m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.21 06:49
1623
Ж.Гүррагчаа: Хүн сансарт нисэхийн гол ач холбогдол нь судалгаа хийх юм

Одоогоос 34 жилийн өмнө Монгол Улс сансарт иргэнээ илгээсэн 10 дахь орон болж, Ж.Гүррагчаа дэлхийн 101 дэх сансрын нисэгч болсон түүхт өдөр өнөөдөр тохиож байна. Энэ онд хүн задгай сансарт гарсны 50 жил, ЗХУ, АНУ-ын хамтарсан “Союз-Аполлон” хөтөлбөр хэрэгжисний 40 жилийн ой тохиож байгаа билээ. Түүхийн шаралсан хуудсыг сөхвөл 1965 оны гуравдугаар сарын 18-нд ЗХУ-ын “Восход II” хөлөг сансарт хөөрч, 19-нд хөлгийн хоёрдугаар нисэгч А.А.Леонов тусгай хувцас, төхөөрөмжийн тусламжтайгаар задгай сансарт гарч, 12 минут есөн секунд ажиллажээ. Ингэж задгай сансарт удаан хугацаагаар ажиллаж болох эхлэл, суурийг тавьжээ. А.А.Леонов өнгөрсөн оны тавдугаар сард 80 насныхаа ойг тэмдэглэсэн аж.

34 жилийн өмнө Монгол Улс сансарт иргэнээ илгээсэн 10 дахь орон болж, Ж.Гүррагчаа дэлхийн 101 дэх сансрын нисэгч болсон

Эдгээр түүхэн ойг тохиолдуулан  Одон орон, геофизикийн хүрээлэн “Сансарт тэмүүлсэн Монгол залуус” арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэ үеэр сансарт монгол хүн ниссэн нь ганц хүний хүч хөдөлмөр биш, олон хүн хамтарч зүтгэснийг илэрхийлэх хүндэтгэлийн самбарыг танилцуулна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 7б ангийг Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит болгохоор болжээ.

Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаатай ярилцсанаа хүргэж байна.

-34 жилийн өмнөх тэрхүү түүхэн мөч таны амьдралд тод, хэзээ ч мартагдашгүй түүх болон үлдсэн байх?

-1965 онд ЗХУ-аас социалист хамтын нөхөрлөлийн орнуудад сансар огторгуй, агаар мандлын дээд давхаргыг хамтран судлах санал дэвшүүлснээр олон улсын хамтын ажиллагааны “Интеркосмос” хөтөлбөр буй болсон юм. Энэ хүрээнд Монгол Улс уг хөтөлбөрийн судалгаанд оролцож эхэлсэн. Тухайн үед сансар судлалын эх үйлсэд улс орныхоо хүч бололцоог нэгтгэе гэсэн санаачилга гаргаж байсан. Сансар судалж эзэмших үйлс нь дэлхийн улс орнуудын хувьд үг хэлээ ололцох, нэг байр суурьтай болох нэг л гариг дээр амьдарч байгаа шүү гэдгийг таниулж мэдүүлдэг. Улс орнуудын хувьд тус тусдаа хэлтэй, эдийн засаг, цэрэг стратеги, шашин шүтлэг янз бүрийн сонирхолтой дэлхий ертөнцид амьдарч байна. Дэлхийн хүн төрөлхтөн нэг завин дээрх хөвж яваагаа мэдэхгүй цөмийн зэвсэгтэй ертөнцөд амьдарч байна. Иймд бие биенээ ойлгож, хүндэтгэж, нэг зүгт харж, нэг үйлсийн төлөө зүтгэх нь хүн төрөлхтний зорилго юм. Энэ зорилгод хүрэхийн тул сансар судлалын ажил ямар нэгэн хэмжээгээр тус дэм болно хэмээн боддог. Энэ ч утгаараа “Интеркосмос” хөтөлбөр дээрх жишээг харуулсан үйл явдал юм.

Одон орон, геофизикийн хүрээлэн “Сансарт тэмүүлсэн Монгол залуус” зохион байгуулж байгаа юм

Уг хөтөлбөрийн дагуу 1976, 1977 онд Монгол Улсаас сансарт нисэх нисгэгчийн сонгон шалгарлуулалтыг явуулсан. Ингээд 1978 онд Хөдөлмөрийн баатар, сансарын нисэгч М.Ганзориг бид хоёр сансрын нислэгийн бэлтгэл ажилд бэлтгэгдэж эхэлсэн юм.

-Сансарт нисээд бууж ирэхэд биед тань ямар өөрчлөлт гарч байсан бэ?

-Жингүүдлийн орчинд жин байхгүй шүү дээ. Татах хүчин үйлчлэхгүй орчин учраас хүний биед асар их өөрчлөлт гардаг. Хүн гэдэг өөрөө босоо байрлалтай. Толгой руу цусыг хэвийн хүргэхийн тулд зүрх ажилладаг. Жингүүдлийн орчинд орохлоор татах хүч байхгүй. Зүрх цусаа дээш шахна. Гэтэл хүний биеийн цус тархи толгойд бараг ихэнх нь ирдэг. Хөл рүү бараг очихгүй тулд  тойрог замд ийм байдалтай удаан хугацаагаар байх юм бол хүний тархи толгой хүндэрдэг. Тухайн үед миний бие тойрог замд 7-8 хоногийн хугацаанд байхад биед өөрчлөлт орсон. Орчин үед бол хөл рүү цус гүйлгэхийн тулд тойрог замд ажиллах хугацаанд хийх дасгал болон хувцсаар  нь тохируулж байна.

21 дүгээр сургуулийн 7б ангийг Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит болгов

-Сансрын нисэгч хүнд эрүүл мэнд хамгаас чухал байх?

- Тэгэлгүй яах вэ, сансрын нисэгч хүн эрүүл л байх ёстой. Эрүүл байж уг мэргэжлийн хамгийн том шаардлагад нийцдэг юм.

-Таниас хойш нэг ч монгол хүн сансарт ниссэнгүй. Сансрын дараагийн нисэгчдийг манайх бэлтгэж байна уу. Дараа үеэ бэлтгэхийн тулд  бид юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Хүн сансарт нисэхийн гол ач холбогдол нь судалгаа хийх юм. Тэр судалгаа нь Монгол Улсын хөгжилд, хүний ахуй амьдралд, техникийн дэвшилд хувь нэмэр оруулах ёстой. Түүнээс сансрын нисэгч бэлтгэх нь гол биш. Сансар судлалыг тодорхойлох төрийн байгууллага хэрэгтэй байна. Төрийн бодлогод тус дэм болох Сансар судлалын үндэсний зөвлөлтэй байх ёстой. Манайд ийм байгууллага бий ч юу хийдэг нь тодорхой бус.

-Сансрын нисэгч нарын ирээдүйн чиг хандлага ямар түвшинд байна вэ?

-Хүн төрөлхтөн өнөөдөр дэлхийн тойрог замд эргэлдэхээ байсан байна. Бусад гариг руу тэмүүлж байна шүү дээ. Хүний гараар бүтээгдсэн дагуулаад нарны системийн цагирагийг даван тэрнээс цааш явсан байна. Марс гариг дээр хүний гараар бүтсэн автомат төхөөрөмж ажиллаж байна. Цаашид хүн тийшээ очиж үзэх, тэнд ямар амьдрал байгааг судлах болно. Дэлхийн ертөнцийн хүн төрөлхтөн ирээдүйд амьдрах газар нутгаа эрж хайх болсон. Монголчууд ч гэсэн хамгийн түрүүнд дээрх газар нутагт хүрч, судлах хэрэгтэй. 

Төрийн бодлогод тус дэм болох Сансар судлалын үндэсний зөвлөлтэй байх ёстой

-Монгол Улсын түүхэнд тодоос тод сайхан ул мөр үлдээж, одоо ч энэ салбартаа ажиллаж байгаа танд улам их амжилт хүсье.