m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.11 10:58
109
Ж.Байгалмаа: 1072 хувьцааны талаарх мэдээлэл иргэн бүрт нээлттэй байгаа

“Эрдэнэс Тавантолгой” компанийг 2010 оны сүүлчээр 15 тэрбум ширхэг хувьцаатай байгуулж, үүний 10 хувийг иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Дээрээс нь 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн бөгөөд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт тус компанийн 536 ширхэг хувьцааг нэмж олгохоор шийдвэрлэж иргэн бүр нэг сая төгрөгийн үнэ дүйцэхүйц 1072 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болсон.

Тэгээд тухайн үед ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй 300 мянган иргэн хувьцаагаа Засгийн газарт өгч, нэг сая төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд их, дээд сургуулийн оюутнууд хувьцаагаа Хүний хөгжил сангаар дамжуулан сургалтын төлбөртөө суутгуулан авсан. Харин хишиг хувь хүртэхээр өргөдөл өгсөн олон иргэн хувьцаа ч үгүй, сая төгрөг ч үгүй үлдсэн. Тэгээд иргэд хаана хандах, яаж хувьцаагаа авах талаар асууж тодруулсаар байна. Энэ талаар Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн Олон нийттэй харилцах албаны менежер Ж.Байгалмаагаас тодрууллаа.

1072 хувьцааны талаарх мэдээлэл иргэн бүрт нээлттэй байгаа

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэн бүрт олгох 1072 ширхэг хувьцааны талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ?

-Монгол Улсын Засгийн газраас олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт олгох шийдвэр гарсан. Үүний дагуу зарим иргэн хувьцаагаа Засгийн газарт өгч, бэлэн мөнгө болгон авсан. Харин хувьцаагаа хэвээр үлдээсэн иргэд юуны түрүүнд Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн https://net.schcd.mn/registration/default.jsp цахим хуудсаар ороод регистерийн дугаараараа өөрсдийнх нь дансанд 1072 хувьцаа орсон байна уу үгүй юу гэдгийг мэдэх боломжтой юм.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК хөрөнгийн зах зээлд оролцоогүй байгаа. Тэгэхээр иргэд дансанд нь орсон хувьцаагаа ашиглах боломжгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК хөрөнгийн биржийн арилжаанд оролцоогүй, үнэт цаасны нэрлэсэн үнээ нийтэд зарлаагүй байгаа. Тиймээс 1072 хувьцаа нь данстай иргэдийн данс руу орж, дансгүй иргэдийн нэр дээр шилжүүлэгдсэн. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” ХК хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн арилжаанд оролцоод нийтэд нэрлэсэн үнээ зарласан тохиолдолд хувьцаагаа ашиглах эрх нь нээгдэх юм. Өөрөөр хэлбэл, хувьцаагаа бусдад бэлэглэх, зарах, хөрөнгийн барьцаанд тавих, эсвэл эзэмшигч нь нас барсан тохиолдолд ар гэрийнхэн нь өв залгамжлах эрхтэй болох юм. Тийм болохоор эрх нь нээгдээгүй байгаа учир нэр дээр нь хөдөлгөөнгүй байх болно.

-Их, дээд сургуулийн оюутнууд 1072 ширхэг хувьцаагаа нэг сая төгрөг болгох өргөдөл гаргаад сургалтын төлбөрт суутгуулаад явсан. Тэгвэл Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртэхээр өргөдөл гаргаад одоог хүртэл аваагүй байгаа иргэд олон бий. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Анх олгогдох шийдвэр гаргаснаас эхлээд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн халамжийн ерөнхий газраас мэдээлэл авч байж бичилт хийгдэж байгаа.

Хишиг хувь хүртэхээр өргөдөл гаргаад, сургалтын төлбөртөө жил тус бүр 500 мянган төгрөгөөр суутгуулсан тохиолдолд 1072 ширхэг хувьцаа олгогдохгүй. Хэрвээ нэг сая төгрөг авахаар өргөдлөө өгсөн ч олгогдоогүй байгаа хэрнээ 1072 ширхэг хувьцаа ч үгүй байвал УИХ, Засгийн газраас хувьцааг нь буцааж олгоё гэсэн тогтоол гарвал бид дансанд нь байршуулахад бэлэн.

-Их хувьчлалаар цэнхэр, ягаан тасалбар авсан иргэд хувьцаагаа хаана байгааг мэдэхгүй байсан. Энэ талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ?

-1990-ээд оны их хувьчлалаар олон иргэн хувьцаа авсан. Цэнхэр тасалбар 7000, харин ягаан тасалбар 3000 төгрөгийн үнэтэй. Энэ талаарх бүх мэдээлэл Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дээр бүгд байгаа. Хувьцаатай гэдгээ мэддэг хэрнээ хаяж үрэгдүүлсэн иргэд мэдээллийн сан дээр шүүлгүүлээд дансны хуулгаа хэвлүүлж авч болох юм. Ингэхэд тухайн хувьцааг байршуулж буй брокер дилерийн компанийн нэр, хаяг байршил гараад ирнэ.

-Үнэт цаасны дансгүй иргэд заавал данс нээлгэх хэрэгтэй байдаг уу?

-Төвлөрсөн хадгаламж дахь үнэт цаасны дансгүй иргэн олон бий. Энэхүү дансгүйгээр тухайн иргэн үнэт цаастай холбоотой ямар нэгэн арилжаа, гүйлгээ хийж болохгүй гэсэн үг. Гэхдээ заавал данс нээлгэх ёстой гэсэн үг биш. Хэрэв хувьцаа худалдаж аваад, арилжаанд оролцож, мөнгөө өсгөе гэж бодож байгаа тохиолдолд данс нээлгэх зайлшгүй шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй 62 брокер дилерийн компанийн танилцуулга, утасны дугаар, хаяг байршил бүгд бүртгэлтэй байгаа. Би аль брокер, дилерийн компани дээр очиж данс нээлгэх вэ гэж хүмүүс асуудаг ч бид хэлэх боломжгүй байдаг. Тиймээс иргэд өөрсдөө биеэрээ очоод уулзах хэрэгтэй гэж зөвлөдөг. Яагаад брокер дилерийн компаниуд чухал үүрэгтэй байдаг вэ гэхээр хөрөнгийн зах зээл дээр хамгийн анхан шатны хувьцааны үнэт цаасны талаарх мэдээллийг өгдөг.

Хувьцааны үр өгөөжийг урт, богино хугацааны гэж ангилдаг. Богино хугацааны үр өгөөж нь тухайн компанийн хувьцааг хямд үнэтэй байхад нь худалдаж аваад үнэтэй болохоор нь зарж, ханшийн зөрүүгээс ашиг олохыг хэлдэг. Харин урт хугацааны өгөөж нь ямар нэгэн компанийн хувьцааг худалдаж аваад жил бүрийн эцэст ногдол ашиг авах замаар мөнгөө өсгөөд явах боломжтой.