Өнгөрсөн оны долдугаар сарын 9-нд зарим нэгийнх нь эрч хүч, нөгөө хэсгийнх нь зорилго, үлдсэн заримын нь эх орныхоо хөл тавиагүй газар очих хүслээр нэгдсэн 22 хүнтэй аяллын маш өвөрмөц баг Монголын гурван их нурууг өртөөчлөх аялалд “Аял юу гэвээс Алтай Таван Богд” уриатайгаар зориглон гарав аа. Өвөрмөц гэсний учир нь аяллын багийн гишүүдийн насны үечлэл, бүрэлдэхүүнд байгаа юм. Зургаан гэр бүлийн, дөрвөн үеийн төлөөлөл болох балчир, бага, өсвөр, залуу, идэр, хижээл, ахимаг, ахмад насны ангилалд хамаарах, товчхондоо 2-70 насны гишүүдтэй аяллын баг маань Улаанбаатар-Алтай Таван Богд-Улаанбаатар чиглэлд 4600 гаруй км замыг, таван машинтайгаар 17 хоногт туулжээ. Багийн гишүүдийн ихэнх нь Бигэр номун ханы шавь болох Мухар халтар овогт Хумбан Өлзийн үр удам. Өвөг эцэг маань тэр үедээ нийслэл хүрээ, хятадын нутаг руу жин тээдэг худалдаа арилжааны томоохон аялагч байсан гэдэг.
Монгол гэхээр л дутуу дулимагаар сэтгэн үл тоодог хүмүүс бидний дунд хааяа байдаг даа. Тэгвэл тийм биш гэдгийг балчир, бага, өсвөр насныхандаа ойлгуулах нь бидний аяллын зорилгын нэг хэсэг нь байсан юм. Багийн гишүүн ахлах ангийн сурагч, оюутнууд зуны амралтын зурагт тайлан бичих тухай ярилцаж, санал солилцож, арай ядан хэлд орж буй зээнцэр хүү маань бүр хол хөдөө явъя гэж эмээ, өвөөгөөсөө шулганан шаардаж, хоёр нас найман сартай ач охин минь 17 хоногоор дүү үеэлдээ “Аниан дүү сайхан байнаа” хэмээн “хуучилж” байгаа нь магадгүй бидний аялалын зорилго биелсэнийх биз ээ. Аяллын явцад хичээн ч удаа самсаа шархирч, зүрх сэтгэл догдолж, бахархах сэтгэл төрж байсныг илэрхийлэхэд үг цөөдөж, авьяас дутна.
Машины хувьд туулах чадвар сайтай их гарын жийп машин байгаагүй. Харин Harrier RX400 RX350 загварын гурван машин байсан нь энэ машины сурталчилгааг хийж яваа аялагчид шиг л байлаа. Дэстийгийн истанад гэр, майхан сав гээд илүү дутуу зүйлээ ачицгаалаа. Бид энэ хол, эрсдэлтэй бөгөөд сонирхолтой аялалд “онц тээвэрчин”, “осолгүй манлай жолооч” О.Дэстий, монголын нутгаар геологийнхонтой хөндлөн гулд “тэнэсэн” О.Эрдэнэбилэг, эрсдэлтэй аялал сонирхогч М.Төгөлдөр, багаасаа аавыгаа дагаж олон газраар аялсан В.Энхтамир, хүргэн Г.Өсөхбаяр нарт амь нас, эрүүл мэндээ даатган, айх аюулгүй, санаа зовох зүйлгүй амар тайван яваад ирсэн хэрэг.
Эхний өдөр араас оройтож гарсан 2 машинаа хүлээж бараг хүн бүрийн мэдэх Бичигт хайрхан, Элсэн тасархай, Эрдэнэ зууг үзээд Орхон түшээ мөрний хөвөөнд хоноглолоо. Суварга хайрхнаас эх авсан Орхон гол нь 1124 км, Монголын хамгийн урт гол юм. Өглөө босоход хамар, цээж уужраад нэг л ер бусын.
Маргааш нь 1976-1982 онд амьдарч байсан Архангай аймгийн билэгдэл болсон Янгиртай хөшөөнд саатан, Цэцэрлэг хотод ирж Зая Бандид гэгээний хийдэд мөргөөд, амьдарч байсан байрандаа ирэхэд өвгөний минь 3 дугуйтын модон гараж зүсээ өөрчлөөд байж л байлаа. Эзэн хэврэг, эд мөнх гэдэг энэ дээ. Гурван хүүхэд минь I 10 жилд суралцаж, бид хоёр Багшийн сургуульд багшилж, отгон хүү минь энд төрсөн болохоор нэг л дотно. Булган уулын элгэн улаан боржин чулуун хаданд арилдаггүй улаан хүрэн зос, шунх сэлтээр Зая бандид Богд Зонховын хөргийг урлуулсан бөгөөд хожим нь түүнийг баллан МХЗЭ-ийн тэмдэг зурсан ч нөгөө бурхны зураг гараад ирдэг байсан сан. Харин одоо нөгөө бурхны хөргийг нөхөн сэргээжээ. Цагаан сар болохоор Булган ууланд хүмүүс нууцаар зул өргөдөг байлаа. Сонин түүх байгаа биз.
Харин одоо нөгөө бурхны хөргийг нөхөн сэргээжээ. Цагаан сар болохоор Булган ууланд хүмүүс нууцаар зул өргөдөг байлаа. Сонин түүх байгаа биз.
Цааш хөдлөөд Тайхар чулуунд хүрлээ. Хүмүүс чулуу давуулж шидвэл үйлс бүтдэг гэсэн шинэ“сүсэг”зохиож өөрсдийгөө зугаацуулдаг болжээ. Алдарт эрдэмтэн Б.Ринчин гуай 1960-аад оны дундуур түүхийн дурсгалт хад, чулуунд нэрээ бичиж мөнхлөх гэсэн хүмүүсийг шогчлон манай дунд сургуулийн ангийн хүүхдийн тэнд бичсэн нэрийг ашиглан ингэж“... хоо боль” гэж бичсэн байж билээ. Харин тэр нэр бороо, цас салхины нөлөөгөөр хэдийнээ алга болжээ. Гэтэл дээр өгүүлсэн Булган уулын бурхны хөрөг улам тодроод л байдагсан. Сонин юм шүү. Балрах ёсгүй бол арилдаггүй юм болов уу даа. Энд хүүхэд багачууд морь, сарлаг унаж зугаацлаа. Бид Тамирын бургасанд тухлан сууж хооллож ундааллаа.
Тэндээс Тэрхийн цагаан нуур луу хөдөлж, зам зуурт Чулуутын хавцал зэрэг газарт зураг, хөргөө татуулаад нар шингэхээс өмнө Хоргын тогоог сонирхлоо.Энэ орчимд Чулуут, Суман голын үзэсгэлэнтэй хавцлаас гадна хүрмэн хадан ангал, агуй нүх, хонхор гүдгэр, энхэл донхол зэрэг хоргодох далдлах газар үлэмжхэн учраас Хорго хэмээн нэрийдсэн гэж үздэг/О.Намнандорж/. 2004 онд ирэхэд 1985 оноос хойш юу ч хийгээгүй байж билээ. Энэ удаа хагас дутуу ч гэсэн машин явах зам засаж, тогоо руу өгсөх шат хийсэн байна. Нуурын хөвөөнд хоноглолоо. Гэр буудал нь гял цал биш ч, үнэдээ тохирсон боломжийн үйлчилгээтэй юм. 1979 онд энд хэд хоноход цурхай жижиг загас хөөж байгаа нь сарны саруулд харагддаг байж билээ. Нуурын эргээр замаг тогтоод бохирдсон усны үнэр ханхалж байгаа нь сэтгэл гонсойлгож байв. Монгол нутагт өмнө байгаагүй хар галуу энэ нууранд суурьшин нуурын загасыг хоослож байгаа талаар нутгийнхан шогширох нь харамсалтай. Харин Өвгөн хадны цаад талд ус нь ер бусын цэнгэг байлаа.
Элэг бүтэн, бодож санах юмгүй явж байсан газар, ус бүхэн өнгөрснийг нэхэн өгүүлж, залуу насандаа эргээд очсон мэт дотно, сайхан мэдрэмж төрүүлэх нь үгээр илэрхийлшгүй. Амьдрал, залуу насны минь нэгээхэн хэсэг энд өнгөрсөн болохоор арын сайхан хангай миний хувьд тэлсэн мөртөө төрсөн нутаг ус шиг минь дотно, хүн зон нь авир зан, мөс чанар сайтай, байгалийн үзэсгэлэн цогцолсон, ариун дагшин, өгөөмөр баян тансаг газар даа. Булган хангай уул, Тамирын гол минь үр ач нарыг минь энэрч нигүүлсэж байгаарай хэмээн ерөөл хүслээ шивнэлээ.
Завханы зүг хөдөллөө. Замын их ажил өрнөж харагдав. “Хангайн сайхан нурууны Идэрийн гол”-ын хөвөөнд хонолоо. Зам зуурын сайхныг сэтгэл баясан нүд хужирласаар Солонготын давааг давлаа. Давааны мод ёстой л дайн байлдааны хөлд нэрвэгдсэн мэт шатжээ. Хэтрүүлж хэлбэл аймшгийн киноны зураг авахад тохирмоор болсон байх юм. Байгалийн сайхан, хүний учруулсан гай гамшиг нь хар, цагааны туйл болон нэгийг сануулах шиг харагдаж байв. Ядахдаа л айлууд нь шатсан модоо түлдэг болоосой.
Хөгжлөөрөө ч, хүйтнээрээ ч монголдоо алдартай Тосонцэнгэл сумд ирлээ. Зээ дүү, бэр Эрдэнэбилэгүүдийн найз нар биднийг тосон үйлчилж, 108 рашаан нийлэн урсдаг хэмээн нутгийнхан нь бахархдаг Хожуулын голын дэргэд хонолоо. Хожуулын гол нь 1990-ээд оны эхээр онгоц сүйрч байсан Марз уулаас эх авдаг, ус ихтэй бөгөөд Идэрийн голтой Тосонцэнгэл сумын урд хэсгээр нийлдэг аж. Голын ус нь маш зөөлөн, тос шиг л мэлтгэнэн урсаж байлаа. Тэнд хонины махан хорхог, загас шарж идэн, Хожуулын голд сэлээд нэн жаргалтай амарч аян замын ядаргаагаа тайллаа. Хүмүүс их ирж амардаг бололтой. Хоол болтол шийр зугаа гэдэгдээ. Зүгээр суугаад яах вэ? Хэдэн жижиг хүүхдийн хамт архины шилийг нэг дор бөөгнүүлж, бусад хогийг түүж шатаалаа. Маргааш нь биднийг үдэхээр ирсэн дүү нарын найзуудын машинд бөөгнүүлсэн хогоо ачаад, хогийн цэг дээр аваачиж хаяхыг сануулахаа ч мартсангүй. Байгаль эх маань бага ч гэсэн баярласан байх аа. Маргааш нь Завхан аймгийн Нөмрөг сумыг дайран, Сонгино сумд ирж хоноглов.
Хутагт хувилгаадын болон хөдөлмөрийн баатар Намхайнямбуугийн нутаг хүн малд хангай, говь хосолсон сайхан газар байнаа.
Хутагт хувилгаадын болон хөдөлмөрийн баатар Намхайнямбуугийн нутаг хүн малд хангай, говь хосолсон сайхан газар байнаа. Зам зуурт Тэлмэн нуур гээд бас содон газрууд нэлээд байлаа. Лу жанжин гүний:
... Авралын дээд Хан-Хөхий юугаан
Атгаг үгүй сэтгэлийн үүднээс
Алгасал үгүй шүлэглэж магтан өчсүгэй... хэмээн магтан биширсэн Хан- Хөхий уул алсад сүглийн бараантаж харагдана. Хан хөхий, Булнай нурууны араар 1905 онд 11-12 баллын хүчтэй газар хөдөлж,маш урт ан зав гарч,бүхэл бүтэн уул идээшилж явсан тэмээн сүрэгтэйгээ цөмрөн дарагдсан хэмээн ярилцдаг. Хоёр маргад уулын ойролцоо дугуй нь хагарч, зам саатсан 2 настанд хүү, зээ нар ёстой л сэтгэл гарган тусалж, багаж төхөөрөмжөө гарган засаж, бас зөвлөж байгааг хараад тэдэндээ баярлаж л байлаа. Хүнд тусалбал өөрийн хэрэг бүтдэг хойно доо. Хоёр хөгшин ч баярлаж, талархсанаа илэрхийлэн, байгаа бүхнээрээ дайллаа. Гэтэл нөхөр нь УБДС-ийг нэг мэргэжлээр төгссөн ангийн анд маань байж таарлаа. Өвгөнийг минь дурсан, хүүг минь аав шигээ тусч хэмээн магтах урмын сайхан үг сонсох сэтгэлд өег сайхан байлаа.
Хан хөхий, Булнай нурууны араар 1905 онд 11-12 баллын хүчтэй газар хөдөлж,маш урт ан зав гарч,бүхэл бүтэн уул идээшилж явсан тэмээн сүрэгтэйгээ цөмрөн дарагдсан хэмээн ярилцдаг.
Тэндээс Увс аймгийн Хяргас нуурыг зорилоо Ингэж хангайн нурууг хөндлөн гулд тууллаа. Явсан, очсон орон газар зун зуншлага сайтай, газар ногооны гарц ч тун сайхан, уулзсан учирсан бүхэн тусч сайхан сэтгэлээр угтах нь сэтгэл хөдөлгөн, эх сайхан орон, эгэл энгийн ард түмнээрээ бахархах сэтгэл төрнө. Замын хажууд суварга босгоод бурхан тахил, ном судраа эзгүй орхиод явсан байхтай тааралдаж мөргөөд өглөг буянаа үлдээгээд замдаа гарлаа. Гэнэт хөдөө хээр янзын сайхан засмал замгараад ирлээ. Германы технологиор тавьсан зам цаанаа нэг өөр юм. Хөдөө орон нутаг минь хөгжиж байнаа. Энэ хугацаанд бас ч 1000 гаруй км засмал замаар аялсан бололтой. Нэг машинд гэмтэл гарсан тул Хяргас нуурын хөвөөнөөс хоёр тийш салж, маргааш нь уулзах болов. Гурван машин нь Хэцүү хадыг зорилоо. Энд тэнд элсэнд суусан машин харагдаж дотроо түгшиж л явлаа. Туршлагатай жолооч нар дажгүй л гараад явчихлаа. Хээр хөдөө зуны цагт саатах ч бас л жаргал даа. Аян замын ядаргаа арилаад сайхан шүү. Хэцүү хадны тэрүүхэн тохойн ус нь байгаль эхийн хүмүүн бидэнд урлан бүтээсэн усан сан лугаа адил ёроолын чулуу нь өнгө өнгөөр ялгаран харагдахаар тунгалаг, тогтуун аж. Шумуулыг эс тооцвол диваажин юмаа. Хүүхэд, хөгшидгүй умбаж, шумбаж авлаа. Өглөө нь Хэцүү хадан дээр очиход урьд өдрийн намуун байдал ул мөргүй болж, нуурын ус давалгаалж, сүртэй шуурч байлаа. Байгалийн авир араншинг таашгүй бөгөөд бид түүний зарц барлаг л юмдаа. Нөгөө 2 машинтайгаа холбоо барьж, Хар термис сувиллын ойролцоо уулзалдлаа. Олон жил машин тэрэгтэй ноцолдож, эмч болчихсон шахуу дүү нар явсан болохоор машиныг богино хугацаанд эмчилжээ. Том охины унаган багын найз, нутгийн охины явуулсан илгээмжээс авахуулаад, нуурын эрэг дээр угсардаг гэрээ барих үед нутгийн хүмүүс ирж туслаад, отрын гэр болмоор юм гэж сонирхох нь монголчуудын маань шинэ гэр барих, айл нүүж ирэх үед бүгд тусалдаг сайхан уламжлал хэвээр байгааг харахад нэг л таатай. Зээ Төгөлдөр ,Ариунаа нар хангалттай их хуушуур хийлгэж авчирлаа. Хээр хөдөө хуушуур ч бас л нэг сонин байв.Бэр Чимгээ манай зээнцэр Тогтуунтай хөл бөмбөг тоглоод аян замын явдал суудал, эрдэст нуурын ус тун тохирч байгаа бололтой. Байгал гэдэг ийм л агуу их засалч байдаг ажээ.
Өглөө нь Увс аймгийн Наранбулаг сумаас түлшээ сэлбэх гэтэл цахилгаан тасарч багахан саатлаа. Энэ хооронд нэг жижигхэн цайны газар хооллосон нь өөрсдийгөө “Шуугиурынхан “гэж хочилоход хүргэсэн юм. Том, жижиг, хөгшин, залуу бас аяншиж ядарсан, сүлжээгүй газар удаан байсан хүмүүс үйлчилж байгаа хүмүүсээ бүр сандарч, самгардтал нь зэрэг зэрэг ярьж, захиалга өгч, утсаар ярьж, багачуул нь хөөрч хөхрөлдөн, томчуул нь тэр ээ, энэ ээ, тэгээрэй, ингээрэй гэж хашгиралдаад, юу болоод байгааг ухаарч ч амжаагүй байхад нь бүгдийг нь ууж, идэж дуусгаад, тооцоо хийх үед цайны газрын хүүхэн ёо ёо юу вэ, юу болоод өнгөрөв өө гэсэн царайтай биднийг үдсэнээс ийнхүү хоч өгөх болсон хэрэг.Бид цааш хөдөлж Ховд сумаас түлш аваад Баян-Өлгийн зүг хөдөллөө. Наранбулаг, Өлгий, Ховд сумыг цахилгаанаар хангадаг төв нь Ховд сум учраас цахилгаан мөд ирэхгүй, Ховд сум явсан нь дээр гэж нутгийн иргэдийн зөвлөсөн зөв байжээ.
Замдаа алдарт Хархираа, Түргэний уулсаас эх аван урсах Шивэрийн голыг гатлахад зам огт мэдэхгүй бидэнтэй нутгийн мотоцикльтой залуус азаар тааран дагуулж гаргалаа. Тэд ойрд бороо ороогүй тул ус бага байна, түүнээс биш жаахан л бороо ороход та нар шиг ийм тэрэгтэй хүмүүс тэр бүр гараад байдаг гол ч биш дээ гэлээ. Хожим сонсоход Тосонцэнгэлээс Увс, Ховдын чиглэлд мод ачсан машин л явахаас тэр бүр машин тэрэг Шивэрийн голоор гарах нь ховор гэнэ. Бидэнтэй зөрж гол гатлах гэж байсан хоёр гадаад иргэн дээр хүү, хүргэн хоёр маань очиж, гол гатлах эвгүй байна. Энэ хэсгээр ингэж ор, тэгж гар гээд баахан зөвлөсөн чинь нэг нь “Голын ус хэр гүнзгий байна, цаашаа зам цагаан байна уу “гэж монголоор асууж, манай хоёрыг бишрүүлсэн сурагтай. Тэгээд монгол хэлний мэдлэг, машины чадлаа гайхуулан гол гатлаад алга болж өглөө. Шивэрийн голын хөндийн хойд талаар нь Хархираа түргэний уулс дүнхийж, урд талаар нь мөнх цаст Цамбагарав хайрхан сүр хүчээ гайхуулан алсад цайвалзах нь туйлын үзэсгэлэнтэй.
Ийнхүү бид Их нууруудын хотгорыг хойгуур нь захлан Монгол Алтайн нурууны ноён оргил хүрэхээр зам шулуудаж байгаа нь энэ. Замд Жижиг хар ус нуур, Шаазгай нуур, Ачит нуур гээд бүгдийн дэргэд зураг хөргөө татуулж явсаар шөнө Өлгий хотоос 40-өөд км-ын наана хээр хонолоо. Цаг агаар илт сэрүүсч байна. Энхтамир эхнэр Мөнхсолонгын хамт хилийн болон байгаль орчны зөвшөөрөл авч татвар түрээс төлөхөөр өглөө эртлэн явж бид аажуухан Ховд голын хавцал даган өндөр, өндөр уулын бэлээр явсаар Өлгий хотод ирлээ. Өлгий хот нэлээд том, бас хонхор газарт байрладаг юм байна. Юмны үнэ харьцангуй хямд. Биднийг Билэгээ, Энхтамирын найзууд тосч авлаа. Тэнд хоолонд ороод машинаа солиод бага Ойгорын голыг өгсөн Таван богдыг зорилоо. Нэгэн даваан дээр гарахад зорьсон оргилууд маань үүлэн дунд тодоос тод цайран харагдаж байлаа. Зам дагуу маш олон тарвага бараг сүрэг, сүргээрээ тааралдаж биднийг шоолон хошгиролдож өднө. Алж устгахгүй, хайрлаж хамгаалаад байвал өсдөг л юм байна. Жолооч хүү замд байх газар орны нэр ус, үүх түүх, манай нутаг руу урсан ирдэг “ОРОС “гол, хилийн харуул, тахилгат овоог хэрхэн босгож, ямар их хүч хөдөлмөр зарсан талаар хуучилж байлаа. Бид орой 18 цагт гэр буудалд ирэхэд цас хаялж, хайрханд 10-аад км тулж ирсэн ч бараа нь харагдахгүй, манан буданд нуугджээ. Нутгийнхан зарим хүмүүст дүрээ харуулахгүй буцаадаг юм гэж хуучлахад хаа холоос ирээд барааг нь харахгүй буцвал яанаа гэсэн бодол өөрийн эрхгүй зовоож байлаа. Харин нэг өвгөн маргааш өглөө гайгүй болноо гэхэд бага зэрэг тайвширлаа. Юун майхан сав барих, 2 гэрт хуваагдаж унтлаа. Энэ айлын гэрийн эзнийг хөдөлмөрийн баатар гээд байхаар нь баатар хүн л гэж бодлоо. Тэгсэн чинь нэрийг нь монгол хэлнээ хөрвүүлсэн нь тэр аж. Эхнэрийг нь Студент гэнэ. Гэрийн хаяа нь онгорхой, гал түлээд ч нэмэргүй хүйтэн байлаа. Түлээ түлш ховор бололтой. Цагаан шуудай хүртэл зуухандаа хийж байсан. Хүүхдүүд жолоочийн хамт явж байгаль орчны байцаагчтай уулзан татвар түрээс төлсөн бичгээ үзүүлээд өглөө эрт нэвтрэх тухай хэлэхээр явлаа. Жолооч хүү 10 км замыг 2 цагт туулна, өглөө эрт 6 цагт хөдөлнө гэхэд нь тийм удаан явна гэдэг сэтгэлд төдийлөн буухгүй байсан ч хэлсэн ёсоор бид 6 цагт бослоо. Тэнгэр цэлмэг ч гэж жигтэйхэн. Бид ч оргилуудыг, байгалийн сайхныг бороо, цас, манан будангүй үед нь харж баясах азтай, бас сайн хүмүүс бололтой гэж сэтгэл дотроо сэмхэн онгирч бодлоо. Таван богдын орой цалин цагаан мөнгөн суварга шиг л ил харагдаж байна. Тэнгэрт бөртийх ч үүл алга, хэсэг яваад л намаг, ус шавар. Төрийн тахилга хийж, овоо босгох гэж том том чулууг бэлээс нь цэргийн зориулалттай урал машинаар зөөсөн нь замыг ч ёстой там болгосон байна лээ шүү, эрхэм Ерөнхийлөгч өө. Тэгэхдээ тэгж зөөхөөс өөр аргагүй гэдэг нь ойлгомжтой байсаан. Уул рүү өгсөх тусам мөнх цасны зах үндсэндээ бидэнтэй зэрэгцэн ирэх нь тэр. Жолооч хүүгийн хэлснээр яах аргагүй 2 цаг явж, Ерөнхийлөгчийн тахисан овоон дээр 8 цагт ирлээ. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч энэ овоог тахихад цэргийн хүчийг нэлээд ашиглаж, олон хүнийг хамруулсан бололтой. Тэгэхээс ч өөр аргагүй биз. Энэ бартаат, өндөр уулын бүсэд цэрэг эрсээс өөр хэн энэ их ажлыг хийж чадах билээ. Таван богд орчмын хамгийн нам дор газар нь л гэхэд далайн түвшнөөс дээш 1800 м өргөгджээ. Тахилгат овоон дээр нэлээд олон хүмүүс ирсэн байлаа. Бүгд л баяртай, таван хайрхандаа адилхан л сүсэглэн мөргөж байлаа. Эндээс эх орноо хайрлах, түүгээр бахархах ид шидийг хүртэх нь мэдээж шүү дээ. Энэ нутаг аялал жуулчлалын томоохон цогцолбор газар болох байх. Гадаад, дотоодын олон жуулчид тасрахгүй бололтой дог. Зам, дэд бүтцийг л сайжруулчихвал болох нь тэр. Мэдээж хэн нэгэн хэзээ нэгэн цагт хийж л таарна.Оргилууд бүхлээрээ алган дээр тавьсан юм шиг л харагдаж, эх орны минь дээвэр болсон 5 хайрханаас сүрдэж, бахархан амьд явсных үзсэндээ баярлан, овооны шүлгийг уншаад бүгдийн самсаа шархирч, хоолой зангиран,нулимс цийлэгнэж байсныг нуух юун.
Эх нутгийн мөнхийн харуул
Эрдэнийн овоотой Таван богддоо
Эрэлхэг хилчдийн тэнгэрлэг заяаг
Элбэрэл хүсч, сүсэглэн даатгав.
Монголын хилчдээс
2014-07-03. хэмээн бичсэн нь үнэхээр сэтгэл хөдөлгөм. Нээрээ л эх орны минь мөнхийн манаанд мянга мянган жилээр дүнхийн сүндэрлэсээр байх биз ээ.
Хүүхэд хөгшингүй л цээж тэнэгэр, сэтгэл өөдрөг энэхэн зуур хорвоо дэлхийгээс тасарсан, тэнд байхгүй юм шиг л байв.
Ц.Дамдинсүрэн гуайн найрагласан шиг:
Мөчит дөрвөн хөлтний мөр нь гараагүй
Мөгөөрс нимгэн хоолойтны дуу нь хүрээгүй мөнх цаст цасан цагаан оргилууд хажууд дүнхийж, хөл дор цэцэг навч алаглаж, зүлэг ногоо тэгшрээд сүслэхгүй байхын аргагүй. Амьд явбал алтан аяганаас ус ууна гэгчээр далан настай миний хувьд Алтай таван богдын оргилд нь гарсантай адил, байгалийн чамин тансаг гоо сайхныг нүдээр үзэж, зүрх сэтгэлээрээ мэдэрсэндээ баярлахгүй байхын аргагүй мөч байлаа. Дөнгөж 2-3 настай хүүхдүүд хүртэл нэг л өөр газар ирсэнээ мэдэрч, томчуудыгаа дуурайх нь өхөөрдмөөр. Нэлээд хэдэн жилийн өмнө миний хүү Энхтамир геологийнхоноос Монголын хамгийн гоё газар хаана байдаг юм бэ? гэж асуухад нь за даа Алтай таван богдыг үзээгүй бол газар үзсэн гэхэд хэцүү дээ гэж хариулсныг сонсоод өвгөнийхөө хамт олон газар очиж үзсэн гэж боддогийн хувьд дотроо жаахан дургүйцэнгүй байж билээ. Тэдний хэлсэн нь яахын аргагүй үнэн юмаа.
Хамгийн өндөр нь д.т.д-ээс дээш 4374м “ХҮЙТЭН “оргил, Монгол, Орос, Хятад улсын хилийн гурвалсан цэг болох Найрамдал(4192м), Бүргэд (4068м), Малчин(4051м), Өлгий(4050м) оргилууд цасан дуулгаа сүр жавхлантайгаар гайхуулна. Уулын нэрийг хүртэл улс төрийн шалтгаанаар өөрчилсөн байх юм. Овоондоо мөргөж залбираад мөсөн гол руу явлаа. Потанины, Александрын болон Гранегийн гэх зэрэг мөсөн голууд байдаг тухай газар зүйн хичээлээр л сонсож байлаа даа. Нэг километр гаран замыг явганаар дажгүй л туулж, Потанины мөсөн голын захад ирлээ. Дөрөвдөгч галавын үед уур амьсгал хүйтэн болж өвөл орсон цас зун хайлж амжилгүй хуримтлагдан тагтаршсаар мөсөн голууд үүсжээ. Энэ мөсөн гол 53.6 ам м талбай эзэлдэг бөгөөд монголын 2ОО гаруй том жижиг мөсөн голоос хамгийн том нь. Уулын их цас нь мөс болон хайлмагтаад улмаар сүү шиг Цагаан гол болж Ховд голтой нийлдэг ажээ. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Потанины мөсөн гол аажмаар шуугдаж байгаа нь нүдэнд илт. Адуу, тэмээтэй жуулчид 2 хүүхэд, эхнэртэйгээ мөсөн голын хажууд машин нь шаварт сууж хоносон залуугийн машиныг шавраас суга татаад гаргачихлаа. Бид бас машинаа шаварт суулгасан ч монгол, казак залуучууд нийлээд бараг л өргөөд гаргачихав. Залуу нас, эрч хүч гэж үүнийг л хэлэх байх даа.
Бид Өлгийгөөс оройхон гарлаа. Уул нь Толбо нуурын эрэгт хононо гэж тооцсон ч шөнө болсон тул төөрөөд олсонгүй. Өглөө босоход хажууд минь мэлмэрч байлаа.Толбо нуурын тулаан,40 гаруй хоногийн бүслэлт гээд бас л бидний түүхтэй холбогдоно.Энэ тухай сүүлийн үед янз бүрээр л ярих болж. Нуурын хажуугаар шинэхэн засмал зам тавьсан байх агаад замын хажуугаар нь олон настын үр цацаад явж байгаа нь монголд биш зүүн өмнөд азийн орны тутаргын талбайд явна уу гэмээр содон харагдаж байлаа. Төвийн бид нар замын хажууд зүлэгний зайг үлдээгээд л орхидог биздээ. Баруун аймгийнхан хөдөлмөрч юмаа.
Төгөлдөрийн машин хоцорч, бид хүлээж байгаад учрыг сонсвол ачиж явсан хурдан морь нь машинаас үсэрч буусныг жолоочид нь хэлэх гэж араас нь нэхэн очиж мэдэгджээ. Монгол хүмүүс болохоор морины хөл зүгээр болов уу гээд бүгд л санаа зовцгоов.
Ховд аймаг явах замд морьтой, дугуйтай хоёр хүнтэй таарлаа. Дугуйтай хүн нь зам асууж, морьтой хүн нь зааж өгч байгаа бололтой. Нэлээд хүч зарсны хүчинд дугуйтай хүн нь Өлгий явж байгаа гэдгээ, морьтой хүн нь зөв замаар явж байна гэдгийг бие биедээ ойлгуулах шиг боллоо. Хотод ирсний дараа хожим сонсвол эх орноо дугуйгаар тойрч байгаа Мөнгөндалай гэх зоригт хүүтэй бид таарсан ажээ. Ховд аймгийн төвд өдөр ирлээ. Тунгалаг Буянтын эргээр цагаан гэрүүд ярайгаад айлууд зусландаа гарчээ. Билэгээгийн найзынд “Шуугиурынхан “буулаа. Тогоо дүүрэн махыг дор нь л шуугиурдаад дуусгав аа. Нэг машиныхаа дугуйг засуулах хооронд эртний түүхт Ховд хотын төв талбайгаар орлоо. Ард Аюуш, Галдан бошигт ханы хөшөө сүндэрлэж байлаа. Галдан бошигт ханы ойд зориулсан хурдан морьдын уралдаан болох гээд хөл хөдөлгөөн ихтэй, бүтээн байгуулалт ч хийж байгаа харагдана.
Оройхон Манхан сумд орших Гурван цэнхэр (сэнхэр)-ийн агуйг зорилоо. Бид амьд, амьгүй (GPS) хоёр зам заагчтай. Энэ удаад хоёулаа нийлж шөнийн 2 цагт биднийг хамгийн бартаат замаар кемпд авчирлаа. Уг нь агуй орох зам нь засмал шиг сайхан юм билээ. Бартаат замаар төөрч будилж ирсэн нь аз, бас таашаал юм даа. Хэдэн зуун км-ын холоос үзэхээр ирсэн биднээс гэрийн мөнгө гэж санаандаа орсныг нэхэх юм. Биднийг гадаадын жуулчид шиг л үзэж, зээ Төгөлдөр бид хоёр тамга, тэмдэгтэй дүрэм журам шаардсаар үнийг нь багасгаж чадлаа. Энд ирсэн юм чинь эд нар гэр авахгүй яах билээ гэсэн байдлаар хандаж болохгүй л болов уу. Өглөө нь агуйг үзлээ, овоо ч тохижилт хийжээ. Мянга сонсохоор нэг үз гэдэгдээ. Хойд сэнхэрийн агуй энэ тэр гээд номлодог шинэ үеийн түүхчдээс ирж үзсэн нь хэд бол гэсэн бодол зурсхийж, хээрийн дадлагаар оюутан авч явсан минь санаанд орчихлоо. Агуйн гүн лүү залуус, хүүхдүүд орлоо. Цасчихэр, Эрдэнэт-Од, Булгаа, Ундрал, Галмандах нар юмны учир ойлгох насандаа энэ алдартай агуйг үзчихдэг тун ч азтай хүүхдүүд юм. Энэ агуйг 1996 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэсэн бөгөөд 40000 жилийн тэртээ чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдарч байжээ. Шохойн чулуу тогтоцтой, 20 м өндөртэй, их, бага хоёр агуйгаас бүтэх бөгөөд их агуйн үүдэнд овоо босгожээ. Дотроо 4 таславчтай. Таславч бүрийн хананд зосоор монголд өдгөө байх, байхгүй амьтдын зургийг дүрсэлсэн байдгаараа онц сонирхолтой. Бас энэхүү агуй нь далайн түвшнөөс дээш 1571 метрийн өндөрт оршдог ажээ. Хажуугаар нь Цэнхэрийн гол урсаад, байгалийн сайхан цогцолсон нутаг юм. Нэгэн цагт бидний өвөг дээдэс энд амьдарч байсан гэхэд сонирхолтой байлаа. Агуйгаас буух, бас өгсөх үед хөл муутай Чимгээ бид хоёр замын түгжрэл үүсгэж, зарим нь замын хөдөлгөөнд саад учрууллаа гэж хошигнож байв.
Тэндээс бид Алтайн Дарвийг зорилоо. Алдарт Зэргийн хөндийн дэржигнүүр түүх болон үлдэж, шинэ засмал тавьсан тул түүртэх юмгүй тууллаа. Манхан сумын хажуугаар Монгол улсын дархан хил орох худалдаа арилжааны зам барьжээ. Ховд аймгийн иргэд ногоо их тарих юм. Зам зуурт ногооны талбай олон таарч байлаа. Цамбагарав, Жаргалант хайрхан, Баатархайрхан гээд Алтайн нурууны олон олон мөнх цастай оргилыг алсаас харж нүд, сэтгэлээ баясгаж явлаа. Ховд, Баян-Өлгий, Увс аймгууд уулс, нуурын аймгууд юм байна лээ. Ховдын Дарви сумын ой болж байхтай тааралдаж, 2014 оны наадмын хуушуурыг эндээс амталж байх зуур наадмын түрүү бөх ч тодорлоо.
Говь-Алтай аймгийн Дарви сумын төвд ирж О.Дэстийгийн эхнэр Чимгээгийн зээ Болдынд Шуугиурынхан бууж, хонины шинэ шөл ууж гэдэс идээд чанасан мах, боорцгийг нь “хуурайлаад “, Болд, түүний эхнэрээр зам заалган Төгрөг сумын төв рүү хөдөллөө. Сайн хүн явснаа, муу хүн идсэнээ гэдэг ч дурсахгүй өнгөрч бас болохгүй. Биднийг найр тавин угтаж, дайлж цайлсан Болд халдвартын эмч бөгөөд хүргэн Г.Өсөхбаярын ээж З.Адъяасүрэнг сайн таньж байв. Энэ мэтээр олон таньдаг хүмүүс таарч байсан нь Монгол газар нутаг өргөн, уудам ч хүн ам цөөн гэдгийг, бас ярилцаад байвал хамаатан садан болчихдог гэдэг үг ортой болохыг харуулна. Дэстийгийнхэн Говь-Алтай аймгийн төв, Энхтамир, Өсөхбаяр, Төгөлдөр, Эрдэнэбилэг нарын гэр бүл, Болормаа хүү Ганхолбоогийн хамт, миний охин Энхтуяа бид бүгд Ээж хайрханыг зорин зам саллаа. Алтайн нурууны салбар Говь-Алтайн уулсыгдавахаар аяллаа үргэлжлүүллээ. Миний бие зам зуурт алжааж ядарсан ч зорьсондоо хүрнэ гэсэн бодол, байгалийн сайхан, үр хүүхэд ач зээ нарын халуун сэтгэл надад эрч хүч өгч ирлэж хурцалж явлаа.
Шөнийн 00 цагт өвгөнийхөө төрсөн нутаг Төгрөгийн төвд ирж бензин аваад түүний ач, зээ нар луу ярихад утас нь хаалттай байлаа. Тэдний сургийг түгээгчээс сонсож, монгол улсын авто замын албан ёсны сүлжээний хамгийн өндөр даваа болох Мааньтын хөтлийг давж хоноглолоо. Хүүхдүүд замд таарсан хонины хүүхдүүдэд чихэр, жимс тараан өгцгөөх нь аавынхаа нутгийн хүүхэд, багачуудыг баярлуулж байгаа хэрэг биз ээ. Өдөр нь манай багийнхан өвгөний минь сүслэн залбирч байсан Улаанхайрханд мөргөж, идээ будааныхаа дээжийг өргөн, Онгоцын хөндийг уруудан Сухантын гол хүрч, Алтайн хүдэр ХХК-ийн тавьсан замыг даган давхисаар Цээл сумд ирж хоол хүнсээ базаагаад, зам заалган ЭЭЖ хайрханы зүг хөдөллөө. Цээл сумын төв битүү хадан дунд байх юм. Ороо бусгаа цагт нуугдах үүднээс ингэж сонгоо юм болов уу гайхаж л явлаа. Уул нь ойрмогхон ширээ шиг ногоон тал байж л байлаа. ЭЭЖ хайрханы тогоонд 2 хүн амь эрсэдсэн, аймгийн онцгойнхон хэнийг ч ойртуулахгүй байгаа гэж сонссон ч нэгэнт зорьсон тул аяллаа цааш үргэлжлүүллээ. Замд дугуй хагарч бага зэрэг саатсан ч үдээс хойш нэгэн хөндий уруудан гарч ирэхэд их талын дунд өнчин ганцаар сүглийх майхан шиг хэлбэртэй, холоос харахад өөдөө ноцсон гал өрвөлзөн байх шиг бадарсан хайрхныг олж харлаа.Хатан хайрхан Ээж уул Монгол Алтайн болон түүний салбар болох Говь-Алтайн нурууны хооронд Алтайн өвөр говийн уудам зайд уулс хоорондын цөлөрхөг хонхорт оршдог жижиг ширхэгт боржин чулуун тогтоцтой уул юм байна. Энэ уул Говийн их дархан газрын “А “хэсэгт хамаарагддаг ажээ. Говийн их дархан газрын “А “, “Б “хэсгийн нийт талбай 64474км2, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр оршдог бөгөөд Өмнөговийн Заг-сүүжийн /9000км2/,Говь-Алтайн Номингий /10000 км2/, Ховдын өмнөд хэсгийн Бор Цонжийн /5000 км2 /, Баян хонгорын өмнөд хэсгийн Нарийн Хөх говь /4500 км2/ зэрэг томоохон говийг дурдаж болох юм. Энд 90 гаруй үйлийн ургамал ургадаг бөгөөд ховор амьтнаар элбэг. Монголд байдаг 11 зүйлийн гүрвэлээс хамгийн том ньболох 30 см урттай замба зараа /замба гүрвэл/ тэнд их байх агаад толгой дээрээ олон эвэрлэг товруутай, арзгар бүрхэвчтэй, цээжээ өндийлгөн, толгойныхоо товрууг өрзийлгөн, сүүлээрээ хад чулуу гуядан ухасхийхээс өөр гэм хоргүй ажээ. Харгана, буйлс ургасан хад асгатай газар их тохиолдох ба хадан дээр намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэсэн шиг л хэвтэцгээж байлаа.Нар шингэхээс арай өмнө цогцолбор газрын манаачийнд ирлээ. Заган шугуй ногоорч, элсэн манхан цайрч үргэлжлээд бас л өвөрмөц нэгэн дүр зураг, баян тансаг баян бүрд.Заг хамгийн илчлэг сайтай мод бөгөөд илчлэг чанар нь 4500гр.калори хүрдэг баговьд 3 сая орчим га талбайд заг ургадаг гэх боловч сүүлийн үед нэлээд багасжээ. Загийг “Ургаж цэцэглэдэг чулуун нүүрс “гэж нэрлэдэг гэнэ.
Ээж хайрханд эндэж осолдсон хүмүүс, тэр нутагт орь ганцаар амьдарч байсан ганц бие эмгэний тухай хүүрнэцгээн, загийн шар аалз гээд янз бүрийн амьтнаас болгоомжлон тэднийд хоол унд хийж идээд унтлаа. Өглөө нь манаачийн хүүгээр газарчлуулан хайрхны 9 тогоог зорилоо. Элдэв юм дуулсан болохоор бүгд л болгоомжтой явж байв. Аялагчдын түр амрах байраас ЭЭЖ хайрханы талаар нэлээд мэдээлэл авсан ч аюулгүй байдлын талаар нэг ч үг олоогүйдээ харамсаж, манайхан ямар нэг ажлыг дутуу хийдэгт сэтгэл гонсойж байв. Болгоомжтой байх, хүүхэд шуухдаа харгалзаж явахыг сануулсан ядаж ганц өгүүлбэр байсан бол 2 хүний алтан амь эрсдэхгүй ч байсан юм билүү гэж бодож байлаа.
Уулын орой дээрх шандаас элгэн хаданд цувран орших 9 хадан тогоонд нэгээс нөгөө руу ус урсан ордог бөгөөд тогооны гүн 2-4 м,өргөн нь 2-3 м ажээ. Хүүхэд эмэгтэйчүүдийн нэлээд нь үлдэж, бусад нь 9 тогоо, хэл хад, ембүү хад зэргийг үзэхээр явлаа. Байгалийн элдэв сонин хачин тогтоцыг гэнэн төсөөллөөр нэрлэсэн хад чулуу ч байх аж. Тухайлбал, хүүхдийн мөртэй хадан дээр гишгэвэл хүүхэдтэй болно, хэл хаданд хэлээ хүргэвэл хоолой өвдөхгүй гэх мэт. Уулын нахис дагаад хойд талаас нь элсний нүүдэл орж ирсэн байв. Үүнээс үүдэн хэсэг хугацааны дараа энэ хайрхан элсэнд булагдах юм биш биз. Тиймээс хойд талд нь заг тарих хэрэгтэй юм байна даа гэж бодлоо.
Хайрханаас бууж ирээд Цогт сумын зүг хөдөллөө.Бид хамгийн бартаат замыг энд тууллаа. Ямар сайндаа л“Дугуй муут дөрвийн дараа“гэсэн үг зохиож, дугуйгаараа хад, чулуу дайрахгүй байхыг байнга сануулж явах вэ дээ. Үрэлтийн хөндийг ёстой л түгшүүртэй өгслөө. Ховд аймгийн төвөөс хил рүү тавьсан зам санаанд орж цагаанаар атаархах сэтгэл төрж байлаа. Үер ус ихтэй ч зам засч болдоггүй юм байх даа. Энэ замыг засвал Дэлгэр, Бигэр,Чандмана, Цогт гээд олон сумын хил рүү зүглэх машинд том тус болох ажээ. Машины дугуй алсаараа нэлээд мууджээ. Орой нар шингэхээс өмнө Дөтийн давааг давж уруудахдаа Монголын хамгийн өндөр Цагаан хаалганы /96 м/ хүрхрээг үзэж болох байсан ч дараа үзэх юм үлдээе гээд болилоо. Бигэр сумд бид хоёр зүйлийг үзэхээр төлөвлөсний нэг нь энэ. Нөгөө нь бөөрний эмчилгээ сувилгааны “Таван манхан“сувиллын газар юм. Энэ сувилал1980 онд байгуулагдсан монголын анхны элсний сувилал бөгөөд элсний амархан халж,дулаан бага дамжуулдаг шинжийг нь ашиглан мэдрэл, бөөрний зарим өвчнийг нар, халуун элс, цэвэр агаартай хавсран уламжлалт аргаар эмчилдэг ажээ. Элсний онгоцонд 1 цаг суухад 1литр хүртэл хөлс гардаг гэнэ. Хоног хугацаа давчуу, ардах ажилдаа яарсан зарим нь дараа үзэх санал тавиад хожим үзэхээр товлов. Манай нутагт салхи гарахаар энэ элснээс эхлэн хоёр тийш тэлсээр шороон шуурга болдогсон. 1970-аад оны дундуур энэ элсний ойролцоох газраас аавын минь анд эрүү Банзай гэдэг хүн эмэгтэй хүний маш том алтан ээмэг, бөгж олоод ШУА-д явуулж, бугуйвчийг нь олж өгөх гэж хайсаар байсан тухай настайчууд хуучилдаг байсныг саналаа. Бидний эцэг, өвгөд ийм л хүмүүс байж дээ.
Ногоон торго шиг талаар давхисаар, замд тааралдсан өмхий хүрэнтэй хөөцөлдөж бага зэрэг саатан өсөж төрсөн Бигэр сумын төвд ирж, Эрдэнэбилэгийн хадам ээж Мөнхийнд хоол унд идэж уугаад Хаяаны булагт байх эгчийндээ ирлээ. Хоёр жилийн хугацаанд нэлээд юм хийжээ. Мод тарьсан, хүлэмж /Билэгээгийн ээж Мөнх/ байгуулсан, Номун ханы хийдэд суварга босгон үе үеийн гэгээнтний алдрыг мөнхлөн бичсэн, архин завод, Мянгайн голын давжаа алим, чацарганы тариалалтыг санаачилсан хөдөлмөрийн баатар, Эрх чөлөө нэгдлийн дарга асан Чулууны хөшөө, хөдөлмөрийн баатар тууварчин Санжийн хөшөө зэргийг шинээр босгожээ.Сумын 90 жилийн ой болох гээд хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
1960-аад оны дундуур 1000 модтой байсан сумын төв маань 2000-аад оны эхээр ганцхан модтой болсон байлаа. Энэ бол эмгэнэл. Миний аавын Гурван хар овооны өвөлжөөнд 2006 онд босгосон овоондоо мөргөхөөр очлоо. Өвөлжөө маань онгож элэгдээд тал дугуй чулуун хашаа, эгч,ах,бидний багын чулуун тоглоом, гэрийн буурь л үлдсэн нь залуучуудад их л сонин санагдаж байх шиг байлаа. Харин юуны ч учир ойлгоогүй 2 балчир охин Амирлан, Буянхишиг нар чулуун гэрт минь зөнгөөрөө орчихсон тоглож харагдана. Аль тэртээ 40, 50-иад онд эмээ нар нь тоглож байсан чулуун тоглоомоор ач, зээ нар нь жар гаруй жилийн дараа тоглоод сууж байна гэдэг амьдралд ховор тохиолдох зүйл юм даа. Хоёр хоногийн дараа Улаанбаатарын зүг хөлгийн жолоо заллаа:Замдаа Бургасны давжаа алимны цэцэрлэгээр орж хүүхэд багачуулдаа амтлуулж бас хотод үлдсэн хүмүүсдээ амсуулахаар авцгаалаа.Улаан шалын хоолойд ус уухаар бөөгнөрсөн маш олон тэмээтэй таарсан нь бас л нэг сүрлэг сайхан үзэгдэл байлаа. Их говийн хөлөг онгоц болсон тэдний дэргэд зургаа авахуулж, тэмээ гэдэг амьтан чинь энэ шүү дээ гэж хүүхэд багачуулдаа зааж өгөв. Баянхонгор, Өвөрхангайг дайраад 17 хоногийн дараа 4600 гаруй км замыг туулаад гэртээ ирлээ.
Бид нийт Төв, Булган, Өвөрхангай, Архангай, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, зэрэг 11 аймгийн Төвийн Лүн, Өвөрхангайн Хар хорин, Нарийн тээл,Хайрхандулаан, Булганы Рашаант, Архангайн Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Их тамир, Өндөр улаан, Тариат, Цахир, Завханы Их уул, Тосонцэнгэл, Нөмрөг, Сонгино, Сантмаргац, Увсын Наранбулаг, Өлгий,Ховд, Баян-Өлгийн Улаан хус, Ховд, Ховд аймгийн Толбо, Ховд, Манхан, Зэрэг, Дарви, Говь-Алтайн Дарви, Төгрөг, Цээл, Цогт, Бигэр, Чандмань, Баянхонгорын Баацагаан, Өлзийт зэрэг 30 гаруй сумыг дайран аялжээ. Туул, Орхон, Урд Тамир, Хойд Тамир, Чулуут, Суман, Тэрх, Идэр, Хожуул, Шивэр,Ховд, Ойгор, Буянт, Байдраг, Онги гээд нэр цуутай гол, мөрнөөс гадна Таруу, Тарна, Орос, Хүрхрээ, Нарийн гээд нийт 20 гаруй том, жижиг голыг гүүрээр, бас усаар нь гаталлаа.
Бас Тэрхийн цагаан, Тэлмэн, Хяргас, Ачит, том, бага Хар ус, Шаазгай, Толбо, Ихэс, Бигэр гээд 10 гаруй нуур үзэж, рашаан усанд нь орж явлаа. Захуй, Бигэр гээд говийн үзэсгэлэнт баян бүрд, монголынГовийн их дархан газрын хаяа сэжүүр, монголын 33 говийн нэг болох Алтайн өвөр говийн захаар аялжээ. Ингэж явахад таарсан уул ус, нуур цөөрөм, газар усны нэрийг нөгөө л амьгүй зам заагч минь таниулаад өгчихдөг байв. Юм хөгжинө гэж сайхан аа. Утас холбогдож л байвал эх орон, дэлхий данхиаа юу болж байгааг бүгдийг нь мэдээд авна. Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах наадамд Бразили 7:1-оор хэрхэн хожигдсоныг хараад Улаанбаатараас гарсан залуус замдаа Герман, Аргентиний хэн нь аваргалах талаар маргалдсаар л явлаа. Энэ шийдвэрлэх тоглолтыг Завханы Сонгино сумд үзэцгээсэндээ. Бас Малайзын онгоц Украйнд хэрхэн сүйрсэн гээд бүгдийг л сонсож явлаа.
Сумуудын ой, Галдан бошигтын нэрэмжит баруун бүсийн, Ламын гэгээний нэрэмжит төвийн бүсийн даншиг наадам болох гээд хөл хөдөлгөөн ихтэй, ажил хөдөлмөр өрнөсөн, бороо хургүй нарлаг сайхан өдрүүд тохиож,элдэв осол эндэлгүй сайн яваад, зорьсон бүхнээ үзээд ирлээ.
Байгаль эх, газардэлхий гэдэг“үндсэн хуулийн зарчмаар “хүмүүн биднийг эр эм, хөгшин залуу, баян хоосон гэж ялгаварлалгүй үр өгөөжөө хайрладаг нь сайхан. Энэ хэдэн хоногт байгалийн сайхныг бахдан бишрэхийн хамт үргэлж түүнээс эмээж сүрдэж явлаа. Энд тэндгүй л архи, пивоны шил, лааз, чихэр боовны цаас, гялгар уут зарим газар бараг цэцэг ногоо шиг л алаглаж байна. Харин ч нэг үеээ бодвол гайгүй л болж гэхдээ байж л байна. Хоноглосон газар, бууцаа цэвэрлээд нүүдэг уламжлалтай ард түмэндээ бид чинь. Нэгэн үе байгалийг эзэмдэх тухай лоозогнодог байлаа. Байгаль ямар ч хууль цаазаас илүү хатуу ширүүн шийтгэдэг юм. Иймээс зохицож л амьдрах ёстой гэнэм.
Германы алдарт сэтгэлзүйч,неофрейдизмийг үндэслэгч, гуманист эрдэмтэн нийгмийн дэвшил, хөгжлийн төлөө тэмцэгч Эрих Фромм хүний оршин байхуйг хоёр талтай. Нэгдэх нь эзэмдэн оршихуй,хоёрдахь нь зохицон оршихуй гэж үзээд тус бүрийн онцлог байдлыг гайхамшигтай тодорхойлсон нь шашны амьдралын утга учрыг тайлбарласантай дүйж байдаг юм.Иймээс бидний өвөг дээдэс шашин шүтлэгээр дамжуулан байгаль эхээ хайрлах үзлийг үр хойчдоо уламжлуулж ирсэн байдаг.
Үүнээс үүдэн өвгөн минь “ЭЗЭМДЭХ гэдэг нь ҮХЭЛ, ЗОХИЦОХ гэдэг нь АМЬДРАЛ “хэмээн үр ач нартаа сургаж байгаль эх нутгаа хайрлах хамгаалах сэтгэлтэй болгон хүмүүжүүлжээ. 2000-аад онд бяцхан зээ охин минь Дархан хотын хажуу дахь Хараа голын эргийн хэсэг хогийг түүж шатаачихаад өвөөдөө “Өвөө би аймгийн даргатай нь уулзаад хогоо цэвэрлүүлээч гэж хэлээд ирье “гэж байж билээ.Энэ аяллын үед ч буусан, хоноглосон газар болгонд хогоо түүж, шатаах, галаа унтраах, зарим хог, хаягдлыг суурин газрын хогийн цэгт аваачиж хаях зэрэг нь бидний зайлшгүй дагаж мөрдөх дүрмүүдийн нэг байлаа.
Өвгөнөө бурхан болсноос хойш ингэж яваагүй билээ.Эх нутаг, элгэн садан монгол түмэн маань сайхан байна аа.Залуучууд минь харь нутгийн хөгжил, үзэмжийг баясан биширч, шүтэхээс илүүтэйгээр төрөлх эх орныхоо өнцөг булан бүрээр аялаад нэг үзээрэй. Дутуу нь бид түүнийг хайрлаж, хамгаалж,хөгжүүлж чадахгүй байгаад л оршино. Үзээд бахархаад ирэхээр өөрийн эрхгүй хайрладаг, хамгаалдаг болноо.
Ингэж бид Хэнтий нурууны баруун өмнөд хэсэг богд Дүнжингаравын ар бэлээс Хангайн нурууг давж Алтайн нурууны ноён оргилд тулаад эргэж Алтай,Хангайн салбар уулсуудыг дамнан явсаар эгэн ирлээ. Бахдам баатарлаг түүхтэй, баян тансаг эх оронтой монголчууд бид өнөд мөнх мандан бадарч, нуруу тэнэгэр, сэтгэл өөдрөг амьдрах болно оо.
Төгсгөлд нь энэхүү аяллыг санаачилсан, дэмжсэн, оролцсон дүү нар, үр хүүхдүүд, аюулгүй байдлыг дээд хэмжээнд хангаж ажилласан жолооч нар, хоол, унд, амралтыг ая тухтай байлгахад анхаарч байсан охид, бүсгүйчүүд, санаа зовоох юмгүйгээр аян замын ая даасан нялхас, багачуулдаа баярласнаа илэрхийлэх нь зүйтэй санагдана.
Бурхан Халдун, Онон, Хэрлэнгийн сав, Монголын Дорнодын их тал, Дарьганга, Алтан овоо тийш зорчих аяллын алтан шар зам дараагийн зорилго болон урд минь үлдлээ.
Г.Жамбалдорж