Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх,тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг Улсын онцгой комиссын гишүүн, БОНХАЖ-ын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга нар, Батлан хамгаалахын сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Улсын онцгой комиссын дэд дарга, ОБЕГ-ын даргад тус тус албан даалгавар хүргүүлсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 18 аймгийн 101 суманд 281 удаагийн ой, хээрийн түймэр гарч 18.275 га ой, 3.0 сая га хээр, нийт 3.1 сая га талбай шатсан байна. Түймрийн улмаас гурван хүн нас барж, 12 хүн түлэгдэж 54 айлын гэр, байшин, 25 өвөлжөө, хашаа, 7538 толгой мал, 7 автомашин шатаж, ард иргэд, аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөнд 635.9 сая төгрөг, байгаль, экологид 10.1 тэрбум төгрөг буюу нийт 11.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 175.2 сая төгрөгийн зардал гарчээ.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхээр хуурайшилтын улиралд хариуцсан яам, агентлагууд ой, хээриийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт, шалгалт, сэрэмжлүүлэг, ухуулга сурталчилгааны ажлыг хангалтгүй явуулж байгаагийн улмаас ой, хээрийн түймрийн гаралт, давтамж, нэмэгдэж улмаар хүний амь нас эрсдэх, байгаль, экологи болон иргэдийн өмч хөрөнгөнд учрах хохирлын хэмжээ өссөөр байгааг Шадар сайд албан даалгаварт анхааруулсан байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас Монгол орны нийт бүс нутгаар 2014-2015 оны өвлийн улиралд хур тундас харьцангуй багатай, Мөн энэ оны I, II улиралд олон жилийн дунджаас хур тундас бага, хуурайшилт идэвхитэй явагдах цаг агаарын урьдчилсан мэдээ гарсантай холбогдуулан энэ онд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, ажлын чанар үр дүнг дээшлүүлэх зорилгоор өөрсдийн эрхлэх чиглэлийнх нь дагуу онцгой комиссын гишүүдэд албан даалгаврыг хүргүүлжээ.