Хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” хэмээх зохиол Монголд төдийгүй тив дэлхийд алдаршлаа. Азийн роман бичигчдийн дунд зохиогддог “Man Аsian literary prize” хэмээх шагналыг авсан уг зохиол дэлгэцийн бүтээл болоод мөн л дуулиан шуугиан тарьж монголчуудыг байлдан дагуулж эхэллээ.
Хоёр өдөр хүссэн цагаасаа уг киног үзэх гэж очсон нь тасалбар нь аль эрт дууссан байхаас харахад үзэгч олонтой байгаа бололтой. Нэг өдрийн өмнөөс захиалж зүтгэл гаргасны эцэст үзлээ. Монгол бүсгүй дэлхийн хэмжээний киноны гол дүрийг хэрхэн бүтээж, хятад хүн монголчуудын аж амьдралыг яаж гаргаа бол гэх бодол намайг ийн хөтөлсөн хэрэг. Гарсан даруйдаа цахим хуудсаар олон үзэл бодол уралдуулсан уг бүтээлийг жирийн үзэгчийн үүднээс үзэж ямар бодол төрснөө хуваалцмаар санагдлаа.
Кино эхлээд Галсмаа буюу Р.Анхням дэлгэцнээ гарах үед танхим дүүрэн суугаа монголчууд алга ташиж байв.
Эхлээд үйл явдлыг товч өгүүлэх хэрэгтэй байх. Хятадын соёлын довтолгооны үеэр сэхээтнүүд хөдөө орон нутгийг зорино. Өвөр Монголын малчин хөгшин Билэгтийнд Бээжингээс ирсэн оюутан Чэнь Жэнь, Янкө нар ирнэ. Тэд нүүдэлчид дунд амьдарч тэнгэрийн амьтан гэгдэх чонын амьдралыг ихэд сонирхон, бэлтрэг суйлан тэжээнэ. Хоол, бэлтрэгээ ээрэх чонон сүрэгт малчид адуугаа алдаж, улмаар сүрэг чоныг хөнөөдөг. Нүүдэлчид дунд өссөн Саарал нэртэй чоно эзэн Чэнь Жэнь, киноны гол дүр Билэгт хөгшний ач хүү Баярыг хаздаг. Эцэст нь сүргээс үлдсэн ганцхан чоно нь Саарал болж араатны амьдралдаа очсоноор энэ кино төгсдөг.
Зохиол дээрээ Гансмаа хотонд нь орсон чонын сүүлийг хуга мушгиж буй талаар өгүүлдэг. Харин кинон дээр тэр хэсгийг тийм ч тод оруулаагүй юм билээ.
Мэдээж олон нийт Галсмаагийн дүрийг бүтээсэн Р.Анхням дүрээ хэрхэн амьдруулж вэ гэдгийг юу юунаас илүү сонирхож байгаа. Үзэгчийн хувиар түүнд хангалттай гэсэн үнэлгээг өгнө. “Чонон сүлд” кино ар араасаа өрнөсөн үйл явдал бага. Тиймээс ч гол дүр гэгдэх хүмүүсийн аж амьдрал, дотоод ертөнц, мөн чанар луу тийм ч гүн ороогүй мэт санагдсан. Р.Анхнямын бүтээсэн Гансмаа бол нүүдэлчин хот айлын ахлагч Билэгт хөгшний бэр. Зохиол дээрээ Гансмаа хотонд нь орсон чонын сүүлийг хуга мушгиж буй талаар өгүүлдэг. Харин кинон дээр тэр хэсгийг тийм ч тод оруулаагүй юм билээ.
Одоо чонон сүрэг яах бол, Баяр хүү, Билэгт хөгшний бие хэрхэх бол, Саарал чоно эцэстээ чонон сүрэгтэйгээ нийлэх болов уу, байгалийн хүнд шалгуурыг Бат давах болов уу гэх хүлээлтийг хүмүүст өгч чадаж буй нь давуу тал гэлтэй
Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон олон сайхан гадаад, дотоод кино бий. Ар араасаа хөвөрсөн үйл явдал, мартахын аргагүй сайхан дүрийг бид нэрлэж чадна. Тийм киноны үйл явдалтай харьцуулахад харьцангуй бага ч одоо чонон сүрэг яах бол, Баяр хүү, Билэгт хөгшний бие хэрхэх бол, Саарал чоно эцэстээ чонон сүрэгтэйгээ нийлэх болов уу, байгалийн хүнд шалгуурыг Бат давах болов уу гэх хүлээлтийг хүмүүст өгч чадаж буй нь давуу тал гэлтэй. Эр зоригтой, нүүдэлчин удмын нэгэн эгэл бүсгүйн дүрд Монголын жүжигчин Р.Анхнямыг сонгосонд олон нийт таашаалтай байгаа нь илт. Кино эхлээд Галсмаа буюу Р.Анхням дэлгэцнээ гарах үед танхим дүүрэн суугаа монголчууд алга ташиж байв.
“Чонон сүлд”-ийн талаар олон нийт өөр өөрийн бодолтой байгааг олж харсан. Ардчилсан нийгэмд амьдарч буй болохоор үзэл бодлоо хэзээ, хаана ч илэрхийлэх нь тухайн хүний эрх. Хэдийгээр миний бие түүх, соёл судлаач биш ч монгол хүний нүдээр харахад монголын ёс заншлыг хэт гуйвуулсан үйл явдал анзаарагдсангүй.
Зураг авалт, дуу оруулалтын талаар хэдэн зүйл хэлмээр санагдсан. “Чонон сүлд”-ийг хийхэд 38 сая гаруй доллар зарцуулсан гэсэн. Ийм мөнгө зарцуулсан бүтээл сайн байхаас яахав гэсэн бодол надад төрсөн. Чоно бусад адгууснаас ялгарах нэг онцлог нь багаар амьдрах чадвар хэд дахин илүү байдаг гэдэг. Кинонд ч энэ тухай дэлгэрэнгүй харуулдаг. Сүрэг чоно өвлийн идшээ бэлтгэхдээ зээрийн сүргийг цадтал нь идүүлээд амрах тэр агшинд сүргээрээ дайрч нууранд оруулна. Энэ хэсгийн зураг авалт үнэхээр гайхалтай байсан. Шуналдаа хөтлөгдсөн Бао Шүн Гүй түшмэлийн буруу үйлдлээс болж хэсэг нөхөд чонын хоолыг булааж орхисноос малчид руу дайрч адуун сүргийг хөнөөж орхино. Энэ үйл явдлыг харуулсан зураг авалт мөн гайхалтай. Адуунд тангаруулж буй чоно, хэсэгтээ ухаан балартсан чоно идэш хоолныхоо төлөө хэрхэн тэмцэж буйг үнэхээр гайхалтай харуулж чаджээ. Эгзэгтэй, амь өрссөн хэсгийн дуу оруулалт үнэхээр сайхан болсныг онцолъё. Дуу чимээ гэдэг уран бүтээлийн амин сүнс гэдгийг мэдрүүлж чаджээ.
Уран бүтээлд компьютер график ашиглах нь бий. Зарим бүтээлд ийн ашигласан нь илт мэдэгдэж, хиймэл гэж олны дургүйцлийг төрүүлэх нь бий. “Чонон сүлд”-д адгуусан амьтны амьдралыг харуулахдаа мэдээж ашигласан байх. Гэхдээ яг бодит мэт байгааг онцлох хэрэгтэй болов уу. Хятадын кино компани өвөр монголоор киногоо хийж, англи, хятад хадмал орчуулгатай болгосон нь ашгаа нэмэгдүүлэх нэг санаа байсан болов уу. Нөгөө талдаа Хятадын залуу од жүжигчинг гол дүрээр сонгосон нь тохиолдол байгаагүй болов уу.
Байгаль дэлхий, хүн амьтны үйл хэрэг харилцан уялдаатай байдгийг харуулахыг зорихдоо монголчуудын мөнх хөх тэнгэртээ сүсэглэн амьдардаг уламжлал, хийморьтой амьтан гэгддэг чонын амьдралтай хослуулсан нь олны анхаарлыг ийнхүү татжээ.