m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.04 01:51
684
Монголын урлагийнхны мундаг менежмент нэг ийм

Монголын урлаг соёлын салбарынхан сая нэг нойрноосоо сэрэв үү гэлтэй. Бараг дуучин сэтэр зүүсэн хүн бүхэн тоглолтоо хийх гэж гүйлдэж эхэллээ. Энэ нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншсанаар Мартын-8 ойртсоных гэнэ.

Хэн гээчийн,  ямар тоглолт болох гэж буй талаар онцлоод нэрлэчихвэл “Их орлого олох гэж байсныг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж санаатайгаар унагалаа” хэмээн мөнгө нэхээд хэвтчих учир нэрлэхээ түр азнав. Бараг бүгд VIP, бие даасан, тансаг орчин бүрдүүлсэн гэх мэт чамин үг чимэг болгон зар тарааж байна.

Урлаг нэг талдаа олон нийтийг соён гэгээрүүлж, урлагийн гайхамшгийг мэдрүүлэх үүрэгтэй ч нөгөө талдаа тухайн салбарынхны бизнес. Бизнесээ олон нийтэд таниулна хэмээн нэг төрлийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэвэл юу болохыг бидний монголчууд мэддэг болсон. Чадах, чадахгүй хүн бүхэн хэвийн боов хийж, ашиг орлогоор хэтэвчээ түнтийлгэнэ гэж санасан нь талаар болж “Түрүүчээсээ хатаж яахаа мэдэхгүй байна” гэх хүн цөөнгүй явна цаана чинь. Яг л үүнтэй адил цаг үе, зах зээлээ мэдэрдэггүй хүмүүсийн жагсаалтыг дуучид түүчээлж байна.

Монголчууд эх хүн, эмэгтэй хүнийг хайрлан дээдэлдэг ард түмэн. Энэ баярын өдрөөр хайртай дотнын хүндээ тоглолт үзүүлэх гэж хошуурна хэмээн тооцоолж ийн зар түгээж байгаа байх. Социализм болоод 1990-ээд он өнгөрөөд даруй 25 жил болж байна. Тухайн цаг үед нийгэм тэр чигтээ урлаг соёл, сонин хачин бүхнээр “өлсөж” байсан. Харин одоо тэс өөр болсон. Болсон болоогүй дуучдын чанар муутай тоглолт үзүүлж, ядрааснаас өөр сонголт хийх боломж олон нийтэд нээлттэй байна. Үүнийг урлагийнхан хамгаас илүү мэдрэх хэрэгтэй.

Олон жилийн өмнө монголчуудыг байлдан дагуулсан хэдхэн дууг хэдэн дуучин давтан дуулах гээд байгаа юм бэ.

Нийгмийн сэтгэл зүй тэс өөр болж, дэлхий олны өмнө нээлттэй байгаа учир онцгой, ялгагдахуйц  зүйлийг л сонирхдог болсон. Нийгмийн хүсээд байгаа тэр содон тоглолт, сэтгэлийн утас хөндсөн сайхан дуу хэд байгаа билээ. Олон жилийн өмнө монголчуудыг байлдан дагуулсан хэдхэн дууг хэдэн дуучин давтан дуулах гээд байгаа юм бэ. Сэтгэлд хоногшсон сайхан дууг дахин амьдруулна гэдэг мэдээж хэцүү. Дахин дуулах нэрээр сайхан дууг сайн дурын уран сайханчид хэд дахин дордуулж буйгаа мэддэг болов уу.

Тоглолт хийх танхим, заал хамгийн багадаа л нэг өдрийнх нь 1.5 сая төгрөг. Нэг тоглолтын цаана хичнээн хүн ажиллах билээ. Ингээд бодохоор дуучид ашиг болох бус харин шатах нь гарцаагүй. Энэ мэт адгасан, ар араасаа хөвөрсөн тоглолтын цаана монголчуудын тэр дундаа урлагийнхны тамын тогооны үлгэр нуугдаад байх шиг. “Би тоглолт хийхгүй бол нөгөө хэд их мөнгө олж болзошгүй” гэсэнтэй агаар нэгэн үйлдэл энэ биш гэж үү.

Урлагийн  хамгийн доод төрөл хэмээн гоочилж ад үздэг хошин урлагийнхнаас дуучид санаа авахад илүүдэхгүй л болов уу. Тэд хэзээ ч давхцаж тоглолтоо хийдэггүй. Нэг нь дуусахад нөгөө нь эхэлдэг хэвлэгдээгүй хуультай. Тэглээ гээд үзэгчгүй байх нь ховор. Өөрөөр хэлбэл хүссэн, сонирхсон хүмүүс тэдний тоглолтыг тасралтгүй үздэг. Нэг тоглолт тавихдаа хошин урлагийнхан хэдэн төгрөг зарцуулдгийг мэдэхгүй ч ямартаа хэн нэгнийхээ орлогыг булаахгүй, санхүүгийн хүнд байдалд оруулахгүй гэсэн санаа давхар байгаа нь хэнд ч ойлгомжтой.

Монголчууд өвөл урлагийн бүтээл хүлээж авахгүй, зун хавар  өөр байна гэсэн ойлголт байхгүй.

Дуучдад нэг зүйл  сануулах ёстой юм болов уу гэсэн бодол тархинд эргэлдсээр. Сар шинээр ул боов, цагаан идээ, шинэ жилээр бялуу, наадмаар хуушуур айрагны борлуулалт эрс нэмэгддэг нь үнэн. Гэхдээ урлаг бол үүнтэй адилтгахын аргагүй гайхамшиг. Монголчууд өвөл урлагийн бүтээл хүлээж авахгүй, зун хавар  өөр байна гэсэн ойлголт байхгүй.

Цаг үеэ мэдэрсэн, чанартай, чадвартай уран бүтээлчийн тоглолт жилийн аль ч улиралд үзэгч дүүрэн, тэд тэсэн ядан хүлээдэг юм шүү. Ар араасаа хөвөрсөн олон тоглолтоос алийг нь үзье дээ байз. Монголын урлагийнхны мундаг менежмент нэг иймэрхүү.