
Чөлөөт бөхийн анхдагчдын нэг, бөхийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравтай манай сурвалжлагч ярилцжээ. Дашрамд өгүүлэхэд Монголын тамирчдаас олимпийн медалийг хамгийн анх Дамийл багш хүртсэн юм.

-Та оны өмнөхөн Наран улс руу зорчоод ирсэн. Явсан ажлынхаа сонин сайхнаас сонирхуулаач?
-Японы нийслэл Токиод зуны олимпийн наадам зохиогдсоны 50 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Монголын тамирчдын хувьд зуны олимпод анх удаа “Токио 1964”-өөс эхлэн оролцсон түүхтэй. Түүхт ойдоо улс болгоноос нэг төлөөлөгч урьсан юм. Энэ шугамаар тэнд тав хоносон. Тавин жилийн өмнө олимпийн нээлт болсон цэнгэлдэх хүрээлэндээ ахин очиж, танил найз нөхдүүдтэйгээ дахин уулзаад эргээд залуу болсон юм шиг сайхан сэтгэгдэлтэй ирлээ. Тавин жил гэдэг хүний амьдралд багагүй хугацаа.
-Япончууд түүхт ойгоо хэр өргөн дэлгэр тэмдэглэв?
-Маш сайхан, дээд зэргийн зохион байгуулалтай тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээнд Японы Эзэн хаан Акихито, Ерөнхий сайд Шинзо Абэ, Токио хотын дарга болон 2020 оны олимпийг Зохион байгуулах хорооны гишүүд оролцсон нүсэр арга хэмжээ болсон. Арга хэмжээний үеэр улс болгоноос нэг төлөөлөгчийг тайзан дээр гаргаж танилцуулсан. Япончууд манайханд их сайн ханддаг болж. Монголоо төлөөлж тайзан дээр гарчихаад ирэхэд олон хүн баяр хүргэж байна лээ. Монголын жүдо бөхийн холбооны бие төлөөлөгч Бат-Эрдэнэ хэмээх орчуулагч залуугийн ачаар нээлттэй сайхан ярилцсан. Тэд манай сүмогийнхныг, ялангуяа сүүлийн үед хүчтэй гарч ирж буй Ичиножёо А.Ичинноровыг их магтаж байлаа. “Монгол бол гуравхан сая хүнтэй улс. Манайх нийгмийн хөгжил, хүн амынхаа тоогоор танайхаас хэд дахин илүү ч сүмогоор Монголыг үнэхээр дийлэхгүй байна. Танай орон үнэхээр бөхийн орон юм байна” гэж ярьж байсан нь надад тун сайхан санагдаж байсан шүү.
Үнэхээр ч гурван жилийн өмнө Японы алдарт бөх, 1984 оны олимпийн аварга Томияма манайд айлчлахдаа “Танайд 100 хүүхдээс 85 нь бөх болж чадна. Манайд бол 15 нь л бөх болох магадлалтай. Ийм нөхцөл боломж муу газраас дэлхийн хэмжээний бөхчүүд төрж буй нь яах аргагүй танай орны байгаль, цаг агаар, хоол хүнс, хүн амынх нь эрүүл мэндээс болдог байх” гэж ярьж байсан. Энэ утгаараа бид ихээхэн азтай, хувьтай улс гэж боддог.
-Нэгэнт энэ сэдвээр ярьсных “Токио 1964” олимпод хэрхэн барилдаж байсан тухайгаа эргэн дурсахгүй юу?
-Миний хувьд 1960 онд хөдөөнөөс хотод ирээд бөхийн спортоор хичээллэсэн эхэлсэн. Эхлээд үндэсний бөх барилдаж байгаад дараа нь чөлөөт бөх рүү шилжиж, түүнээс нэг их удалгүй Токиогийн олимпод зодоглосон доо. Хэд хэдэн тэмцээн, сорил хийсний дүнд биднийг сонгож авсан юм. Олимпод явахын өмнө Болгарт нэг сарын хамтарсан бэлтгэл хийж, дараа нь Германд олон улсын тэмцээнд оролцсон. Тэр тэмцээнээс Б.Сүхбаатар, Д.Сэрээтэр бид гурав алт, Ж.Мөнхбат, “Жижиг” Б.Санжаа хоёр мөнгөн медаль авсан юм. Үндсэндээ дээрх амжилтаараа олимпод явах болзлоо хангасан хэрэг.
Олимпод ямар хүнтэй, яаж барилдахаа мэдэхгүй байсан ч ялна гэсэн ганцхан зорилготой очсон
Олимпод ямар хүнтэй, яаж барилдахаа мэдэхгүй байсан ч ялна гэсэн ганцхан зорилготой очсон. Гэхдээ олимпийн дэвжээ шал өөр гэдгийг мэдэрсэн дээ. Чөлөөт бөхийн спортыг гүйцэд ч ойлгож амжаагүй шахам бид, манайхны хажууд нэг бус жил барилдчихсан гадныхны хооронд нэлээд ялгаа байсан. Токиогийн дэвжээнд би Цейлон (Шри-Ланка), Германы бөхчүүдийг цэвэр ялаад, дэлхийн таван удаагийн аварга ЗХУ-ын бөх Али Алиев, дэлхийн хошой аварга Туркийн Янилмаз хоёрт дийлдэн 8-9 дүгээр байранд орсон. Тухайн үед Ж.Мөнхбат аварга 7-8 дугаар байр эзэлж, бид хоёрыг хамгийн сайн барилдсан юм шиг сонин хэвлэлүүдэд бичиж байсан. Олимпийн дэвжээнд анх ингэж л барилдаж байлаа.
-Харин дөрвөн жилийн дараа “Мехико 1968”-аас Монголын бөхчүүд дөрвийн дөрвөн медаль авчирсан...
-Олимпийн дэвжээ ямархуу болохыг мэдэрчихсэн, мөн хоёр ч ДАШТ-д барилдаад үзчихсэн, 1967 онд Делигээс Мөөеэ аварга дэлхийн аваргын анхны медалийг авчихсан үе байлаа. Өөрөөр хэлбэл сэтгэлзүйд олимпоос медаль авч болох юм байна гэсэн сэтгэлгээ суучихсан, өөртөө ч нэлээн итгэлтэй болчихсон үе. Тухайн үед гавьяат багш О.Цэрэндагва, С.Магсар болон Зөвлөлтийн мэргэжилтэн, дэлхийн дэвжээнээс хэд хэдэн медаль авч байсан Иван Лосик гэж хүн биднийг дасгалжуулж байсан. Бэлтгэлээ ч сайн базаасан. Мексик бол далайн түвшнээс 2500 метрийн өндөрт оршдог улс. Үүнд дасан зохицох зорилгоор бэлтгэлээ Отгонтэнгэрт хайрханд хийсэн. Нэгдүгээрт өндөр уулын нөхцөлд дасаж, хоёрдугаарт хэрэглэж байсан хоол хүнс маань ч үнэхээр сайхан байгалийн бүтэээгдэхүүн байлаа. Энэ бүхний ач тусаар манайхан бэлтгэлээ хангалттай сайн базаасан. Тэр үеийн дүрмэнд таван минутаар хоёр үе барилддаг байв. Бидний тактик гэвэл техник, ур чадвар гэхээсээ гаднын бөхчүүдийг цуцааж, хялайлгаж байгаад бэлтгэлийнхээ хүчээр илүүрхэн ялдаг байсан. Тэр үед одоогийнх шиг витаминжуулалт энэ тэр гэж байсангүй, бараг халуун ус ч ховор нөхцөлд анхны медаль авсандаа баяртай байдаг. Мөн олимпийн дэвжээнд амжилттай барилдсанаа нутгийн минь онгон догшин хайрханы ач тус хэмээн одоо болтол бидний хэдэн ахмад бөхчүүд богд Очирвааньдаа сүсэлж явдаг.
-Хаанахын хэн гэгч бөхчүүдтэй хэрхэн барилдсанаа дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Мехикогийн дэвжээнд нийтдээ долоон тойрог барилдсан. Эхний хоёр учраа Арабын Нэгдсэн Эмират Улсын бөхийг оноогоор, Туркийн бөх Европын хошой аварга Мехмет Эсенжелийг цэвэр ялсан. Өмнөх жилийнх нь дэлхийн аваргаар дөрөвт орчихсон, медалийн тооцоонд явсан бөхийг ялсандаа урамшсан гэх үү дээ. Гуравдугаар тойрогт Италийн Винченцо Грассиг гурван оноогоор илүүрхэж явтал гэнэт шүүгч барилдааныг зогсоож, хориотой барьц авсан гэдэг үндэслэлээр намайг цэвэр ялагдсанд тооцох нь тэр. Ингээд халаасны зургаан онооныхоо дөрвийг нь алдчихаж байгаа юм. Ингэснээрээ дараагийн хоёр барилдаанд оноогоор яллаа ч гэсэн тэмцээнээс хасагдах аюул нүүрлэсэн. Тэр үед Монголыг бөхийн орон гэж хэн ч мэддэггүй байсан. Нэг ёсондоо зүгээр л хуудуутай шүүлтийн золиос болсон. Үүний дараа Европын аваргын мөнгөн медальт Унгарын бөх, ДАШТ-ий дөрөвдүгээр байранд шалгарч байсан Германы бөхчүүдийг хоёуланг нь цэвэр ялж, финалын шатанд гурвуулаа үлдэж, медаль дээр буух нь тодорхой болсон.
-Та Монголын тамирчдаас олимпийн анхны медалийг авчирсан хүн. Тэр түүхэн өдөр 1968 оны хэдэн сарын хэдэнд тохиосон юм бэ?
-1968 оны аравдугаар сарын 20-ны өдөр байсан. Тэр үед бүх жингийн медалийн төлөөх барилдаанууд нэг өдөр болох. Дөрөв хоногийн турш жингээ бариад өлсгөлөн байдалтай их л хүнд жиндээ орж, дөрөв дэх хоног дээрээ медалийн бараа харсан. Тэр өдөр Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Т.Артаг бид дөрөв дөрвүүлээ медаль авсан. Минийх хамгийн хөнгөн жин учраас дэвжээнд түрүүлж гарч, тэр ч утгаараа хамгийн анхны олимпийн медалийг авсан гэсэн үг. Аливаа тэмцээн хөнгөн жингээр эхэлдэг учраас би гараагаа сайн эхэлвэл бусдад маань ч сайнаар нөлөөлөх гээд байдаг. Барилдахын өмнө надад Мөөеэ аварга “Чи медаль дээр буучих юм бол бид нар ч гэсэн медаль авна. Хариуцлагатай байгаарай” гэлээ. Багш нар ч тэгж захиж байна. Тэгээд Германы бөхийг ялаад медалийн болзол хангасан. Финалын шатанд Америкийн бөх, дэлхийн аварга Ричард Сандерс, олимп, дэлхийн аварга Японы Шигео Наката нартай үлдсэн. Эхлээд Сандерстай 8:8-аар тэнцэв. Энэ барилдаан дуусаад таван минут ч болоогүй байхад намайг дэвжээнд дуудсан. Үнэндээ сүүлийн барилдаанд Японы бөхөд яалт ч үгүй дийлдсэн. Нөгөө талаараа медаль авсандаа ханаж, хүч гараагүй байсан байж болох талтай.
Барилдахын өмнө надад Мөөеэ аварга “Чи медаль дээр буучих юм бол бид нар ч гэсэн медаль авна. Хариуцлагатай байгаарай” гэлээ
-Мехикогийн олимпоос хойш та олимпод дахиж барилдсан бил үү?
-Мюнхений олимпод 57 кг-д хоёр бөх очсон юм. Өмнөх жилийнх нь ДАШТ-ээс мөнгөн медаль авсан гэдгээрээ М.Хойлогдоржийг үндсэн тамирчнаар, намайг нөөц тамирчнаар авч явсан юм. Харамсалтай нь Хойлогийн биеийн байдал тааруу байсны улмаас тааруу барилдсан. Манай хүн 72 оны өвөл шарласан нь сөргөөр нөлөөлж, үзүүлэх ёстой амжилтаа гаргаж чадаагүй. Түүний хувьд ЗХУ-ын Иван Кулешов, Унгарын Ласло Клинга нарт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Клинга явсаар байгаад хүрэл медаль хүртсэн. Уг нь би түүнийг гурван удаа таарч барилдахдаа гурвууланд нь ялж байсан юм. Магадгүй тэр үед би барилдсан бол Унгарын бөхийг ялаад медаль авчих ч байсан юм бил үү. Нэгэнт тухайн үед дасгалжуулагч нар л сонголт хийснээс хойш юу ярих вэ дээ. Тэгээд нэгэнт олимпод очсоных сонгомол бөхийн 62 кг-д барилдаж, нэг ялаад олимп, дэлхийн аварга Польшийн Липиен гэж бөхөд хожигдсон.
-Дасгалжуулагчийн хувиар хэдэн олимпод оролцсон бэ?
-Миний хувьд зуны олимпод зургаан удаа оролцсон. Гурван удаа тамирчнаар оролцож, 1980, 2000, 2004 онд дасгалжуулагчаар ажилласан.
-Дэлхийн аваргын дэвжээнд ямар амжилт үзүүллээ?
-Нийтдээ таван удаа оролцсон юм байна. 52 кг-д хоёр удаа, 57 кг-д гурван удаа барилдсан. Медальд хамгийн ойрхон очсон нь гэвэл 1966 оны ДАШТ. Хэрвээ Унгарын бөхийг ялсан бол дараа нь хийлж, шууд медаль дээр буух байлаа. Туршлага дутсанаас гэх үү нэг оноо алдан ялагдаж, долдугаар байранд орсон. --Жингийн тань гол өрсөлдөгчид гэвэл ямар бөхчүүд байв?

-Дотооддоо гэвэл 52 кг-д Д.Хашбат, Д.Лодой бид гурав өрсөлддөг байсан. Гаднын бөхчүүдээс ЗХУ, Япон, Иран, АНУ, Туркийн бөхчүүд хүчтэй өрсөлдөгчийн тоонд ордог байлаа.
-Дан Колов, Тбилисийн тэмцээнүүдэд хэрхэн барилдаж байв?
-Тэр үед олон улсын тэмцээнд цөөхөн оролцдог байлаа. Гадагшаа явахын тулд нэг сарын өмнө Намын төв хороонд материал оруулж байж явах, явахгүйгээ шийддэг байсан үе. Энэ нь олон тэмцээнд оролцоход, туршлага хуримтлуулахад саад болж байсан гэвэл буруудахгүй байх. Бидний оролцдог байсан хамгийн том тэмцээн гэвэл Ах дүү армиудын тэмцээн, Болгарт зохиогддог Дан Коловын тэмцээн, Гүржийн Тбилисид болдог ОУТ-үүд байсан. Тухайн үед Ардчилсан Солонгос, Болгар, Унгра, Герман, ЗХУ зэрэг социалист орнууд бөхийн хөгжлөөрөө ноёлдог байсан. Тийм ч учраас эдгээр тэмцээнүүд маш чанартай болдог байсан юм. Ер нь эдгээр тэмцээнээс медаль авсан бөхчүүдийг манайхан тив, дэлхийн тэмцээнд оролцуулдаг бичигдээгүй хууль байлаа. Миний хувьд Ах дүү армиудын тэмцээнд түрүүлж, Тбилиси, Дан Коловын тэмцээнд тус хоёр удаа эхний гуравт орж байсан.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. Төрж өссөн нутаг ус, бага нас, эцэг эхийнхээ тухай яриач?
-Миний бага нас Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд өнгөрсөн. Аав, ээж маань жирийн малчин хүмүүс байсан. Бид эцэг эхээс наймуулаа. Би дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй хүүхдийн дээрээсээ гурав дахь нь. Тэр үеийн олон хүүхэдтэй айлын адилаар эгэл бор амьдал дунд хүн болсон доо. Өвөө, аав хоёр маань лам хувраг байсан хэмээн хоёулаа хэлмэгдэж байсан. Миний өвөө Содномцэрэн Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, Эрдэнэмэргэн ноён хутагт гэж Монголын 13 тамгатай хутагтын нэг байсан юм. 1937 онд цаазлагдсан даа, хөөрхий. Аав маань ч арав гаруй жил шоронд суусан.
-Эсэргүүний хүүхэд гэж хавчигдаж явав уу. Энэ байдал хэзээнээс гайгүй болсон бэ?
-Нэлээд хавчигддаг байлаа. Мехикогийн олимпоос медаль авч ирчихээд сарын дараа нутагтаа очиход аав маань аймгийн шоронд байсан. Очоод аавыгаа эргэх гэж нэлээд юм болсон. Аймгийн намын хорооноос арай гэж нэг зөвшөөрөл аваад хянагчийн дэргэд уулзах жишээтэй. Ний нуугүй хэлэхэд аавын талынхан удам дамжсан лам хувилгаан, үе удмаараа хүний хүүхдэд нэр өгдөг, алдсан малыг олж өгдөг, мэргэ төлөг тавьдаг, мэргэн түргэн улсууд байсан юм билээ. Үүний улмаас аав маань 4-5 удаа орон шоронд орсон. Хамгийн сүүлд нэлээд нас хэвийж, тавь гарсан хойноо хүртэл сууж байсан удаатай. Энэ байдал эцгийг минь өнгөрөх хүртэл буюу 80-аад оны дунд үе хүртэл үргэлжилсэн болов уу гэж би боддог юм.
-Бөхөд хэрхэн татагдан орсон бэ. Удам сударт тань барилддаг хүмүүс байсан уу?
-Хоёр талдаа бөхийн удамтай. Аавын дүү Хоовон аймгийн арслан цолтой бөх хүн. Мөн эхийн талд аймгийн заан начин цолтой Тогооч, Банзар зэрэг барилдаж ноцолддог хүмүүс байсан. Бидэнд өвгөд хөгшдөө дуурайсан улсын цол авчихмаар бие хаа заяасангүй ээ. Гэхдээ орчин үеийн бөхийн барилдаанаар анх хичээллэж, дэлхийн агуу спортын ач буяныг хүртэх хувь тохиосон. Миний хувьд үндэсний бөхөөр сум, овооны наадамд барилдаж, сумандаа түрүүлж байсан. Харин төрсөн ах маань надаас ч илүү барилдах. Гэхдээ миний ах чинь улсын аваргын тэмцээнээс гурван удаа медаль авч, 1971 онд Монголын бүх ард түмний спартакиадаас хүрэл медаль хүртэж, БНМАУ-ын спортын мастер цолны болзлыг хангаж байсан. Тэр үед хөдөөнөөс ирээд мастер болоход маш хэцүү байсан. Над шиг улсын хоол идэж, гадагшаа тэмцээнд оролцож үзээгүй хөдөөний хүн болохоор тэгсгээд барилдахаа больсон доо.

-Монголын жүдочдын сүүлийн жилүүдэд гаргасан амжилтыг таны төрсөн дүү Ч.Насантогтох багштай салган ойлгохын аргагүй. Түүхэнд ах дүү хоёр Ардын багш төрсөн тохиолдол байдаггүй...
-Тийм ээ, нэг айлаас ах дүү хоёр Ардын багш төрсөн түүх байхгүй биз ээ. Насаагийн надаас давж гарсан зүйл нь гэвэл Хөдөлмөрийн баатар болсон. Бид хоёрын зан характер өдөр, шөнө шиг ялгаатай. Манай Насаа бол хүлээцтэй, барагтай бол амнаасаа сул үг унагахгүй. Нэлээд удаан бодож эргэцүүлж байж шийдвэрээ гаргадаг. Эцэг маань бас тийм хүн байсан. Харин би эхийн талаа дуурайсан юм шиг байгаа юм, аливаа юманд амархан шатдаг, түргэн зантай, санасан бодсоноо шулуухан хэлчихдэг. Энэ нь зарим хүнд нь таалагддаг, заримд нь таалагдахгүй нь ч бий.
Би хотод ирчихээд дүүгээ хөдөөнөөс татаж, О.Цэрэндагва, С.Магсар багшийн секцэнд орууллаа. Насаа хэсэг хугацаанд бэлтгэл хийгээд Монголын пионер сурагчдын спартакиад, залуучуудын аваргаас тус бүр мөнгөн медаль авч байсан. Тэгээд “Нэг нь ч гэсэн эрдэм ном үзэх хэрэгтэй” гээд дүүгээ аравдугаар анги төгсөнгүүт нь Москва хотын биеийн тамирын дээд сургуульд шалгалт өгүүлсэн. Манай хүн ч шалгалтдаа тэнцсэн. Тэр үед хойно чөлөөт бөхөөр олон хүн суралцаж байсан болохоор ангийг нь солиулж, шинэ хөгжиж буй самбо, жүдо барилдааны дасгалжуулагчийн ангид оруулсан. Ингэж ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Орлампиев гэж хүний шавь болсон дүү маань Монголын самбо, жүдогийн анхны мэргэжилтнүүдийн нэг болж, 1973 онд сургуулиа төгсөөд ирсэн түүхтэй.
Тэр үед хойно чөлөөт бөхөөр олон хүн суралцаж байсан болохоор ангийг нь солиулж, дүүгээ шинэ хөгжиж буй самбо, жүдо барилдааны дасгалжуулагчийн ангид оруулсан
-Харин та хэрхэн тамирчнаас дасгалжуулагчийн албанд шилжсэн юм бэ?
-Шигшээ багийн тамирчин байхдаа буюу 1965-70 оны хооронд УБДС-ийн Биеийн тамирын сургуулийг дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. 1970 онд гартаа хүнд гэмтэл авснаас болж амжилт маань буурч эхэлсэн. Нийтдээ 5-6 удаа гарандаа мэс засал хийлгэсэн байдаг юм. Энэ үеэс л үндсэндээ дасгалжуулагчийн ажил руу шилжсэн гэхэд болно. 1971 онд Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх “Алдар” нийгэмлэгээс Биеийн тамирын төв зөвлөлийн дарга Ш.Магванд хүсэлт тавьсны дагуу намайг дасгалжуулагчаар авсан юм. Тийм нэр хүндтэй хүн надад итгэж, дасгалжуулагч болох санал тавихад зөрж чадаагүй. Ингээд өөрийнхөө гараар хэний ч танихгүй, нууц авьяаслаг бөхчүүдийг төрүүлэх зорилго тавьсан. Тийм ч учраас хүний гараар дамжсан хүүхдүүдийг секцэндээ авдаггүй байлаа.
-Төрүүлсэн шавь нараасаа нэрлээч?
-Хамгийн анхны шавь нарын нэг гэвэл дархан аварга Д.Цэрэнтогтох байна. Мөн Д.Хадбаатарыг хөнгөн атлетикийн цэрэг байхад нь бөхөд оруулж байлаа. Улсын гарьд Д.Баяраа, заан Д.Цэнд-Аюуш, Ё.Ишгэн, начин Ц.Улаанхүү, Д.Багахүү, ОУХМ А.Баатархүү нарын олон бөхчүүд бий. “Алдар” нийгэмлэгийн нэг сайхан нь юу вэ гэхээр хугацаат цэргийн албан хаагчдыг бөх болгон бэлдэхэд амар байдаг. Эхний жилдээ сулхан байсан хүүхдүүд хоёр дахь жилээсээ чангарч, гурав дахь жилээсээ бөх болчихдог. “Алдар”-т ажиллахын хажуугаар Спортын төв ордон дээр тусгай авьяастай хүүхдүүдийг сонгон, бэлтгэл хийлгэдэг байсан. Тэр секцнээс гавьяат тамирчин Б.Болд тэргүүтэй олон залуучууд бөх болох гараагаа эхэлсэн.
-Та шигшээ багийг цөөнгүй жил дасгалжуулж байсан. Армийн клубийг дасгалжуулахаас ялгаатай тал нь юу байв?
-Монголын чөлөөт бөхийн оргил амжилт 1974-75 оны үед тохиосон гэж үздэг. Харин Монреалийн олимпийн дараа залгамж халаа алдагдаж, амжилт нь буурах түвшинд оччихсон байлаа. З.Ойдов, Х.Баянмөнх, Ц.Нацагдорж, М.Хойлогдож, Д.Ганбат нарын нас 30 гарчихсан, нөөц тамирчид нь амжилт гаргах боломжгүй болчихоод байсан үе. Ийм үед надад итгэл хүлээлгэж, шигшээг хариуцуулсан. 1978 оны зургадугаар сард шигшээгийн дасгалжуулагчаар томилогдоод 1986 оныг дуустал найман жил ажилласан. Тухайн үед өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд “Алдар”-ын бөхчүүд өнгөлдөг байсан учир өөрийн Армийн багийг шигшээгийнхээ гол сууриа болгон бэлтгэл хийлгэж эхэлсэн. Ингээд 1978 оны ДАШТ-д баг тамирчдаа авч оролцон Д.Оюунболд маань хүрэл медаль хүртсэн. Хоёр жилийн дараа Москвагийн олимпоос Ж.Даваажав маань мөнгө, Д.Оюунболд хүрэл медаль хүртэж, дөрвөн тамирчин шагналт байр эзэллээ. Улмаар 1985 оны Будапештийн дэлхийн аваргаас А.Энхээ, Б.Болд хоёр маань мөнгөн медаль авч, Н.Бүргэдаа, З.Дүвчин хоёр шагналт байр эзлэн багаараа дөрөвдүгээр байранд шалгарч, мөн 1986 оны Дэлхийн цомд А.Энхээ маань түрүүлсэн. Ер нь сайхан залуучуудаас багаа бүрдүүлчихсэн, Сөүлийн олимпоос медаль авах бүрэн боломжтой байлаа. Гэтэл гэнэтхэн намайг шигшээ багийн дасгалжуулагчийн албанаас чөлөөлчихсөн.
-Ямар шалтгааны улмаас?
-Баг доторх нутгархах байдал, жалга довны үзлээс болж үндсэндээ би шигшээгээс хөөгдсөн юм шүү дээ. Халсан гол шалтгаан нь багийн дүн буруу гаргасан гэдэг үндэслэлээр. Жин тус бүрийн эхний арван байрны шагналын оноог тооцоход унгарчууд манай өмнө буюу багаараа дөрөвдүгээр байрт орчих гээд байдаг, харин шагналын зургаан оноо өгдөг системээр бол манайхан тэдний өмнө орох байсан юм. Тэгээд намайг унгарчуудын гаргасан дүнг бус өөр дүн гаргасан хэмээн шалтаглаад нэг л өдөр халчихсан.
-Та нэг хэсэг Өвөрмонголд ажилласан байх аа?
-Шигшээгээс гарчихаад нэг хэсэг Политехникийн дээд сургуульд багшилсан. Яг тэр үед манай А.Энхээ гимнастикийн шалгалт өгч байгаад турникнээс унаж, хүнд гэмтэл авсан. Нугас нь тасарсан түүнийг Өвөрмонгол, Бээжинд эмчлүүлсэн боловч эдгээгүй. Тэгэхэд зах зээлийн хүнд үе эхэлчихсэн, манайханд эмчилгээний зардлыг төлөх мөнгө үнэндээ байгаагүй. Өвөрмонголчууд “Нэгэнт танайх мөнгө төлж чадахгүй юм чинь оронд нь чөлөөт бөхийн нэг сайн багш авъя” гэсэн хүсэлт тавьсны дагуу Хөх хотод гурван жил хагас хэртэй ажилласан даа.
-Тэр үеийн Өвөрмонголын бөхийн хөгжил ямархуу байв?
-Өвөрмонгол төдийгүй Хятадын бөхийн хөгжил сул байсан. Хятадын бүх ард түмний спартакиадиар багаараа 5-6 дугаар байр хавьцаа ордог байсан юм билээ. Намайг очсоны дараа буюу 1993 спартакиадаас нэг алт, дөрвөн мөнгөн медаль авч багаараа түрүүлж байлаа.
-Монголыг бөхийн орон гэдэг. Харин өвөрмонголчууд хэр зэрэг барилдах авьяастай вэ?
-Адилхан монгол үндэстэн учраас бөхөд авьяастай. Гэхдээ үндэсний бөх нь одоогийн жүдо шиг хөл нь хөлөнд чиглэсэн, гар нь гаранд чиглэсэн мэх хийдэг онцлогтой. Харин монгол бөх бол чөлөөт бөхөд илүү ойрхон. Нөгөө талаасаа манайхан хэдий хүнд нөхцөлд бэлтгэлээ хийдэг ч гэсэн олимп, дэлхийн аварга болохыг хүсдэг, өндөр сэтгэлзүйтэй. Харин өвөрмонголчууд тийм сэтгэлзүйгүй, Хятадын аварга л болчихвол боллоо гэсэн байдалтай байх жишээтэй.
-Дараа нь ахиж шигшээ багтаа ажилласан байх аа?
-Өвөрмонголоос ирсний дараа хэсэг хугацаанд БТДС-д багшилж байгаад 1998 онд шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар буцаж очсон. Үнэхээр хүнд байсан, их ч ядарсан даа. Дэлхийн аваргад явах гэхээр замын зардал байхгүй, цугларалтад гарлаа ч хоол хүнсээ ч олигтой шийдэж чаддаггүй хүнд үе байлаа. 2004 он хүртэл зургаан жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.
Баг доторх нутгархах байдал, жалга довны үзлээс болж үндсэндээ би шигшээгээс хөөгдсөн юм шүү дээ
-Одоо юу хийж байна даа. Миний анзаарснаар та чөлөөт бөхөөсөө хөндийрөөгүй байгаа бололтой?
-Тэтгэвэрт гарсны дараахан Өвөрмонголоос урилга ирсэн. Тухайн үед 80-хан мянган төгрөгний тэтгэвэр тогтоолгосон надад олон хүүхэд, ач зээ, ар гэрээ тэжээхэд хүндрэлтэй байсан учир 2005-10 оны хооронд дахин Хөх хотод ажилласан. Өвөрмонголчууд боломжийн цалин өгч, хоёр ч удаа хүндээр өвдсөн намайг үнэ төлбөргүй эмчилж өгсөн. Манайхны зарим нь хятадуудад тусаллаа гээд ам муутай л байдаг юм. Үнэндээ тэнд ганцхан хятад бөхтэй, бусад бөхчүүд, дасгалжуулагчид нь дандаа өвөрмонголчууд байсан. Би монгол үндэстэнгүүддээ л тусалж байсан гэж боддог.
Тэндээс ирснийхээ дараа ч гэсэн бөхөөсөө хөндийрөөгүй байна. Холбооноос Ц.Нацагдорж бид хоёрт “Хүнд жингийн бөхчүүд бэлдээч” гэсэн хүсэлт тавьсны дагуу 2010 оноос Спортын төв ордонд бөхийн секц хичээллүүлж байна. Хоёр өвгөн 40 орчим хүүхэдтэй бэлтгэл хийдэг юм. Долоо хоногт дөрвөн удаа хичээллэдэг. Энэ хүүхдүүд бүгдээрээ бөх болох албагүй. Таван хүүхэд нь бөх боллоо гэхэд үлдсэн 35 нь спортын ачаар зөв хүн болж төлөвшөөсэй гэж хүсдэг. Харамсалтай нь хүнд жингийн бөх болгохоор бэлдэж байсан том биетэй залуус нь улсын цол мөрөөдөөд яваад өгчих юм.
-Гэр бүлээ танилцуулаач. Үр хүүхдүүд, ач зээ нараас чинь таны шийрийг хатаасан бөх төрөх шинж байна уу?
-Оюутан байхдаа нэг ангид суралцдаг байсан охинтойгоо гэр бүл болсон. Шигшээгийн тамирчид бид чинь олон хоногоор тэмцээн уралдаан гээд явчихна. Тэр үеийн сургалт хатуу “Лекц конспект заавал шалгана” гээд л. Тэр үед гэр бүлийн хүн маань л надад тусалдаг байсан. Бид хоёр хүү, хоёр охинтой. Ач зээгээ нийлүүлвэл 20-30 болох байх. Хүүхдүүдээс маань бөх барилдсан хүн байхгүй ээ, бүгд тус тусын эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна. Хотод өссөн болохоор бөх гэхээсээ хөлбөмбөг сонирхох нь илүү. Би ч гэсэн онцгой авьяасгүй бол заавал бөх рүү оруулж аз сориод яхав гэж боддог.
Амьдрал ахуй яахав болж л байна. Гурван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимп, дэлхийн медальтнуудад нэг насны сар болгоны урамшуулал олгох зарлиг гаргасан нь бидний амьдралын баталгаа болж байна. Үнэхээр нүдээ олсон шийдвэр боллоо хэмээн Ерөнхийлөгчдөө сүслэж явна даа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимп, дэлхийн медальтнуудад нэг насны сар болгоны урамшуулал олгох зарлиг гаргасан нь бидний амьдралын баталгаа болж байна
-Эцэст нь Монголын чөлөөт бөхийн өнөөгийн хөгжлийн талаарх өөрийн бодлоо хэлэхгүй юү?
-Сүүлийн хэдэн жил улс орны эдийн засагт нааштай өөрчлөлт гарч, хүмүүсийн амьдрал нэг үеэ бодвол дээшилж, сэтгэлгээ нь ч өөр боллоо. Бээжингийн олимпоос хоёр ч аварга төрж, монгол түмний минь магнай тэнийлээ. Хэдий тийм ч олимп, дэлхийн анхны медалийг авч байсан чөлөөт бөхийнхөн маань одоо болтол олимпийн аваргатай болж амжаагүй явна. Бидний эрхэм зорилго бол олимпийн аваргыг төрүүлэх. 2009 оноос МЧБХ шинэчлэгдэж, шинээр дэлхийн аварга төрж, 32 жил тасарсан олимпийн медалийг С.Батцэцэг маань авлаа. Холбоог удирдаж буй залуус маань бөхөө хөгжүүлэхийн төлөө эв нэгдэлтэй сайн ажиллаж байна. Рио-де-Жанейрогийн олимпоос аваргатай ирэх болов гэж найдан харж байна даа.
-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа
