m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.20 15:59
79
Өсвөр насан дахь буруу бодол

1. Бусад хүүхдүүд надаас илүү!
Охин/хүү чинь өөрийгөө эргэн тойрон дахь бүх хүмүүстэй харьцуулж хараад байгаа юм биш биз? Тэр тусмаа найзууд, үеийнхнийхээ амьдралын хэв маяг, багахан амжилт зэрэгт нь хэтэрхий их ач холбогдол өгч өөрийгөө дутуу үнэлээд яваад байгаа бол энэ чинь тун буруу бодол шүү! Хэрвээ ийм мэдрэмж төрж байгаа бол бусдаас өөр, давтагдашгүй нэгэн гэдгийг нь ойлгуулаарай. Өөрөө өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг харахгүй өөрийгөө хэн нэгний сүүдэр болгож амьдарч болохгүй гэдгийг нь ойлгуулж, байгаагаар нь магтаж, урамшуулаарай.

2. Бүх зүйл миний эсрэг байна! 
“Чи л өөрөө өөрийнхөө эсрэг байгаад байна шүү дээ! Юу гээч, амьдралд чиний эсрэг байдаг нэг л дайсан бий. Тэр бол чи өөрөө. Ээж, аав, багш эсвэл найз нөхөд чинь ч биш. Чи л өөрөө хүмүүст амласан амлалтандаа хүрэхгүй бол, чи л өөрөө өөрийнхөө төлөө амьдрахгүй бол, чи л өөрөө өөрийгөө хайрлахгүй бол бүх зүйл чиний өөдөөс сөрж босдог юм. Гэхдээ энэ бол тийм ч буруу биш. Хэрвээ ширүүн салхи сарнайг хийсгэх шахан шуурдаггүй байсан бол хэзээ ч тэр сарнай өөрөө өөрийгөө хөрсөндөө бөхлөж, улам дээшээ ургаж чадахгүй байх байсан.” гэж түүндээ хэлээрэй.

3. Хэн ч намайг ойлгодоггүй! 
“Харин ч хүмүүс чамайг маш сайн ойлгодог. Өсвөр насны зовлонг хэн хүнгүй л даваад гардаг. Бүх хүмүүс чамайг ойлгодог учраас л хуулийн хариуцлага хүлээлгэдэггүй, гэр бүлээ тэжээ гэдэггүй, өөрөө өөрийгөө болго гээд орхидоггүй юм шүү дээ. Чамайг үнэгүй сургаж, хооллож, өсгөж, уучилж бас хүссэн бүхнийг чинь хүлээн зөвшөөрдөг. Бид чамайг ойлгохгүй байгаа юм биш чамайг хайрлаж, хамгаалах арга маань л чамд таалагдахгүй байх шиг байна. Хэрвээ чи үнэхээр л өөрийгөө ойлгуулмаар байгаа бол бидэнд туслаад ярилцаж болно шүү дээ!” гэвэл яаж байна?

4. Би хангалттай том болсон! 
Мэдээж охин/хүү чинь өсч том болсон. Гэхдээ энэ бол насанд хүрсэн гэсэн үг биш гэдгийг чи мэдэж байгаа. Магадгүй тэр бие даасан нэгэн учраас үеийн хүүхдүүдээсээ огт өөр буюу илүү байж болох ч гэлээ алхан орох гэж байгаа нийгэмд насанд хүрсэн хүн заавал иргэний үнэмлэхтэй мөн 18 нас, 21 нас хүрсэн байх ёстой гэдгийг зүгээр л хэлээд өгчих. Тэгвэл энэ бодлоо бага зэрэг дарж цаг хугацаа өнгөрөхийг хүлээх хэрэгтэй гэдгээ тэр ойлгоно. Цаг хугацаа л түүнийг амьдралд сургаж, насанд хүрсэн хүний дайд аваачиж чадна, тийм үү?

5. Би бүгдийг чаддаг болмоор байна! 
Хэрвээ охин/хүү чинь ингэж бодож байвал нэг талаас маш сайн хэрэг. Гэхдээ түүнд амжилттай хүмүүсийн намтар зохиолыг уншуулах юм уу “Дэлхий дээрх гайхамшигтай суутнууд олон зүйл хийж чаддаг учраас мундаг болсон хэрэг биш. Тэдний зарчим бол өөрийнхөө дуртай зүйлийг олоод түүнийгээ сайн хийдэг болох л байсан юм. Гэхдээ тэд ганцхан зүйлд амь амьдралаа зориулсан гэвэл худлаа. Гол чадварт нь хэрэг болох нэмэлт зүйл сурах хэрэгтэй гэдгийг тэд маш сайн ойлгож байсан.” гэж хэлээрэй, ухаалаг ээж минь!

6. Би мэдэхгүй! 
Хэрвээ чиний хүү/охин чинь багахан зүйл хийхдээ ч ийм хандлага гаргаад байвал муу шүү. Түүнд өөртөө итгэх итгэл маш ихээр дутагдаж байна. Тэгэхээр эх нь болсон чи түүнд өөртөө итгэх итгэл, зориг өгөхийн тулд урамшуулж, магтах хэрэгтэй. Өөрөөр нь бие даан ямар нэг зүйл хийх боломж олгож, тусалж, үр дүнг нь гарахаар урмын үгсээ хайрлаарай. Яг үнэндээ тэр сайн мэднэ. Мэдэхгүй байлаа ч мэддэг болж болно гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Өрхийн санхүүгийн тооцоонд оролцуулж, банкинд яг өөрийнх нь нэр дээр хадгаламж нээж өгч, мэдэхгүй байгаа тэр бүхэндээ яг л том хүн шиг яваад орох боломжийг нь олго.

7. Худал хэлэх нь ашигтай юм байна. 
Тэр жижигхэн зүйл дээр ч, чамайг мэдсээр байтал худал хэлээд байгаа үед дотор чинь уур хилэн дүрэлзэх нь гарцаагүй. Гэхдээ түр азнаад бодоод үзвэл тэр “Худал хэлэх нь ашигтай” гэж бодож байгаа учраас энэ замыг сонгож байгаа хэрэг. Цучилыг түр зуур унтраахаас илүү үндсээр нь үгүй хийх хэрэгтэй шүү дээ. Үүний тулд худал хэлэх нь яагаад буруу вэ гэдгийг ойлгуулчихвал чи дараа нь худал хэлэх эсэхт нь санаа зовох шаардлагагүй болно. 
“Чи өөрийгөө бусдад худал хэлж асуудлыг намжааж байна гэж бодож байгаа байх. Яг үнэндээ чи өөрөө өөртөө худал хэлж асуудлыг улам дордуулаад байгаа юм шүү дээ! Өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулахыг хүсвэл өөрийгөө эхлээд зөв хүн болгоход анхаарах хэрэгтэй. Эерэг үр дүнд эерэг арга замаар л хүрэх боломжтой юм шүү!”гэдгийг ойлгуулаарай.

8. Ца хугацаа надад хангалттай их бий
“Хийх юм олдохгүй, уйтгартай байна” гэсэн утгатай зүйлийг фэйсбүүктээ бичиж, өдөржин компютер тоглож байгаа хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ? Тэр өөрт нь хангалттай их цаг хугацаа байгаа гэж бодож байгаа болохоор л иймэрхүү маягаар цаг хугацааг нөхцөөж байгаа хэрэг. Өсвөр насанд цаг хугацааг анзаардаг ч үгүй. Тэр өөрийнхөө өсч том болж байгааг, өөр бусдын өөрчлөгдөж байгааг хүртэл бараг тоохгүй. Гэтэл яг энэ насан дээр л цаг хугацаа тэдэнд найр тавидаг. Оюутны 4 жил нэг л мэдэхэд өнгөрч, удалгүй том хүмүүсийн бүлэгт багтаж эхэлснээр цаг хугацааг хүн гүйцэж түрүүлэхээ байна. Түүнд цаг хугацаа хангалттай их байгаа хэрэг огтхон ч биш. Өөрөө л цагаа зөв ашиглаж чадахгүй, дэмий өнгөрөөж байгаа учраас тэгж санагдаж байгаа гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Гэхдээ зүгээр хэлж үгэллээ гээд үр дүнд хүрэхгүй болохоор аль болох өөрийг нь хийж бүтээхэд хүсэхэд хүргэхээр хичээгээрэй, ухаалаг ээж минь.

9. Юу хийх ёстойг минь хэлээд өг!!!
“Уучлаарай хонгор минь, энэ бол миний зүгээс чамд хэлэх хатуу үнэн. Чиний яах ёстойг, юу хийх ёстойг, яаж амьдрах ёстойг хэн ч мэдэхгүй. Учир нь эмээ өвөө, ээж аав, ах эгч чинь болсон бид, эргэн тойронд чинь байгаа томчууд хүртэл одоо ч гэсэн энэ асуултыг амьдралд тависаар яваа. Яах ёстой вэ гэдгийг өөр хэн нэгэн эсвэл амьдрал зааж өгөхгүй. Чи өөрөө юу хийх дуртайгаа, юу мөрөөддөгөө, яаж амьдрахыг хүсдэгээ олж мэдээд түүнийхээ төлөө л тэмцэж амьдардаг юм.” гэж хэлээрэй.