m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.09 02:20
86
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулжээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын Сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбоотой хамтран “Сүрьеэтэй хүн бүрт хүрч үйлчилье”,“ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тусламж үйлчилгээ, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Тус сургалтыг Дүүргийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах нээж, МСТНХ-ны ерөнхийлөгч Н.Наранбат, МСТНХ-ны гүйцэтгэх захирал Ц.Ганхүү, Сүхбаатар Эрүүл мэндийн нэгдлийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга Ц.Ганчимэг, ЗДТГ-ын Эрүүл мэндийн холбогдох мэргэжилтэн, хороодын Засаг дарга нар оролцжээ.

Энэ үеэр олон эмэнд тэсвэртэй сүрьеэ болон ХДХВ хавсарсан халдвартай тэмцэн, “Мянганы хөгжлийн зорилтод хүрэх” төслийн хэрэгжилтийг сайжруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой бөгөөд ХДХВ/ДОХ/БЗДХ-ын өнөөгийн байдал дэлхий дахинд ба Монгол улсад, Сүхбаатар дүүрэгт 100 хувь бэлгэвч хэрэглэх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон Сүрьеэ өвчний дэлхий дахин болон бүсийн байдал, дүүргийн Сүрьеэ өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай танилцуулжээ. Өнгөрсөн онд сүрьеэгийн 4111 (10000-д 14,6) тохиолдол бүртгэгдсэнээс уушигны сүрьеэ 2355 (57.3хувь), уушигны бус эрхтэний сүрьеэ 1756 (42.7хувь) нь байсан байна. Харин  шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдлыг насаар нь авч үзвэл 16-44 насныхан 68,7хувь,  эрэгтэйчүүд 55,4 хувь, эмэгтэйчүүд 44,6 хувийг тус тус эзэлж хүүхдийн өвчлөл өнгөрсөн онд өссөн үзүүлэлттэй байгааг анхааруулсан аж. Тэгвэл ХДХВ-ын халдвартай хүмүүсийн оношлогдох үеийн насны байдлыг бүлгээр авч үзвэл 25-34 насныхан бусад бүлгүүдтэй харьцуулахад хамгийн өндөр буюу нийт халдвартай хүмүүсийн 46 хувийг эзэлдэг байна.