m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.09 02:28
2130
“Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага” стандарт шинэчлэгдлээ

Монгол Улсын Засгийн газраас  төрийн захиргаа болон нийгэм, эдийн засгийн салбаруудад Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх бодлого баримталж байгаа билээ. Энэхүү бодлогын хүрээнд дотоодын эмийн үйлдвэрүүдийн GMP хэрэгжилтийн түвшинг сайжруулах, үндэсний эмийн бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол улсын стандарт MNS 5524:2014 “Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага” /Үндэсний GMP/  стандартыг шинэчлэн боловсруулсан байна.

Монгол улсын хэмжээнд 31 эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

Стандартыг шинэчлэн боловсруулахдаа ДЭМБ-ын Эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зохистой дадал, үндсэн зарчим, ДЭМБ-ын Ариун эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зохистой дадал удирдамжуудыг үндэс болгожээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар Монгол улсын хэмжээнд 31 эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эмийн зах зээлийн өсөлттэй холбоотойгоор эмийн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа GMP-д нийцүүлэх шаардлага гарч ирж байгаа юм.

Үндэсний GMP стандартыг шинэчлэн боловсруулснаар эмийн үйлдвэрүүд олон улсын түвшинд хүрсэн GMP батламж гардан авах нөхцөл бүрдэх бөгөөд дотоодын эмийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, үр нөлөө улам сайжирч импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэх ач холбогдолтой болно. Энэхүү стандартад шинээр нэмэгдсэн заалтуудын нэг нь тогтвортой чанарын судалгааны шаардлага бөгөөд энэ нь эмийн чанар, аюулгүй байдал, үр нөлөөг илтгэгч гол үзүүлэлтүүдийн нэг юм. Тогтвортой чанарын судалгаагаар эмийн хүчинтэй хугацаа, хадгалах нөхцлийг тогтоох бөгөөд энэхүү үзүүлэлтийг тодорхойлох албан ёсны баримт бичиг байхгүйгээс дотоодын эм үйлдвэрлэгчид өөр өөрийн байгууллагын шаардлагын дагуу энэхүү судалгааг явуулж байсан нь судалгааг үнэн зөв, найдвартай явуулах болон  эмийн зохицуулалтын байгууллагаас судалгааны тайланг үнэлэхэд хүндрэл учруулж байсан байна. Стандартад эмийн идэвхит бодис ба эмийн тогтвортой чанарын судалгаанд тавих ерөнхий шаардлагыг оруулсан нь дотоодын эмийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал түлхэц болно.