Чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал агуулга, хууль зүйн техникийг баримтлан Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд албан ёсны санал авахаар 181 байгууллага, судлаачдад хандсанаас давхардсан тоогоор 125 байгууллагаас 1800 орчим санал ирснийг хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн тусгажээ.
Ингээд Зөрчлийн тухай хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 95,7 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.