m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.17 08:52
560
Машин ачилт ба маргааш, нөгөөдөр ийм байх уу

Нийслэлийн авто замын хөдөлгөөн хэрээс хэтэрч, түжрэлгүй зам гэж бараг үгүй болсон. Сар шинэ ойртсон энэ өдрүүдэд зам там болж байгааг олон нийт хэлж байна. Олны таашаалд нийцдэггүй машин ачилт энэ цаг үед ямар байгаа, иргэд, жолооч нар ямар байг суурьтай байгааг МАСС-СУРВАЛЖЛАГА-даа онцоллоо.

А.Мөнхбаяр: Дүрэм зөрчсөн жолоочид заавал утасдаж мэдэгдэх албагүй

Манай хамт олны эхэлж очсон газар бол Замын хөдөлгөөний удирдлагын төв. Тээврийн хэрэгслийн ачилт, зөөж шилжүүлэх ажиллагааг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан зохион байгуулдаг. Ачилтын үйлчилгээ мөн хувийн хэвшлийн компаниуд ч явуулж байна. Дугуй түгжилт, ачилтын асуудал цааш үргэлжилсээр байх уу, үүнээс гарах ямар арга зам байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Олон нийттэй харилцах ажилтан А.Мөнхбаяраас тодрууллаа.

-Дугуй түгжилт хийснээр замын ачааллыг хэр бууруулах үр дүнтэй арга гэж үзэж байна вэ?

-Гол гол ачаалалтай зам дээр ачилт хийгээд бусад замуудын хувьд түгжилтийн аргыг хэрэглэж байна. Дугуй түгжсэнээр иргэдээс ирэх гомдол багассан. Яагаад гэвэл тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн хураамж өндөр, хаанаас авахаа мэдэхгүй байна гэх гомдол ирдэг учраас дугуй түгжиж эхэлсэн. Дугуй түгжих нь жолоочийн ухамсарт нөлөөлдөг.

Он гарсаар 1619 тээврийн хэрэгслийн дугуйг түгжсэн

-Он гарсаар хичнээн тээврийн хэрэгслийн дугуйг түгжээд байна вэ?

-Он гарсаар 1619 тээврийн хэрэгслийн дугуйг түгжсэн.

-Дугуй түгжилт хийснээр замын ачаалал буурахгүй, буруу арга хэрэглэсэн гэх гомдол гарсаар байна?

-Дугуй түгжилтийг буруу арга байна гэх мэт гомдол санал гаргадаг. Энэ дугуй түгжилт бол бусад орнуудын авч хэрэгжүүлж буй үр дүнтэй аргуудын нэг юм.

-Цаашид дугуй түгжилт, ачилтын асуудал энэ хэвээрээ үргэлжлэх үү. Үүнээс гарах ямар арга замыг эрэлхийлж байна вэ?

-Энэ түгжрэлээс гарах арга зам бол жолооч нар зогсоолтой газар тээврийн хэрэгслээ байрлуулах шаардлагатай байна. Ингэснээр дугуй түгжилт, ачилтын асуудал цаг хугацааны явцад алга болох зүйл.

-Улаанбаатар хотод байгаа тээврийн хэрэгслийн зогсоол, талбай хангалттай гэж үзэж байна уу?

-Бүх албан байгууллагууд зогсоолын асуудлыг шийдэх хэрэгтэй. Гэтэл зарим газрууд зогсоолгүй. Жолооч нартаа хандаж хэлэхэд зогсоолгүй газарт биш тухайн газраас холгүй орших зогсоол талбайг ашиглаж байгаасай гэж хэлмээр байна. Ингэснээр замын ачаалал тодорхой хэмжээнд буурч чадна.

-Замын хөдөлгөөний удирдлагын төв хичнээн ачигч машинтай вэ?

-Өнөөдрийн байдлаар 12 тээврийн хэрэгсэл зөөж, шилжүүлэх үйлчилгээг гүйцэтгэж байна. Бүтэн ачигч хоёр, үлдсэн нь өргөж ачих үйлчилгээ үзүүлдэг.

-Хувийн компаниуд ачилтын үйлчилгээг үзүүлж байна. Энэ компаниуд хаанаас зөвшөөрлөө авдаг вэ?

-Тухайн тээврийн зөөж шилжүүлэх үйл ажиллагааг явуулах гэж байгаа бол Замын цагдаагийн газрын Лицензийн төвөөс зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг.

-Хэдэн хувийн компани ачилтын үйл ажиллагааг явуулж байна?

-Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гадна 12 хувийн хэвшил тээврийн хэрэгслийн ачилт, зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг явуулж байна.

-Иргэдээс ачилтын холбогдолтой янз бүрийн гомдол мэдээллүүд ирдэг гэлээ. Уг асуудлыг шийдвэрлэх тал дээр ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

-Иргэдээс журмын хашаа хол байна, хаашаа ачсан нь мэдэгдэхгүй юм гэх зэрэг гомдлууд түлхүү ирдэг. Манай төвөөс тухайн тээврийн хэрэгслийн салхины шилэн дээр жолоочийн холбогдох утасны дугаар байвал мессеж явуулж байгаа. Аль журмын хашаа руу очсон, хэдэн төгрөгийн үйлчилгээ хураамжийг ямар дансанд тушаах зэрэг бүх мэдээллийг илгээж байгаа. Энэ ажилд хувийн долоон компани хамтраад ажиллаж байгаа.

Дүрэм зөрчиж тээврийн хэрэгслээ байршуулсан жолоочид зарлан дуудаж, мэдээллэх, сануулах зохицуулалт байдаггүй

-Жолооч нараас "Утсаар хэлсэнгүй шууд ачаад явсан байна" гэх гомдлууд ирдэг шүү дээ. Зарлан мэдээллэж хэлэх зохицуулалт байдаг уу?

-Захиргааны хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дүрмэнд дүрэм зөрчиж тээврийн хэрэгслээ байршуулсан жолоочид зарлан дуудаж, мэдээллэх, сануулах зохицуулалт байдаггүй. Учир нь уулзвар эхлэхийн өмнө зогсох хориотой тэмдэг, тэмдэглэгээ байдаг.

Улаанбаатар хотын төлөвлөт 500 мянган хүн амтай байна гэсэн тооцоогоор бүтээн байгуулалт хийгдсэн. Гэтэл энэ тоо сая гараад явж байна. Бүх албан байгууллага, барилгууд өөрсдийн гэсэн зогсоолтой газар нь хэр билээ. Орон сууцны хувьд гэхэд л гаднаа бараг зогсоолгүй болсон. Гараашны хувьд бараг байртай нь дүйцэхүйц үнэтэй байдаг учраас хүн зөрөх зайгүй болтол гаднаа автомашина тавиад л явж байна. Бодоод үзэхэд нийслэл хотод томоохон автомашины зогсоол байдаг билүү. Хэрвээ нөгөө нэг ачилт хийгддэг газруудын ойролцоо хэд хэдэн автомашины зогсоол баривал энэ асуудал нэг тийш болох юм шиг. Томоохон зогсоол барьчихвал хэн ч нэгдүгээр эгнээд машинаа байрлуулаад эдийн засаг болоод, цаг хугацаагаар хохирохыг хүсэхгүй зогсоолдоо л байрлуулаад яваад байх болов уу.

Машин ачиж, дугуй түгждэг нь зөв, буруу

Төрийн албаны ажилтан ийм мэдээлэл өглөө. Харин иргэд, жолооч нар ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Жолооч Н.Бүргэдэй: Баяр,ёслолоор машинтай гарах хэрэггүй байдаг

-Нийслэлийн хэмжээнд машины зогсоол хүрэлцээгүйгээс жолооч нар машинаа нэгдүгээр эгнээд тавиад ачуулдаг. Та машинаа ачуулж байсан уу?

-Нэгдүгээр эгнээд тавьж байгаад ачуулж байсан. Зогсоол хайж явсаар 2-3 цаг болох үе ч байдаг. Баяр,ёслолоор машинтай гарах хэрэггүй байдаг юм.

-Машиныг чинь ачсаны дараа утасдаж мэдэгсэн үү?

-Мэдэгдээгүй. Эзэн нь гараад ирнэ гэж айдаг юмуу өөрсдийнхөө орлогыг бодоод хурдан ачаад явдаг.

-Тэгвэл дугуй түгждэг үйлчилгээг хэрхэн хүлээж авдаг вэ?  

-Дугуй түгжихийг буруу гэж боддог. Улам л түгжрэл үүснэ.

 

Иргэн: Г.Лхагвасүрэн:Зөрчил гаргаж байгаа жолооч нарт хариуцлага тооцох хэрэгтэй

 

-Нэгдүгээр эгнээд тавьсан машиныг ачаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ үйлчилгээг зөв гэж боддог уу?   

-Зөв гэж боддог. Мөн автобусны буудал дээр машинаа тавихаар эрхийг нь хасдаг. Үүнийг ч бас дэмждэг. Автобусны буудал уу, машины зогсоол уу гэдэг нь ялгагдахгүй байна. Тиймээс зөрчил гаргаж байгаа жолооч нарт хариуцлага тооцох хэрэгтэй.

-Та машинаа ачуулж байсан уу?

-Ачуулж байгаагүй. Дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцдог.

-Машины дугуй түгжигчийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Дугуй түгжих нь ч бас зөв. Гэхдээ дугуй түгждэг байгууллага нь бизнесийн чанартай болж байгаа нь анзаарагддаг. Дугуй түгжчихчээд холбогдох утасны дугаараа зарим нь үлдээдэггүй. Энэ нь жолооч нарыг чирэгдүүлж, ажил уддаг. 

-Тэгвэл машин ачилтын үйлчилгээг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний ачаалал буурсан болов уу?

-Замын хөдөлгөөнд өдөрт олон мянган машин оролцож байгаа болохоор одоогоор ачаалал буурсан нь мэдэгдэхгүй л байна.

Иргэн: С.Эрдэнэбат: Жолооч нар хэнэггүй зангаасаа болж дугуйгаа түгжүүлдэг

- Та машинаа ачуулж байсан уу?

- Ачуулж байгаагүй.

- Тэгвэл машин ачихыг дэмждэг үү. Иргэдийн зүгээс зогсоолоо шийдээгүй байж арай эрт  машин ачилтын үйлчилгээг нэвтрүүллээ хэмээн шүүмжилдэг?

-Санал нэг байна. Зогсоол байхгүй учир машинаа нэгдүгээр эгнээнд тавихаас өөр аргагүй болдог .

- Машины дугуй түгжигчийг нэвтрүүлсэн нь хэр шийдвэр вэ?

-Машины дугуй түгждэг үйлчилгээг зөв гэж боддог. Жолооч нар хэнэггүй зангаасаа болж дугуйгаа түгжүүлдэг. Магадгүй ойр хавьд машинаа тавиад 20,30 метр газар яагаад алхаж болохгүй гэж.  

Жолооч Б.Оюун: Машин ачилтын төлбөр өндөр байна

-Та машнаа ачуулж байсан уу. Ачуулж байсан бол  машиныг тань  ачихдаа утсаар мэдэгдсэн үү?

-Мэдэгдэж байгаагүй ээ. 6-7 минут машинаа тавьчихаад л гараад ирэхэд ачаад явсан байдаг.

-Зогсоолын асуудлаа шийдээгүй байж машин ачих үйлчилгээг нэвтрүүлсэн хэмээн шүүмжлэх иргэд цөөнгүй. Та үүнтэй санал нийлэх үү?

- Санал нийлнэ. Нийслэлийн хэмжээнд зогсоолын асуудлыг шийдээгүй байж машин ачих шаардлагагүй юм. Мөн машин ачилтын төлбөр өндөр. Би 70 мянган төгрөг төлж машинаа авч байсан юм. Ядаж 20,30 мянган төгрөг байх хэрэгтэй.

Жолооч Ч. Баасандорж:  Түгжүүлж үзээгүй, ачуулж байсан

-Замын нэгдүгээр эгнээд машинаа тавихаар машин ачдаг. Та энэ үйлчилгээг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Шүүмжлэлтэй ханддаг. Зогсоол үнэндээ байхгүй учир хэдхэн минут машинаа тавихаас өөр аргагүй болдог. 

-Машинаа ачуулж байсан уу?

-Хоёр удаа ачуулж байсан.

-Утсаар мэдэгсэн үү?

-Үгүй ээ. Уг нь миний утас машины цонхон дээр бичээстэй байдаг. Гэтэл тэр чигээр нь ачаад явдаг.

-Тэгвэл та машиныхаа дугуйг түгжүүлж байв уу?

-Түгжүүлж үзээгүй. Ачуулж байсан. 

 

Гомдол дагуулсан машин ачилт ба бодит байдал

Нийслэл хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд түр болон удаан хугацаагаар зогссон автомашиныг ачдаг болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хэрэгжүүлж буй энэ ажил ард иргэдийн талархлыг хүлээхээсээ уур ундууцлыг хүргэдэг нь нууц биш. “Цэвэрхэн хулгай”, “Төвөггүй бизнес”, “Ядарсан иргэдээ шулах боловсон арга”, “Машиныг өнгө үзэмж, загвар, дугаараар нь ялгаварлан ачиж байна” гэх мэтийн гомдол тасрахаа больсон.

Харин бодит байдал дээр ямар байдаг юм бол?

Машинаа зориулалтын зогсоол дээр тавихгүй зам бөглөж, бусдын ажилд саад бэрхшээл учруулдаг иргэд үү, эсвэл тааралдсан машин болгоноо хуу хамж, бусдын эд зүйлсэд гэмтэл учруулан, ядарсан ард түмнийхээ даржин төсөвт хүндрэл учруулж буй ачилтын компаниуд уу?

 Үүний хариултыг олохоор MASS.mn сайтын хамт олон ачилтын компаниудын нэг өдрийн ажлыг сурвалжилсан юм.  

Бид эхлээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших Гурвалжингийн гүүрний баруун урд байрладаг “Хөсөг трейд” ХХК-ийн журмын хашааг зорьсон. Тэндхийн ажилчид эхэндээ зураг авахуулах, ярилцлага өгөхөөс цааргалж байлаа. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй мэдээллүүд дандаа өөрсдийг нь илт буруутгасан, олон нийтэд буруу ташаа ойлголт өгсөн байдаг ажээ. Машинаа ачуулж мөнгө төгрөг, цаг зав, сэтгэл санааны хохирол амссан улс яаж ч сайхан сэтгэгдэлтэй үлдэхэв дээ. Уг хашааг эзэмшигч “Хөсөг трейд” компани Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй гэрээтэй ажилладаг бөгөөд ажилчид нь тогтмол цалинтай аж.

“Биднийг ачсан машиныхаа тоогоор урамшуулал авдаг. Тийм ч учраас хүний машиныг уралдаад ачдаг хэмээн ярилцдаг нь ор үндэсгүй худал яриа. Танай сайт энэ тухай үнэн зөвөөр нь мэдээлж ард иргэдэд бодитой ойлголт өгнө гэдэгт найдаж байна” тэндхийн ажилчид өгүүлж байв.

Гэхдээ машинаа чөлөөлж авахаар тус хашааг зорин ирсэн хүмүүс өөр бодолтой байсан юм. “Эмийн сан орох хэрэг гараад ойр орчимд нь зогсоол байхгүй болохоор машинаа нэгдүгээр эгнээнд тавьчихаад таван минутын дараа гараад ирэхэд ачаад явчих юм”, “Зайлшгүй шалтгааны улмаас машинаа нэгдүгээр эгнээнд байрлуулсан юм. Намайг машинаа тавихад урд нэг Lexus 570, хойно BMW маркийн автомашинууд байсан. Гараад иртэл миний Prius-ыг ачаад явчихсан, надаас ч өмнө байсан нөгөөх машинууд байрандаа л байж байх нь тэр” хэмээн тэдгээр иргэд ихээхэн гомдолтой байгаагаа нуусангүй. Машинаа журмын хашаанаас гаргаж авахын тулд нийтдээ 60 мянган төгрөг тушаах ёстой аж. ЦЕГ-ын даргын 2014 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 728 дугаар тоот тушаалын дагуу ийм жишиг тогтоожээ. Үүний таван мянга нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний торгууль, үлдсэн 55 мянга нь машиныг ачихад зарцуулсан бодит зардал гэнэ.

Тус дүүрэгт гурван ч журмын хашаа байдаг бөгөөд манай сурвалжлах багийнхан дараа нь UB Palace-ийн чанх хойно байрлах “Хас хишигтэн” ХХК-ийн журмын хашааны үйл ажиллагаатай танилцсан юм. Журмын хашааны диспетчер Б-гээс зарим зүйлсийг тодруулсан юм.

-Танайх өдөрт ойролцоогоор хичнээн машин ачдаг вэ?

Юуг нь нуух вэ. 500 мянган төгрөгийн цалин авдаг.

-Анхандаа өдөрт 60 орчим машин журамладаг байсан. Одоо бол өдөрт дээд тал нь 30 машин ирж байгаа. Хүмүүс ч нэг үеэ бодвол дүрэм журмаа овоо баримталдаг болж.

-Ажилчид тань ачсан машиныхаа тооноос хамаарч цалинждаг уу?

-Үгүй ээ, манай ажилчид тогтмол цалинтай. Хүмүүсийн дунд тиймэрхүү буруу ойлголт яваад байдаг юм билээ.

-Нууц биш бол хэдэн төгрөгийн цалинтай вэ?

-Юуг нь нуух вэ. 500 мянган төгрөгийн цалин авдаг.

-Иргэд “Машинаа тавиад таван минут ч өнгөрөөгүй байхад ачаад явчихдаг. Утасныхаа дугаарыг тавьчихаад байхад залгах нь байтугай мессеж ч үлдээггүй, юуны түрүүнд авч явахаа л боддог” хэмээн гомдоллодог?

 Харин машин дээрээ дугаараа харагдахуйц газар тавьсан бол түүнийг Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү явуулж, эргүүлээд танд тусгай дугаараас мессеж илгээнэ.

-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн л бол зөрчсөн шүү дээ. Энэ тохиолдолд цаг хугацаа чухал биш. Өөрөөр хэлбэл нэг минут болсон, хэдэн цаг болсон ямар ч ялгаагүй гэсэн үг. Харин машин дээрээ дугаараа харагдахуйц газар тавьсан бол түүнийг Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү явуулж, эргүүлээд танд тусгай дугаараас мессеж илгээнэ.

-Хэрвээ машин ачиж байгаад гэмтэл учруулсан тохиолдолд танай компани хариуцлагыг хүлээх үү?

-Мэдээж хүний машинд гэмтэл учруулсан тохиолдолд бид хариуцлагыг нь хүлээж, засварын мөнгийг гаргаж өгөх үүрэгтэй. Бид эхлээд ачих машиндаа сэв байгаа эсэхийг тогтоож, зургийг нь авч, бичлэг хийдэг журамтай.

Том, жижиг үнэтэй машин гэлгүй бүгдийг нь 5-10 минутад ачдаг.

-Ачихдаа ялгавартай хандаж, үнэтэй том машиныг бус ихэнхдээ дундаж болон түүнээс доош үнэтэйг нь ачиж байна гэх юм?

-Ялгавартайгаар ачсан зүйл огт үгүй. Хэрэв нэгдүгээр эгнээнд зогссон, харгалзах хүн дотор нь байхгүй бол том, жижиг үнэтэй машин гэлгүй бүгдийг нь 5-10 минутад ачдаг.

Машин ачилтын эргэн тойронд ийм яриа, үйл явдал өрнөлөө. Сурвалжлах явцдаа жолооч нарын ухармсар дээшилж нэгдүгээр эгнээнд машинаа тавихгүй болсныг дууллаа. Гэхдээ л ямар ч зогсоолгүй үед жолооч яах ёстой вэ гэдэг асуултад хариу олж чадсангүй. Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхний мэдээлж буйгаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж өөрсдөө зогсоол хийх ёстой гэнэ. Тэдний ухамрсарлаж, ажлаа хийхгүй бол нийслэл зогсоолгүй хэвээр л байх бололтой юм. Тиймээс аль болох аюулгүй газар л машинаа орхих л арга зам жолооч, иргэдэд байна.

 

MASS.MN САЙТЫН ХАМТ ОЛОН