m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.02 04:50
1547
Цагаан сар иргэний баяр уу, гэр бүлийн баяр уу, төрт ёсны баяр уу?

“Цагаан сар” гэдэг нэрний тухай

Монгол туургатны шинэ оноо угтах баярыг цагаан сар гэдэг. Цагаалах, цагаалган (буриад) гэхчлэн хорвоогийн хамаг өнгөний нэгдэл болсон хаан өнгөөр нэрлэгдсэн энэ баяр ариун нандин, цэвэр цэмцгэр, гэгээн тунгалаг, эрхэмсэг дээд гэхчлэн олон утгаар сэтгэлд бууна.

Эрт цагт монголчууд 12 сарыг уламжлалт нэршлээс гадна өвөөлжин сар, үүр сар, буга сар, хулан сар хэмээн өөрөөр нэрлэдэг байсан нь түүхийн сурвалжуудад тэмдэглэгджээ. Жилийн эхэн сарыг “Монголын нууц товчоо”-д хувь сар буюу хувь хишиг өгдөг сар, “Хуа Ий-Ю” толь, “Цагаан түүх”-д цагаан сар, хувь сар гэсэн байх бол олны дунд “Хундага сархад хуримын дээж, хувь сар жилийн дээж” гэсэн хэллэг бий. Газар бүрийн монголчууд сүүн сар, цэгээ сар, аарцан сар, өл (цагаан) сар гэхчлэн дан цагаан өнгө, цагаан идээний нэрээр нэрлэдэг уламжлалаас үүдэн “цагаан сар” гэх нэр үүсчээ. Нэгэнт цагаан гэж нэрлэгдсэн энэ баярын утгад нийцүүлэн хүмүүс цагаан хувцас өмсөж, цагаан морь унаж, цагаан идээ унд амсан, сайхан үг хэлэлцэн, цагаан эд харилцан бэлэглэнэ. Жуулчдын нүдэнд цагаан сарын шинийн нэгний өдөр нэг бум гаруй цагаан зүсмийн аргамаг сайхан хүлэг морьдыг их хаандаа өргөж, цагаан тохош бүхий тэмээ, зааны жагсаал гэхчлэн нэг ёсны шоу үзвэр зохион байгуулдаг байсан нь өртсөн байдаг.

Монгол бичгээр цагаан гэдэг үг сhaγan-цаган, хаан гэдэг үг Qaγan-каган гэж ойролцоо буудаг бөгөөд эртний түрэг хэлнээ хаан гэдэг үг чагат, дундад үеийн латин болон авар хэлнээ сhасаnus гэсэн хэлбэртэй байжээ. Үүнээс үзэхэд цагаан нь язгуурлаг утга агуулгатай байсан нь харагдана. Цагаан сар хэмээх нь монголчууд удам угсаагаараа бахархсан, шинэ оныг хиргүй тунгалаг, амар түвшин, идээ ундаар элбэг дэлбэг угтаж буй бэлгэдэл агуулна.  

  Цагаан сарыг намар тэмдэглэж байсан

Судлаач Дорж Банзаров “Монголын шинэ он эрт цагт намрын есдүгээр сард эхэлж байсан бөгөөд энэ сард тараг цагаа элбэг тул цагаан сар гэдэг болов” хэмээжээ. Энэ нь өнөөгийн тооллоор наймдугаар сар. Хүннүчүүд хавар бага хуралдайд цугларч эцэг өвгөд, тэнгэр дэлхий, онгон хайрханд тахилга үйлдэн ёсолдог, намар их хурилдайд цугларч хүн малын тоог бүртгэн шалгадаг байжээ /Хүннүгийн түүхийн хэрэглэгдэхүүний эмхэтгэл/. Хамгийн ахмад хүн шанью хаанд мал сүрэг хэрхэн өссөн, хэдэн хүүхэд төрсөн, аймаг өрх хэрхэн баяжсан, жилийн турш ямар үйл явдал болсныг өргөн мэдүүлдэг байв.

Цагаан сар нь язгуур чанараараа тайлга, тахилгын зан үйл, цаг улирлын баяр юм. Хиад боржигинчууд хөх тэнгэрийн тайлга буюу зүхэл тайлга хийж ихэсийн газарт мод босгож түүндээ зүлд өлгөөд бүх овог аймгаараа цугларч тэнгэр тахихдаа гарал угсаагаа мэдэлцэнэ. Энэ баярт цагаан ясан хэлхээт бүх монголчууд цугларч байсан гэдэг бөгөөд цагаан өнгийн дээл хувцас өмсөж өнгөний бэлгэдэл болгож байжээ. Монголчуудын атаа 13 тэнгэрийн тахилг хөх тэнгэрийн тахилгатай адилхан. Өмнө өдөр нь хөх тэнгэрийн тахилгад зориулан иргэдийн авчирсан идээ будааг ариутган тусгайлан босгосон өндөр индэр дээр тавьж тахилгын даамал баруун урд зүгт баатар цагаан тэнгэрт хандан сан уншина. Дараа нь бүх оролцогчид тэнгэр өөд гараа өргөн сөгдөн мөргөхдөө хүмүүс хөх тэнгэрт өөрийн удам угсаа, нас жилээ өчдөг заншилтай байжээ. Үүний дараа найр эхэлнэ. Хуримын идээнээс бүгдэд хувь хишиг хүртээдэг байна. Ингэхэд хүмүүс сахиус тэнгэрийн хувь хишиг хэмээн их баяр хөөр болдог байсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэжээ.

Цагаан сар иргэний баяр уу, гэр бүлийн баяр уу, төрт ёсны баяр уу?  

Алив зүйл улиран хувьсаж, өөрчлөгдөн шинэчлэгддэг жамаар XIII зууны эхээр Монголын нэгдсэн төрийг байгуулж нийтэд тунхаглан зарласан тэр түүхэн үйл явдал хаврын зан үйлтэй давхцан таарсан учир дорно дахины нийтлэг он тоололтой нийцүүлэн хаврын тэргүүн сард цагаан сараа тэмдэглэх болжээ. Энэ талаар түүх сурвалжийн мэдээ ч бий. Цагаан сар нь хаврын урь орж цагаан тугаа залж их хурилдайгаа хуралдуулан Эзэн Чингис хааныг их хаан ширээнээ залсан учир цагаан сар нь төрт ёсны их баяр юм. Чингис хаан анхны цагаан сараараа 88 гавьяатныг шагнасан гэдэг. 1216 оны цагаан сараараа Их харгисаас бусад ялтныг хэлтрүүлэн ялыг хөнгөрүүлж сангаасаа шар алт мянган лан, цагаан мөнгө түмэн лан, зотон даавуу арван түмэн хэсгийг гаргаж 60 наснаас дээшхэд мянганы 3, 80 наснаас дээшхэд 4, 90 наснаас дээшхэд 5 хувийн шан өгч байжээ. 110-аас дээш настанд их хишиг өгч, 120-оос дээш настанд “Их өтгөс”  цол өргөж 150-аад дээш настныг их хаан өөрийн сүйх тэргээ илгээн ордонд залж ирүүлэн бэлэг сэлт өгч их хүндэтгэл үзүүлж байжээ.

1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний дүнд монголчууд манжийн ноёрхлоос ангижирч тусгаар тогтносон Монгол улсаа байгуулсан. Богд тэргүүтэй үндэсний зүтгэлтнүүд улс орондоо улс төр, эдийн засаг, соёлын талаар олон шинэчлэл хийсний нэг нь 1911 оны өвөл Богд гэгээнийг эзэн хаанаар өргөмжлөн, улсын нэрийг Монгол болгон оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээн нэрийдэж, төрийн гол ёслолын журмыг тогтоов. 1912 оноос цаг тооллын бичгийг Нийслэл хүрээний зурхайн дацанд боловсруулж “Цаг улирлын тооны бичиг” нэртэйгээр монгол үсгээр жил тутам хэвлэн гаргаж эхэлжээ. Нэгэнт улсын оны цол тогтож Үндэсний хуанли хэрэглэх болсон тул сар шинийн баярыг үндэсний тусгаар тогтнолын бэлгэдэл болгон тэмдэглэдэг болсон байна.

  1. Богд хааны зарлигаар соёмбо үсэгтэй, гурван хэлтэй, улаан шар өнгийн тугийг хааны ордон, төрийн яамд, сүм хийдийн өмнө шинийн 1-8-нд мандуулах ёслол хийж байв.
  2. Богд эзэн, Их хатан хоёр Төрийн их галыг бадрааж тахисны дараагаар хэргэм тушаалтан нартай золголт хийдэг байсан ажээ.

Ийнхүү тахилгын зан үйлээс нийгэм төрийн эрхэм зан үйл болжээ.

Үндэсний хуанли хэрэглэх болсон тул сар шинийн баярыг үндэсний тусгаар тогтнолын бэлгэдэл болгон тэмдэглэдэг болсон байна.

Социализмын үеийн цагаан сар

Социализм монголчуудын уламжлалт байр Цагаан сард хахир хатуу хандсан билээ. Их хэлмэгдүүлэлтийн 1930-аад онд Цагаан сар үндсэндээ тасалдсан байжээ. Тэмдэглэсэн хүнийг феодалын хоцрогдсон, эсэргүү гэж тооцож байв. 1940-өөд онд зуд турхан, дайн тулааны хүнд хэцүү үед ард олны сэтгэлийг цайруулан нимгэлэх гэж цагаан сар тэмдэглэхийг зөвшөөрчээ. Гэвч 1952 оны битүүнд маршал Х.Чойбалсан нас барахад улс орон даяар гашуудал зарлан цагаан сар тэмдэглэхийг 2 жил албан ёсоор хориглов. 1954 оны 1 сарын 26-ны АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Цагаан сарыг ажлын өдөр болгосон шийдвэр гарчээ. 1960 онд “Малчдын сайн өдөр”, “Нэгдэлчдийн өдөр” болгон сэргээсэн байдаг. Гэвч монголын ард түмэн зөн совингоороо цагаан сарыг тасалж болохгүй, төрт ёсны, нийт монгол угсаатныг нэгтгэдэг гүн утга учиртай баяр гэдгийг мэдэрч байсан. Энэ уламжлалаа дагаж цагаан сарыг тээршээж үзэлгүй, айл өрх бүр түвшин дэлгэр тэмдэглэхийг хичээх болсоор өнөө цагтай золгож байна. Дэлхийн монгол үндэстнүүд монгол нутагтаа цуглаж цагаан сарын баяр тэмдэглэдэг болох цаг өртөөлөн ойртсоор…

Цагаан сарын идээний дээр еэвэн тавих нь зөв үү?    

Цагаан сарын идээ будааг тавгийн идээ, шүүс, айраг гурав үндсэндээ төлөөлдөг. Бид цагаан сар тэмдэглэх өдрөө нарийвчлан тогтоож чадахгүй маргасаар байдаг шиг тавгийн идээгээ зөв заслаа, буруу өрлөө гэлцсээр байна. Угтаа их энгийн зүйл. Харин цаана нь ямар утга учир байна вэ гэдэг нь чухал. Яагаад тавгийн идээг ингэж гоёор өрж чимдэг юм, ямар учраас ийм хэлбэртэй болов гэдгийг хэн бүхэн эргэцүүлдэггүй, ингэх учиртай юм гэнэ лээ гээд орхиж бас болохгүй юм.

 Хэвийн боовыг сондгой тоогоор үелүүлэн дугуй хэлбэр үүсгэн өрж засдаг идээ нь эртний монголчуудын ертөнцийн тухай төсөөлөл, загварчлалаас үүдэлтэй. Хэн бүхэн үлгэр туулийн “Сүүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов байхад” гэсэн эхлэлийг мэднэ.

Дэлхийн улс үндэстэн бүхэн ертөнцийг өөр өөрийнхөөрөө төсөөлдөг. Тиймээс дэлхийн төв цэгийн тухай ойлголтыг буй болгож түүнийг хүйс, ертөнцийн мод гэхчлэн домог зүйн ойлголтыг уран сайханжуулан бүтээж аман билэгт нь гүн тусгалаа олжээ. Монголчуудын хувьд ертөнцийн уул хэмээн үзэж сонгодог домогзүйн ойлголт болсон Сүмбэр уулыг бүтээжээ.

 Ертөнцийн мод

Ерт. Уул /бурханы шашны/

 Сүмбэр уул нь эрдэснийн зүйлээр чимэгдсэн төмрөөр бүтсэн дэлхий ертөнцийн гол төвд орших хүйс, гол тэнхлэг (axis mundi)-ийг заана.  Чанх орой дээр нь Алтангадас од байрлаж, оргилыг тойрон нь нар, сар, од мичид эргэж байдгаас өдөр шөнө ээлжлэн буй нь тэр гэдэг. Сүмбэр уул гурван бүслүүртэй. Орой дээр нь бурхад залран суух /зарим төсөөллөөр 33 тэнгэр нэр байдаг/ бол дунд хэсэгт нь хүн төрөлхтөн, гуравдахид Эрлэг номун хааныхан, луст оршдог гэж үзнэ. Энэ бол эртний монголчуудын ертөнцийн тухай загвар ойлголт юм. Уулын тал бүхэн нь өнгийн төлөөлөлтэй. Өмнөд тал нь-хөх, баруун нь –улаан, умар тал нь шар, зүүн тал нь цагаан. Америкийн индианчууд үүнтэй адилхан төсөөлдаг. Тэд өмнө зүгээс хөх туяа тусаж үүр цайна. Зүүн талаар цагаан туяа тусаж өдөр болно, баруун талаар шар туяа тусаж нар жаргана гэж үздэг байна. 

Харин бурханы шашны төсөөллөөр энэхүү цац суварга хэлбэрт Сүмбэр уулыг долоон уул тойрч байрлах ба эргэн тойрон далай цэцлэлзэж байдаг гэж үздэг.

 Сүмбэр уул нь эрдэснийн зүйлээр чимэгдсэн төмрөөр бүтсэн дэлхий ертөнцийн гол төвд орших хүйс, гол тэнхлэг (axis mundi)-ийг заана.

Сүмбэр уулын шүтлэгийн ул мөр, түүний жижигрүүлсэн хэлбэр нь овоо юм. Овоог чулуу тойруулан өрж оройд нь залам хатган, заламнаасаа олон өнгийн тууз тасам уядаг.

Дээл ихэдвэл өмссөн хүний биед ачаа болмуй.

Эмээл хүндэдвээс тохсон морины нуруунд дараас болмой.

Янз хэтэрвээс эгэл дордост зүдгүүр болмой

А.Алимаа