m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.23 07:46
1003
"Эдип хаан" сонгодог жүжиг тайзнаа

УДЭТ-ын уран бүтээлчид алдарт Софоклын “Эдип хаан” сонгодог драмын жүжгийг энэ сарын 28, 29-ны өдөр тайзнаа тавина. Европын зарим оронд эрэгтэй хүүхэд эхдээ сайн байхыг муу ёр хэмээн үзэх нь бий. Үүний учир нь эртний Грекийн “Эдип” хэмээх домгоос үүдэлтэй бөгөөд үүнээс үндэслэн эртний Грекийн суут зохиолч Софокл 94 насандаа “Эдип” жvжгээ туурвижээ.

Манай нэрт зохиолч, орчуулагч Э.Оюун анх 1979 онд энэхүү зохиолыг орчуулан хэвлүүлсэн бөгөөд "Эдип хаан" жүжгийг 42 жилийн өмнө ЗХУ-ын найруулагч манай тайзнаа найруулан тавьж байсан тvvхтэй аж. 

Жүжгийн нэгэн онцлог нь нэгэнтээ Монголдоо найруулан тавьж буй учир үндэснийхээ хувцсыг өмсч, Монгол төрх, аж амьдрал руугаа ойрхон харуулахыг зорьсон байна.

 Эцгийгээ хөнөөж эхтэйгээ нөхцсөн эмгэнэлт хувь тавилан

Жүжигт Фив хотын хаан мөд төрөх хүүгийнхээ хойчийн хувь заяаг урьтаж мэдэхээр нэгэн мэргэн төлөгчид очиж асуухад, "Эцгээ хөнөөж, эхтэйгээ ханилан суух муу заяаны үр төрнө" гэсэн учир хүүг төрмөгц хээр хаяна. Гэтэл тэр хүүг нэгэн малчин олоход нь Коринфийн хаан үрчилж аваад Эдип гэж нэр өгчээ. 

Эдип хүү баатар эр болж нэгэн удаа Фив хот руу явахдаа замд нь таарсан дээрэлхүү өвгөнийг санамсаргүй тохиолдлоор хороон, цааш явтал хамаг амьтныг аюулд унагасан тэрсүүд амьтан хотын дэргэд бий болсныг мэдээд, түүнийг дарж ялахад Фив хотынхон Эдипийг хаан ширээнд залж, өөд болсон хааныхаа бэлбэсэн хатантай гэрлүүлнэ. Үүнээс олон жилийн хойно Эдип бүх үнэнийг мэдэн, уй гашууд дарагдан нүдээ сохлон, эх нь амиа хорлож буйгаар төгсдөг.

Эл зохиолд хүмүүсийн дотоод ертөнцийг учир шалтгааны нарийн дарааллын дагуу чадамгай нээж, хүний амьдрал хувирамтгай, хvн өөрт заяасан хувь тавилангаасаа хаашаа ч зайлж чаддаггүй гэсэн санааг гаргасан бол жүжигтээ бие биедээ харш үзлийг барьсан хүчирхэг хоёр хүний vзэл санааны мөргөлдөөнийг гарамгай гарган тавьжээ. Тиймээс ч энэ жvжгийг судлаачид "эмгэнэлт жvжгийн сонгомол загвар" гэж нэрлэдэг байна.