m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 02:09
154
Б.Сарантуяа: Хүүхдийн дуунаас бүтсэн цомог гаргана

-Сайн байна уу. Сайхан шинэлэв үү?

-Сайхан шинэллээ. Монголын ард түмэндээ хонин жилийн мэндийг дэвшүүлж, сайн сайхныг хүсье.

-Хонин жилд төлөвлөсөн ажил хэр олон байна?

-Бодож, санасан зүйл олон бий. Ажил болон хувийн амьдрал, үр хүүхдүүд гээд бүсгүй хүн, уран бүтээлчийнхээ хувьд бүхнийг зохицуулж, сайн сайхан байлгахын төлөө хичээх болно.

-Уран бүтээлийн хувьд?

-Зөвхөн хүүхдийн дуунаас бүтсэн цомог гаргах хүсэлтэй. Чадвал энэ ондоо багтаагаад хэрэгжүүлнэ дээ.

-Үнэхээр хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол ч ...?

-Хамгийн түрүүнд сууна. Учир нь хүүхэд нас гэдэг хүний амьдралын нандин, дурсамжтай үе. Ээж, аавдаа эрхлээд гүйж явсан мөч дэндүү гэгээхэн санагддаг юм. Бодож, санах зүйлгүй эрхлэж, тоглоод л.

-Та багадаа хэр эрхэлдэг байв?

-Хүүхэд болохоор бусадтай адилхан ээж, аавдаа эрхлэлгүй яахав. Гэхдээ бидний үеийн хүүхдүүдэд одоогийнхтой адил юм бүхэн элбэг байсангүй. Охид дээс, чирта тоглоно. Харин хөвгүүд тэвэг, бөмбөг өшиглөхөөс хэтэрдэггүй байсан. Одоо бүх зүйл бэлэн болжээ. Цахим ертөнцөөс эхлээд л.

-Тэгвэл хүүхдүүдээ хэр эрхлүүлж байна?

-Эхийн хайраар дутаахгүй юмсан гэж хүсдэг. Гэхдээ эрхлүүлж байна гээд хүссэн бүхнийг нь авч өгөөд байдаггүй. Харин тэдэнтэйгээ хамт байж, ярилцаж, ойлголцох нь илүү чухал. 

-Зарим хүмүүс хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэх сонирхолтой байдаг. Харин таны хувьд?

-Би хүслийг нь дагаж, дэмжинэ гэж бодож байна. Учир нь хүн өөрийнхөө хүсч, дурласан зүйлдээ л чин сэтгэлээсээ ханддаг. Гэхдээ чи заавал дуучин бол гэж хүчлэхгүй. Урлагийг ойлгодог байгаасай гэж хүснэ.