ярихгүй юу. Энэ өдрийн ёс уламжлал нь юу вэ?
- Битүүний өдөр хот хороо, гэр орноо цэвэрлэж цэвэр, саруул байлгах хэрэгтэй. Битүүний өдөр хот айлынхаа хамгийн настай айлд идээ, ундааныхаа дээжийг авч орох ёстой. Битүүний өдөр халуун ам бүлээрээ цуглаж өнгөрсөн жилдээ сайн үйл бүтээж амжилт гаргасан хүмүүсээ магтаж баярлан мөн хар муу үйл хийж, нэр төр гутаасан хүнийг шүүн хэлэлцэж анхааруулдаг. Үхрийн эсвэл хонины дунд чөмгийг хувааж хүртдэг. Үүний дараа хамгийн ахмад настай хүн "битүүнийг нээе" гэж гурван удаа хэлснээр чөмгийг хугалах ёстой. Мөн битүүний өдөр хамаатан садан, гэр бүл дотроо маргалдаж муудсан хүмүүс уулзаж сэтгэлээ цайлгадаг. Ингээд битүүнд хамаг муу бүхнээ үлдээн, шинэ оноо угтаж авах ёстой.
-Битүүний үдэш цагаан өвгөн дэлхийг тойрдог гэж үзэн айл бүр тотгондоо мөс тавьдаг уламжлал байдаг шүү дээ?
-Дэлхийн цагаан өвгөн битүүний үдэш орчлон хорвоог тойрч айл бүрийг харж явдаг. Мөн шулам бас дагаж явдаг. Хаалганы баруун тотгон дээр мөс тавиад, зүүн талд нь өргөстэй мод тавьдаг. Цагаан өвгөний морь ундаасч явдаг учраас мөс тавих ёстой. Шулам бол өргөстэй харганыг хараад айж зугтаадаг. Нэг ёсонд хар муу хорлолыг зайлуулахын тулд үйлдэж буй ёс юм.
-Сар шинийн баярын нэг томоохон үйл бол нар харах ёслол шүү дээ. Уг ёслолыг хэрхэн үйлдэх ёстой вэ?
-Шинийн нэгний өглөө гэрийн эзэн идээ ундааныхаа дээж, эдийн дээд хадаг яндрыг барин үр хүүхдээ дагуулан овоо, ууланд гарч нар харах ёслолыг үйлдэх ёстой. Уг ёслолд дал, дөрвөн өндрийг зориулэн бэлдэж шатааж, идээ ундааныхаа дээжийг өргөж тухайн овоогоо нар зөв гурван удаа тойрох ёстой. Алтайн нурууг 13 оргилтой гэж үздэг учраас 13 овоо босгож мөргөх ёстой юм. Мөн тухайн жилдээ урлаж хийсэн шинэ хувцасны давууны өөдсөөс авч гардаг. Түүнийгээ наран ургах зүгт тусгай модонд өргөж залбирдаг. Тухайн овоон дээр гарсан хүмүүс нарандаа мөргөснийхөө дараа ахмад настай хүнээ овооны хойморт суулган бүгд хоорондоо золгодог.
Алтайн нурууг 13 оргилтой гэж үздэг учраас 13 овоо босгож мөргөх ёстой юм.
-Шинийн нэгний өглөө наранд золгож мөргөдөг. Бас саранд мөргөдөг ёслол байдаг шүү дээ?
-Энэ хорвоо ертөнцийг нар, сар хоёр гийгүүлж байгаа. Тийм учраас хоёуланг нь хүлээж авах ёстой. Саранд мөргөхдөө шинийн гуравны дотор багтаж нутаг усныхаа хамгийн том уул овоонд гарч золгон хишиг буянаа гуйдаг. Мөн адил идээ ундааны дээж бэлдэж гарч өргөдөг.
Энэ хорвоо ертөнцийг нар, сар хоёр гийгүүлж байгаа
-Сар шинийн баярын өдрүүдэд ямар тоглоом наадгайгаар тоглох ёстой вэ?
-Сар шинийн өдрүүдэд монгол ардын үндэсний тоглоом наадгайгаар тоглох ёстой. Шагайн төрөл бүрийн наадгай, нум сум харвах сүүлд хорол тоглоом үүссэн.
-Таваг ширээ засах ёсны тухай хоёулаа ярилцая. Ул боовыг хэн хэдэн үеэр засах вэ, ууц тавих ёс хэзээнээс бий болов?
-Жаргал зовлон жаргал гэж дуусдаг учраас ул боовыг заавал сондгой тоогоор өрөх ёстой. Хамгийн ахмад хүн дээд тал нь есөн үеэр өрж болно. Бусад хүмүүс түүнээс доош үеэр л өрнө. Дээр үед ууц тавих ёс байхгүй байсан. Өндөр гэгээн Занабазарын үеэс л хойш л ууц тавьдаг ёс бий болсон гэж үздэг. Хуучин бол малын чөмгөн махыг л тавьдаг байсан. Үүнээс гадна цацлын мах гэж тусдаа байсан.
Өндөр гэгээн Занабазарын үеэс л хойш л ууц тавьдаг ёс бий болсон гэж үздэг.
Тэр баярын өдрүүдэд хэрэглэх идээ ундааг эртнээс бэлддэг уламжлалтай. Ялангуяа сархдыг намрын цагт бэлтгээд дарж, сар шинийн үеэр хэрэглэдэг байсан. Ууц, өвчүүг бол идэшний цагаар бэлддэг. Мал тарга тэвээрэг гүйцэд авсан тэр үед бүх зүйлээ базааж бэлддэг байсан.
-Сүүлийн үед еэвэнг тавих ёсгүй гэх яриа дэлгэрээд байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Тавган дээр зөвхөн цагаан идээ л тавьдаг байсан. Тэр еэвэн гэдэг юмыг огт тавьдаггүй. Бүр ул боов биш мушгиа боов болон цагаан идээгээр тавгаа засдаг уламжлалтай. Одоо л чихэр жимс нь элбэг болохоор ингэж засдаг болчихоод байна.
Бүр ул боов биш мушгиа боов болон цагаан идээгээр тавгаа засдаг уламжлалтай.
-Хүн болгон хадаг барьж золгох боллоо. Энэ хадаг гэдэг эдийг ямар насны хүмүүс барьж золговол зүйтэй вэ?
-Хадаг бол эд эдийн дээж. Бага насны хүүхдээр хадаг бариулж золгуулах хэрэггүй биз. Нас биенд хүрсэн хүмүүс хадаг барьж золгоход болно. Хамгийн гол нь хадаг барьж золгох уламжлалыг сайн мэддэг байх хэрэгтэй.
Сар шинийн үүх түүх, ёс заншлын талаар ярилцсан таньд баярлалаа.