1. Өглөө бүр хэдэн цагт босмоор байгаагаа шийд. Тэр цагтаа та шалтаг гаралгүйгээр 7 хоногийн өдөр бүр, нар туссан ч бороо орсон ч, амралтын өдөр байсан ч хамаагүй босно гэсэн үг.
2. Босох дасгал хийгээд хэрэгжүүл. Тэнэг юм шиг сонсогдсон ч энэ нь тус болно. Орой нойрмог болохдоо орондоо ороод өглөө сэрүүлэг дуугангуут шууд босохыг зуршилаа болгоё гэвэл та далд ухамсараа хүссэн тийш сургаснаар үүнийг автомат үйлдэл болгох хэрэгтэй.
Үүний тулд та унтдаг өрөөгөө аль болохоор шөнө унтдаг үетэйгээ адилхан нөхцөл байдалтай болгоорой: хөшгөө татаад гэрэл асаагаад… Тэгээд “унтах цаг боллоо, би ядарч байна, сайхан амарна” гэж өөртөө хэлээд эвшээгээд шүдээ угаагаад унтлагын хувцсаа өмсөөд орондоо орно. Сэрүүлгээ 2-3 минутын дараа дуугарахад тавиад “маргааш өглөө сэрүүлэг дуугарахад би шууд босно” гэж өөртөө хэлээд үүнийг мөн дүрслэн бодож төсөөлнө. Тэгээд биеэ болон бодлоо суллаад аль болохоор унтсан шиг бай. 2 минутын дараа сэрүүлэг дуугарангуут унтраагаад, инээмсэглээд, ганц сунайгаад орноосоо босох зуураа “энэ сайхан шинэ өдрийг өгсөнд баярлалаа! Өглөө эрт босох нь сайхан шүү!” гэж Их Эзэндээ хэлээд шууд л хувцсаа өмсөөд өглөөний бэлтгэлээ хийж эхлэнэ (уух юм бэлдэх, нүүрээ угаах г.м.).
Үүнийг хэд хэдэн удаа давт. Маргааш нөгөөдөр ч давтаарай. Олон давтах тусам үр дүнтэй байх болно. “Хайран цаг” гэж битгий бод – эрт босохыг сурсан бол ямар их цаг хожихоо бодоорой. Орой унтахдаа “маргааш өглөө сэрүүлэг дуугарахад би шууд босно” гэж өөртөө хэлээд үүнийг хийж байгаагаа дүрслэн бодож төсөөлөхөө мартуузай. Тэгээд өглөө үнэхээр ямар ч шалтаг гаралгүйгээр шууд л бос. Үүнийг жинхэнэ заншил болгохын тулд дор хаяж 30 хоногийн турш босох цагаа өөрчлөхгүйгээр яс босдог бай. Хэрэв та хэсэг хугацааны турш босдог болсон боловч гэнэт эргээд хуучиндаа орж сэрүүлэг дуугарсан ч цаашаа унтаад байх юм бол тэр өдөр дахиад босох дасгал хийх хэрэгтэй гэсэн үг.
Хувцсаа өмнөх орой бэлдсэн байх нь тустай (нойрмог байхдаа ямар хувцас өмсөх вэ мэтийн өчүүхэн шийдвэр ч гаргахад хэцүү байдаг шүү дээ).
Өглөө босонгуутаа шууд нэг стакан бүлээн ус уух нь мөн тустай. Та шөнөжингөө юу ч уугаагүй юм чинь шингэнээр дутагдсан байж таарна. Мөн энэ нь ходоодыг чинь өглөөний цайг шингээхэд бэлдээд ходоодны асуудлаас хамгаалдаг.
3. Орой ядарсан үедээ унт. Ихэнх хүмүүс 8 цаг унтах хэрэгцээтэй л дээ, гэхдээ энэ бол дундаж тоо. Өдрийн ачааллаас шалтгаалж таны унтах хэрэгцээ өдрөөс өдөрт жаахан өөр байх болно. Та биеэ “сонсоод” орой унтмаар байгаа үедээ орондоо ор.
Олон залуучууд харин шөнөжингөө унтаагүйгээс болж маргааш нь хичээлдээ унтаад цагаа дэмий өнгөрөөдөг. Та тэгэж амьдрахаас татгалзаарай!
Xэзээ унтах тал дээр “цаад захын хугацаа”-г өөртөө тавь. Тэгээд тэрнээс наана 1 цаг орчим ямар ч ажил хийлгүйгээр амралтын цаг өөртөө өг. Тэр үед гэрэл их цацдаг компьютер юмуу зурагт үзэхээс, мөн их хүчийг шаардсан дасгал хийхээс зайлсхий. Ном сэтгүүл унших нь тохиромжтой. Уншиж байхдаа ойлгохоо больсон үедээ та ер нь орондоо ороход бэлэн болсон байна гэсэн үг. Хэрвээ та орондоо ороод хэдэн минутын дараа унтаагүй бол та хангалттай ядраагүй байсан байх.
Өөрийгөө зөв аргаар ядраахын тулд амралтын цагийнхаа өмнө биеийн тамрын дасгал хийх нь тустай.
Өглөө эрт босох дэглэмдээ орсны сарын дараа та арай бага цагаар унтдаг болсноо анзаарах байх. Долоо хоног бүр хожсон 7 нэмэлт цагаар та юу юу хийж болох вэ