Засгийн газар бизнест ээлтэй орчныг бий болгохын төлөө шат дараатай арга хэмжээ авч буй. Хяналтын хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн, энэ хаврын чуулганаар хэлэлцэх юм.
Тэгвэл өнөөдөр болсон “Шийдлийн цаг” уулзалт шилэн хяналтын системийг нэвтрүүлэх сэдвийн хүрээнд боллоо.
Хүмүүст ажил олгож, татвар төлдөг баялаг бүтээгч иргэдээ дэмжиж байж эдийн засаг сэргэнэ. Баялаг бүтээгчдээ хэм хэмжээгүй хяналт шалгалтаар дарамтлана гэдэг бол эдийн засгаа дарж байна гэсэн үг. Манайд зөвшөөрөл нэртэй хориг их байна. Тиймээс ч Засгийн газар Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьсан.
Хяналт нэртэй хяхалт, шалгалт нэртэй шахалт их байна. Ийм гомдол санал бизнес эрхлэгчдээс олон ирдэг. Хянаж шалгаж болно, шаналгаж болохгүй. Хяналт өөрөө хяналттай байх ёстой. Хянах арга нь шилэн хяналт юм. Иймд хяналтыг хянах систем бий болгохыг мэдээлэл технологийн салбарын удирдлагуудад үүрэг болгосны дагуу www.shilenhyanalt.gov.mn сайтыг үүсгэж, өнөөдрөөс ажилуулж эхлэхээр болсон гэж тус уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ. Энэ сайтын үйл ажиллагааг бизнес эрхлэгчдэд яаралтай хүргэж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг уулзалтад оролцсон хүмүүст үүрэг болголоо.
Мөн энэхүү ситем нь хяналтын байгууллага болоод тухайн байгууллага, аж ахуйн нэгж хоорондын харилцааны бүрэн баримт болох тул аж ахуйн нэгжийн оролцоог сайтар хангахыг уулзалтад оролцсон албаны хүмүүст үүрэг болголоо.
Монгол Улсад 114 мянган хуулийн этгээд бүртгэлтэй бөгөөд эдгээр аж ахуйн нэгж байгууллагууд нэр болон бүртгэлийн дугаараараа энэ сайтад нэвтрэх боломжийг бүрдүүлжээ