НҮБ-ын Статистикийн Комиссийн ээлжит 46-р чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд болов. Уг чуулганд НҮБ-ын статистикийн комиссийн гишүүн Монгол Улсаас Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус хорооны Нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг, ажилтан С. Алтанцэцэг нар орж ажилласан байна.Чуулганд НҮБ-ын Статистикийн Комиссийн гишүүн орон, НҮБ-ын гишүүн болон гишүүн бус 140 гаруй улсын төлөөлөгчид, НҮБ-ын системийн байгууллагууд, олон улсын 40 гаруй байгууллага, 30 орчим төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцжээ.
Энэхүү чуулганаар нийт 16 асуудал, “ Big data”, 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөр, хөгжлийг хэмжих үзүүлэлтийн хүрээ, мэдээллийн хувьсгал, олон улсын болон бүс нутгийн статистикийн байгууллага, үндэсний статистикийн байгууллагуудын баримтлах стратеги, албан ёсны статистикийг шинэчлэх хөтөлбөр, чадавхийг бэхжүүлэх хэрэгцээ, шаардлага зэрэг онцгой чухал ач холбогдол бүхий асуудлуудыг хэлэлцсэн байна. ҮСХ нь мэдээллийн хувьсгал, big data, албан ёсны статистикийг шинэчлэх хөтөлбөр, гэмт хэргийн статистик, дүрвэгчдийн статистик, өрхийн судалгаа, үндэсний тооцоо, олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөр, хөдөө аж ахуй ба хөдөө орон нутгийн статистикийн асуудлаар тусгайлан санал бэлтгэж, оролцов. Чуулганд 17 асуудал, үүнээс Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын бүлгийн тайланг танилцуулсан байна.