m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.05 03:02
1772
Монголд үйлдвэрлэсэн годон гутал олон давуу талтай

“Масс агентлаг”-ийн санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Мөнх шүтээн” ХХК-ийн “Сэлэнгэ гутал”-ын үйлдвэртэй танилцлаа. Тус гутлын үйлдвэр нь цаа бугын шилбэний арьсаар /год/-оор гутал үйлдвэрлэдэг юм.

“Сэлэнгэ гутал”-ын үйлдвэр нь цаа бугын шилбэний арьсаар /год/-оор гутал үйлдвэрлэдэг юм

“Сэлэнгэ гутал” үйлдвэрийг хоёр найз хамтран 2010 онд байгуулж байсан бол өнөөдөр үйлдвэрлэл нь өргөжин тэлсээр зургаан хүнийг ажлын байртай болгожээ.

Үйлдвэрлэл нь өргөжин тэлсээр зургаан хүнийг ажлын байртай болгожээ

Том хүний нэг гуталд хоёр цаа бугын найман ширхэг год ордог. Харин хүүхдийн гуталд таван год ордог аж. Цаа бугын год болон бусад материалаа ОХУ-аас оруулж ирдэг бол гутлын дотрыг монгол нарийн цагаан эсгийгээр хийдэг байна.

Том хүний нэг гуталд хоёр цаа бугын найман ширхэг год ордог

Үнийн хувьд улирлаасаа хамаарч харилцан адилгүй.  Аравдугаар сараас нэгдүгээр сар хүртэл гутлын үнэ өсөж 800-950 мянган төгрөгөөр борлуулдаг бол эрэлт багатай үедээ 450-500 мянган төгрөгөөр худалдаалдаг. Мөн захиалгын дагуу бөөгийн гутал үйлдвэрлэдэг байна. Үйлдвэрлэсэн гуталнууддаа нэг жилийн баталгаа өгдөг бөгөөд хэрэв энэ хугацаанд ханзарч урагдсан тохиолдолд үнэ төлбөргүй засаж өгдөг аж.   

 

“Сэлэнгэ гутал” үйлдвэрийн хамт олон хэд хэдэн үзэсгэлэн худалдаанд оролцож шагнал урамшуулал хүртэж байжээ. Монголд үйлдвэрлэсэн годон гутал нь ОХУ-аас орж ирдэг гуталнаас ялгаатай. Учир нь нарийн цагаан монгол эсгийгээр гутлаа доторлодог учир дулаахан, хөлд хөнгөн байдаг аж. Мөн Монголд үйлдвэрлэсэн годон гутлын түрүү сууж, хэлбэрээ алдах нь ховор байдаг хэмээн менежир Ч.Нацагдорж онцлон хэлж байлаа.  

Монголд үйлдвэрлэсэн годон гутал нь ОХУ-аас орж ирдэг гуталнаас ялгаатай

 

Тус гутлын үйлдвэрт хийж бүтээх чин хүсэлтэй зургаан залуу ажилладаг. Тэдний нэг нь амьдралдаа алдаж архины хамааралтай явснаа нуусангүй. Гэсэн ч тэрбээр “Өнөөдөр би хүний хөлийг дулаан байлгах буянтай ажил хийдгээрээ бахархдаг” хэмээсэн юм. Годон гутлыг нэг бүрчлэн гар аргаар үйлдвэрлэдэг учир өртөг өндөртэй.  Мөн тус гутлын үйлдвэр нь хуучирч элэгдсэн годон гутлыг сэргээн засварладаг байна.

Хүний хөлийг дулаан байлгах буянтай ажил хийдгээрээ бахархдаг

Тэд үйлдвэрлэсэн гуталнуудаа аймгийнхаа хэрэглэгч нарт борлуулахын зэрэгцээ Дархан, Эрдэнэт, Өмнөговийн иргэдэд захиалгаар борлуулдаг аж. Удахгүй тэд дэлгүүрээ нээхээр бэлтгэл ажилдаа оржээ.