m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.02 08:17
450
Монгол шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгэгдсэн батламж гардуулах ёслол боллоо

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 9 дүгээр хуралдаан Парис хотноо 2014 оны 11 сарын 24-28 ны өдрүүдэд болсон бөгөөд хуралдаанаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг хэлэлцсэн ба Монгол улсаас нэр дэвшүүлсэн Шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад олонхийн саналаар бүртгэн авсан билээ. Уг конвенцид дэлхийн 150 орон нэгдэн орсон ба нийт 314 өв Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтанд одоогоор бүртгэгдээд байгаа юм. Манай улс ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцид 2005 онд нэгдэн орсон юм. Ийнхүү ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн шагайн харвааны батламжыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газарт гардуулах ёслолын үйл ажиллагаа Дуурь бүжгийн эрдмийн театрт амжилттай болж өндөрлөлөө.

Уг ёслолын үйл ажиллагааны үеэр “Дэлхийд данстай монгол өв” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдаж  мөн “Шагайн харваа” соёлын биет бус өвийн тухай баримтат киног үзүүлж сонирхууллаа. Шагайн харваа нь XIII зууны үед үүссэн бөгөөд 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон. Бөх барилдвал бяртай, морь унавал эрэмгий, сур шагай харвахдаа мэргэн болно гэж эртнээс Монголчууд хүндэтгэсээр ирсэн ба шагайн харваа нь ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг давуу талтай билээ.