“Баялаг бүтээгчдийг дэмжинэ”төсөл хөтөлбөрийн баг өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймгийн Баянлиг суманд үйл ажиллагаа явуулдаг “Их халбаганат” ХХК-ийг зорьсон юм.
“Их халбаганат” ХХК нь 2002 онд байгуулагдаж өнөөдөр есөн хүнийг ажлын байраар хангахын зэрэгцээ ажилчдынхаа нийгмийн асуудлыг бүрэн шийдсээр иржээ. Тус компанид “Нүнжиг” сүүний цех, ”Баян өгөөж” талх нарийн боовны үйлдвэр харьяалагддаг бөгөөд тэд ингэний сүүгээр сүү, сүүн бүтээгдэхүүн болон талх нарийн боов үйлдвэрлэдэг юм. Мөн ингэний сүүгээр бялуу, молоко, зайрмаг үйлдвэрлэж буй нь сонин содон бүтээгдэхүүн байлаа.
Ингэний сүүгээр бялуу, молоко, зайрмаг үйлдвэрлэж буй нь сонин содон бүтээгдэхүүн байлаа
Үүсгэн байгуулагч Б.Батчулуун 2002 онд Баянлиг сумын Засаг дарга байхдаа малчдынхаа амьдрал ахуйг дээшлүүлэх зорилгоор тэмээний сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа төржээ. Улмаар гэргий А.Цэцгээтэйгээ ярилцаж малчдаас ингэний сүүг нь худалдан авч ариутгасан цэвэр усны саванд савалж иргэдэд борлуулдаг болжээ. Ийнхүү тэдний үйлдвэрлэсэн ингэний ундааг хэрэглэгчид сайшааснаар сүү сүүн бүтээгдэхүүний цех байгуулах ажилдаа сэтгэл шулуудан орсон байна.
Аливаа баялаг бүтээгчдэд санхүүгийн их бага гэлтгүй бэрхшээл тулгарах нь гарцаагүй. Тэд ч мөн зорилгоо биелүүлж үйлдвэрлэлээ эхлүүлэхийн тулд бусдын л адил зээл авч ажлын гараагаа эхэлж байжээ. Анх “Хаан” банкнаас зээлсэн гурван сая төгрөгөөр үйлдвэрлэлээ эхлүүлж ”Баян өгөөж” талх нарийн боовны цехийг байгуулсан аж. Харин өнөөдөр тэдний үйлдвэрлэл улам өргөжиж зургаан нэр төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн, амтат бялуу, талх нарийн боовыг сумандаа үйлдвэрлэж байна.
Аливаа баялаг бүтээгчдэд санхүүгийн их бага гэлтгүй бэрхшээл тулгарах нь гарцаагүй
Түүнчлэн Б.Батчулуун А.Цэцгээ нар нь өнгөрсөн жил “Голомт” банкнаас 196 сая төгрөгийн зээл авч бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг шийдэхийн зэрэгцээ 10 тоннын даацтай хөргүүртэй машин худалдан авчээ.
Тус хамт олон жилдээ 5-6 тонн ингэний сүү боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа бол цаашид Улаанбаатар хотын “Номин”, ”Миний дэлгүүр”-т бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр ярилцаж буйгаа дуулгалаа.
Жилдээ 5-6 тонн ингэний сүү боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна
“Их халбаганат” ХХК-ийнхан сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй амтат гуа, хоёр төрийн чинжүү,өргөст хэмх, чацаргана, гүзээлзгэнэ зэрэг нарийн ногоо, жимс жимсгэнийг эх орныхоо хөрсөнд тарьж ургуулдаг юм.
Ажлаа бага гэж гололгүй хийж,тууштай ажилласан эх орныхоо баялаг бүтээгчийн нэг болсон Б.Батчулууны гэр бүл, хамт олноор бахархах сэтгэл төрлөө. Учир нь тэд ажлын байрны ариун цэвэрт сайтар анхаарахын зэрэгцээ бүтээгдэхүүнийхээ чанар эрүүл ахуйд өндөр ач холбогдол өгдөг нь харагдаж байсан юм.
Мэдээж жижиг дунд бизнзс эрхлэгчдэд цаашдын зорилго гэж бий. Тэдний хувьд ойрын хугацаанд ингэний ундаагаа хуурайшуулж зах зээлд нийлүүлэх зорилготой.
Ажлаа бага гэж гололгүй хийж, тууштай ажилласан эх орныхоо баялаг бүтээгчийн нэг болсон Б.Батчулууны гэр бүл, хамт олноор бахархах сэтгэл төрлөө
Энэ талаар тус компанийг үүсгэн байгуулагч А.Цэцгээ хэлэхдээ “Хэрэв бид ингэний ундаагаа хуурайшуулж худалдаанд гаргавал зах зээл нь өргөжиж борлуулт нэмэгдэнэ. Гэвч ингэний ундаа хуурайшуулдаг тусгай машин худалдаж авахад 200 сая төгрөг шаардлагатай. Одоохондоо сүү хуурайшуулдаг машин худалдаж авах боломжгүй байна” гэлээ.
Ингэний ундаагаа хуурайшуулж худалдаанд гаргавал зах зээл нь өргөжиж борлуулт нэмэгдэнэ
Тиймээс Б.Батчулуун А.Цэцгээ нар цаашид зорилгоо биелүүлж борлуулалтаа нэмэгдүүлэн, үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд бүх л арга замыг хайж, боломжийг эрэлхийлсээр байна.