MASS.MN сайтын хамт олон Монгол Улсын Хүний гавьяат эмч, доктор, Клиникийн профессор, ХСҮТ-ийн Дүрс оношилгооны зөвлөх эмч Р.Асайтай хамтран ажиллаж байна.
Хөхний өвчин өмөн гэж юу вэ, нийтлэг тохиолддог энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тогтмол зөвлөгөө өгөх юм.
Хөхний эрүүл мэнд
Манай оронд хөхний өмөнгийн өвчлөл төдийлөн их биш боловч сүүлийн үед нэмэгдэж, цаашид өсөх хандлагатай байгаа нь эрдэмтдийн судалгаа, шинжилгээ дүн бүртгэлийн мэдээнээс тодорхой байна.
Ийм мэдээлэлээс айж түгшихийн оронд эмэгтэйчүүдэд хөхний өмөнгөөс сэргийлэх болон хөхний эмгэгүүдийг эрт илрүүлэх талаар зааж сургах нь илүү ач тустай юм. Энэхүү хавсралт нь эмэгтэйчүүдэд хөхний анатоми, хөхний эрүүл ахуй болон тохиолдож болох хөхний зарим эмгэгүүдээс хэрхэн сэргийлэх, эрт илрүүлэх талаар анхны ойлголтыг өгөх болно.
Хэвийн хөхний тухай
Хэвийн хөхний хэлбэр, хэмжээ хүн болгонд харилцан адилгүй боловч дотоод бүтэц зохион байгуулалт нь ижил байдаг. Хөх нь хөхний (сүүний) булчирхай, сүүний сувгууд, холбогч эд, өөхлөг эд, хөхний товч ба түүний эргэн тойрон дахь ареол (нөсөөт хэсэг) зэргээс тогтдог. Хөхний хэмжээ түүний бүтэц дэх өөхлөг эдийн хэмжээнээс шалтгаалах ба харин хөхүүл үеийн сүүний агууламж хоёуланд нь ижил байдаг.
Эмэгтэй хүний хоёр хөх хэмжээгээрээ ялгаатай байж болдог. Энэ нь цөөн тохиолдох хэвийн үзэгдэл боловч гоо сайхны хувьд нийцэмж багатай байж болох юм. Хөхний товч дотогшоо татагдсан байж болох ба тэр нь хөхний эрүүл мэндэд эрсдэл учруулдаггүй боловч, заримдаа хүүхэд хөхүүлэхэд нилээд төвөгтэй байх талтай.
Мөн хөхний нөсөөт (ареол) хэсэгт хөхөн дээгүүр үс ургасан байж болно. Ийм эмэгтэйг эршүүд буюу эрэгтэйн шинжтэй гэж хэзээ ч үзэж болохгүй. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд түүний өнгө зүс зэрэг нь тухайн эмэгтэйн бусад хэв маягтай ижил
байна. Хөхөнд ургасан үсний талаар эмч нарын санал олон янз байна. Зарим нь халдвар орж болзошгүй тул үсийг сугалж авч болохгүй гэсэн байхад, зарим нь үсийг хуулдаг тос (крем) ашиглах нь зүйтэй, гэхдээ хөхний товч ба нөсөөт хэсгийн арьсыг цочроож болохгүй гэж үздэг. Түүнчлэн үсийг мэдэгдүүлэхгүйн тулд цайруулах арга хэмжээ авах аль эсвэл хямсаагаар сугалж авах нь зүйтэй гэсэн зөвлөлгөөнүүд байдаг. Эцэст нь хэлэхэд ямар ч арга хэрэглэсэн маш цэвэр орчин, нөхцөлд хийх ёстой. Гэхдээ сахлын буюу өөр хутгаар хусаж авах аргаас зайлсхийхийг зөвлөдөг.
Эмэгтэйн хөхний бойжилтыг таван үе шат болгодог
I шат. Зөвхөн хөхний үзүүр болох товч харагдана.
II үе шат. Хөх товойж, хөхний товч томрох ба түүний нөсөөт хэсэг нэмэгдэн бага зэрэг бараантаж харагдана.
III үе шат. Хөх бага зэрэг томорч, хөхний булчирхайлаг эдүүд бий болно. (Дунджаар 12 -14 нас)
IV үе шат. Хөхний хоёр дахь томролт эхэлж, хөхний товч ба нөсөөт хэсгийн хэмжээ нэмэгдэнэ. (Дунджаар 16 -20 нас.)
V үе шат. Хөх жинхэнэ хэмжээгээрээ боловсрон гүйцэж бөөрөнхий хэлбэрээ олж, хөхний товч өргөгддөг.