Монголын хуульчдын холбооны тэргүүн Д.Батсүх өчигдөр Хууль зүйн яамны зарим алба хаагчдад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээг нь гардууллаа. Нийт 26 алба хаагч хуульчийн гэрчилгээгээ авсан юм. Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу 2014 онд орон даяар явуулсан хуульчийн сонгон шалгаруулалтад улсын хэмжээнд 395 хүн тэнцсэн байна.
Монголын хуульчдын холбоо шинээр шалгалт өгч тэнцсэн хуульчид болон хуучин бүртгэлтэй байсан нийт хуульчиддаа үүргийн зөрчилгүй бол хуульчийн гэрчилгээг нь олгох ажлыг он гарсаар нэгдсэн журмаар зохион байгуулж байгаа юм байна. Ингэхдээ хуульчийн гэрчилгээг Монгол англи хэл дээр хэвлэн зориулалтын хавтастай болгож, уйгаржин монгол бичгээр мөн бичвэрийг нь буулгажээ.