m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.17 09:50
549
Ш.Авирмэд: Эрүүл мэнд эрхэм үү, эдийн засаг эрхэм үү

Засгийн газраас энэ сарын 27-28-нд шилжих шөнө нэг цагаар урагшлуулахаар шийдвэрлээд буй. Манай улс өмнө нь  хаврын улиралд цагийг нэг цагаар урагшлуулж, намартаа нэгээр хойшлуулдаг байсан. Тэгвэл энэ нь хүний эрүүл мэндэд муу нөлөөтэй хэмээн найман жилийн өмнө хэрэгжүүлэхээ больсон. Гэтэл Шийдлийн Засгийн газраас байгалийн гэрэл ашиглаж, эдийн засгийн хэмнэлт хийх үүднээс цаг урагшлуулах тухай шийдвэр гаргасныг эргэн харахыг хүсэж, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс мэдэгдэл хүргүүлжээ.

Энэ талаар Анагаах ухааны Энэрэл дээд сургууулийн багш Ш.Авирмэдээс тодрууллаа.

-Цаг урагшлуулах асуудлаар Засгийн газарт мэдэгдэл хүргүүллээ. Юуны учир мэдэгдэл хүргүүлэх болов?

-Энэ сарын 27-28-нд шилжих шөнө цагийг урагшлуулах шийдвэр Засгийн газраас гаргалаа.  Засгийн газраас гаргаж буй шийдвэрийгбүхэлд нь эсэргүүцэж байгаа юм биш. Гэхдээ цаг урагшлуулах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс энэ асуудалд ард түмнээсээ санал асуулга явуулж, олонхийн саналаар шийдсэн бол зөв болох байсан болов уу.

-Хүний биед үзүүлэх сөрөг нөлөөлөлийн талаар тодруулбал...?

-Хүний био хэмнэл гэж байдаг. Хүн био хэмнэлээ 24-28 цагийн дотор зохицуулж амьдардаг учиртай. Гэтэл био хэмнэлийн цагийг өөрчлөгдөхөд бие шинэ цагтай зохицож чаддаггүйн улмаас хүний унтах хугацаанд нөлөөлж, нойргүйдэл үүсгэх, эмзэг хүмүүс амиа хорлох нь нэмэгддэг, ажлын байран дээрх гэмтэл бэртэл нэмэгдэх, ядаргааны улмаас ажлын цагийг хийдүүлэх сөрөг нөлөөтэй болохыг олон улсын эрдэмтэд нотолсон.

-Бага насны хүүхдүүд өөрчлөлтөд дасахад багаггүй хугацаа шаардагддаг байх. Сөрөг тал нь юу вэ?

-Тийм. Бага насны хүүхдэд нэлээд эмзэг тусдаг. Тухайлбал, цэцэрлэгийн хүүхдүүд өглөө босдог цагаасаа нэг цагийн өмнө сэрэхэд харааны эрхтнүүд нь ажиллах боловч, тархи нь хагас унтаа байдалд байдаг. Үүнээс үүдэн хүүхдийн ой санамж, сэтгэхүйд нөлөөлж эхлэх бөгөөд улмаар ууртай уцаартай болдог. Мөн хооллох цагт нь өөрчлөлт орохоор хүүхдийн бие дасан зохицож чадахгүйн улмаас хоолны дуршил нь муудах талтайг Австралийн эрдэмтэд тогтоосон. Харин Финляндын эрдэмтэд чихрийн шижин ихсэх, элдэв хууч өвчин хөдөлдөг болохыг тогтоосон байдаг.

-Засгийн газраас эдийн засгийн хэмнэлт хийх зорилгоор ийм шийдвэр гаргасан. Энэ асуудлыг тооцоолж үзэв үү?

-Байгалийн гэрэл ашиглаж, цахилгаанаа хэмнэх нь эдийн засаг талаасаа ашигтай байх л даа. Гэхдээ иргэдийн эрүүл мэнд эрхэм үү, эдийн засгийн хэмнэлт эрхэм үү гэдгийг бодох л хэрэгтэй.

-Дэлхийн бусад орнуудад цаг урагшлуулдаг улс байдаг юм болов уу?

-Байдаг гэсэн. Гэхдээ манай хоёр хөрш татгазлсан байдаг. Өмнө нь БНХАУ нэг удаа туршиж үзээд маш их эсэргүүцэлтэй тулгараад хэрэгжүүлээгүй байдаг. Харин манайх 1960 онд сайд нарын зөвлөлийн хурлаар баталсан байдаг. Ингээд 1980 он хүртэл мөрдөж байгаа хэсэг хугацаанд завсарлаад дахин хэрэгжүүлсэн байдаг. Үүнийг 2005 онд Ерөнхий сайд агсан Ц.Наранцацралт эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн болиулж байсан. Ард түмэн ч үүнийг талархан хүлээж авсан. Гэтэл найман жилийн дараа иргэдийн эрүүл мэндийг бодолцолгүйгээр дахин сэргээлээ. Тиймээс Засгийн газарт мэдэгдэл хүргүүлсэн. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна.