m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.03 06:49
196
Сэлэнгэ аймаг, Буриад улсын удирдлагууд хил орчмын асуудлаар уулзлаа

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай Алтанбулагийн боомт, хил орчмын асуудлаар харилцан санал солилцлоо. Уулзалтанд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат болон хил, гааль, хилийн цэрэг, хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагууд оролцсон юм.

Энэ удаагийн уулзалтаар ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын хил орчмын байдалтай танилцах, тулгамдаж буй асуудалтай танилцахаар ирсэн байв. Уулзалтын үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Сэлэнгэ аймаг дахь газрын дарга Р.Одмөнх, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга н.Баярмагнай, Хилийн 0101-р ангийн захирагч, хурандаа С.Энхсүх нар цагийн байдлын талаар мэдээлэл өглөө. Дараа нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат гурван асуудлаар санал тавьсан.

Нэгдүгээрт, манай Сүхбаатар сум орчмын хүмүүсийн аж амьдрал ОХУ-тай холбоотой байдаг. Эдгээр иргэд маань хилээр олон удаа гардаг. Энэ хүмүүст хил гааль, хилийн цэргийн ажилтнууд таатай, таагүй харьцдаг зан харилцааны асуудал гарч байна. Тухайлбал цагаан хуудсаар гардаг хүмүүст янз бүрийн байдлаар хүндрэл учруулдаг тухай олон удаа мэдээлэл ирсэн.

Хоёрдугаарт, даатгалын асуудал их хүндрэлтэй байгаа. ОХУ руу гарч байгаа машинууд даатгал төлдөг. Тэр даатгал нь 2-3 хоногийн хугацаанд гараад ирэхэд 60-70 мянган төгрөг болж байна. Энэ бол тухайн хүмүүст их зардал. Үүнийг хил дээр байгаа хүмүүс бус хилийн цаана байгаа замын цагдаа, хяналтын байгууллагууд ихээхэн шаарддаг. Энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсч байна.

Гуравдугаарт, Хилээр зорчиж буй нийт иргэдийн тухайд хэлний асуудал гарч байна. Хилээр гарч байгаа хүмүүс мэдүүлэг бөглөдөг. Деклераци гэж ярьдаг. Хил дээр шаардаж байгаа бичиг баримтыг бөглөхийн тулд орос хэл мэдэхгүйгээсээ болж хүндрэл учирч байна. Иймээс энэ мэдүүлгийн хуудсыг монгол хэл дээр гаргаж, хувь хүний харилцаа руу нэлээд анхаарна уу гэдэг асуудлаар Буриад улсын Ерөнхийлөгчтэй харилцан ярилцаж, тохиролцлоо.

 

Мөн тэрбээр "Бид хүмүүсийг шүүмжилж байгаа юм биш. Манай талд ч анхаарах асуудал олон байна. Түүнийгээ бид дотооддоо зохион байгуулна. Өнөөдөр бид гааль, хилийн цэрэг бусад холбогдох байгууллагуудад чиг үүрэг өгсөн. Ойр ойрхон уулзаад байх юм бол хил орчмын асуудлаар иргэдээ хүндрүүлэхгүй байх боломж байна. Энэ асуудлаар бид ажиллана” хэмээн ярилаа.

Энэ үеэр ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч В.В.Наговицийн санал бодлыг сонссон юм.

-Монголын талаас тавьсан асуудлуудыг хэрхэн, ямар хугацаанд шийдвэрлэх вэ?

-Хугацааны тухайд янз бүрийн хугацаа шаарддагдана. Жишээ нь визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхэд долоон жилийн хугацаа орсон. Зарим асуудлуудыг тодорхой хугацаанд шийдвэрлэх шаардлага бий. Тухайлбал,  мэдүүлэг бөглөх хуудасны тухайд монгол хэл дээр болгох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж болно.

-Хоёр улсын тухайд чөлөөт бүсийн асуудал анхаарал татаж байгаа. Энэ тал дээр ямар бодлого чиглэлтэй байгаа вэ?

-Чөлөөт бүсийн тухайд дөнгөж байгуулагдаж байгаа залуухан байгууллага. Хүмүүс энэ талбай дээр тодорхой хэмжээний газрыг түрээслэн авч байгаа. Үүнд бид байнгын анхаарал тавьж байна. Олон асуудал бий. Тухайлбал, бизнесийн чиглэлийн, худалдааны чиглэлийн гэх мэт. Энд маш их анхаарал тавьж байгаа. Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн тухайд хоёр орны хамтын ажиллагааны хүчин чармайлт маш их хэрэгтэй. Жишээ нь, бусад орнуудад худалдааны чөлөөт бүсүүд маш их амжилттай ажиллаж байгаа. Иймээс наймаа хийж байгаа бизнесменүүдийн нөхцөлийг бүрдүүлэхэд тал талаасаа анхаарах ёстой. Цаашид үр ашгаа өгөх хэмжээнд байгаасай гэж бодож байна. Энд онцолж хэлэхэд Орос, Монголын Засгийн газрын хамтарсан цогц бодлого маш их хэрэгтэй. Үүнийг бүрдүүлж өгсөн цагт чөлөөт бүс хурдан хөгжих байх. Үүнийг бид анхааралдаа байлгаж байгаа.

 

Ийнхүү уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Цаашид хил орчмын асуудлаар ойр ойрхон уулзан ярилцаж, орон нутгийн хэмжээнд шийдвэрлэж болох тулгамдсан асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж байна гэдгээ ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нар илэрхийлсэн.