m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.27 03:00
81
Г.Шийлэгдамба: Хуучин барилгууд эмнэлгийн шаардлага хангаагүй

Хүйтний улиралд бага насны хүүхдийн өвчлөл ихэсдэг ч эмнэлгийн хүрэлцээ муугаас олон хүндрэл үүсдэг. Яг үүнтэй зэрэгцэн Шийдлийн Засгийн газраас хуучнаар ССАЖЯ-ны барилгыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гаргасан. Гэтэл тус барилгын насжилт өндөр, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжгүй гэдгийг албаныхан хэлсэн. Тиймээс тус эмнэлгийг БХБЯ-ны байрыг ашиглан байгуулахаар болж, яамныхан ч байраа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Харин удалгүй эмнэлэг барих шийдвэр цуцлагдсан. Тиймээс хүүхдийн өөр ямар эмнэлэг байгуулах талаар эмнэлгийн асуудлаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас дараах тодруулгыг авлаа.

-Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд ямар ажлууд хийх вэ?

-Сүүлийн 20 жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төрөх болон хүүхдийн шинэ эмнэлэг баригдаагүй. Гэтэл жилээс жилд бага насны хүүхдийн өвчлөл, тэр дундаа улиралын чанартай өвчлөл нэмэгдсээр байна. Мөн одоо үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн эмнэлгүүдийн үйлчилгээний чанар шаардлага хангахгүй, хүртээмж муу байгаагаас үүдэлтэй олон хүндрэлүүд гарч байгаа.  Тиймээс хүүхдийн эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх, шинээр эмнэлэг барих зайлшгүй шаардлагатай.

Түүнчлэн хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч, асрагчийг тодорхой бодлогоор дэмжих хэрэгтэй байгаа. Тиймээс энэ онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар  гурван хүүхдийн эмнэлэг барих шийдвэр гараад байна.

Харин Засгийн газраас царцаагдсан барилгуудын ажлыг гүйцээх чиглэл барьж байгаа.  Үүнд Яармагийн 300 ортой эх, хүүхдийн эмнэлэг багтаж байгаа. Мөн Баянзүрх дүүрэгт баригдаж буй төрөх эмнэлэг ирэх зургаадугаар сард ашиглалтад орно. Харин хуучин эмнэлгүүдэд засвар хийж, чанар үйлчилгээг сайжруулахаар төлөвлөж байна.

-Эх, хүүхдийн эмнэлгийг барихад улсын төсөвт хэчнээн төгрөг төсөвлөгдөөд байна вэ?

-ССАЖЯ-ны ашиглаж байсан Засгийн газрын X байрыг дуудлага худалдаанд оруулж, 6.7 тэрбум төгрөгөөр арилжаалсан. Энэ мөнгийг Яармагийн эх, хүүхдийн эмнэлгийн барилгын ажилд зарцуулна. Үлдсэн хөрөнгийн санхүүжилтийг концессийн гэрээгээр хийхээр шийдвэрлээд байгаа.

-Шийдлийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа яаралтай 150 ортой хүүхдийн эмнэлэг байгуулах талаар ярьж, олон нийт таатай хүлээн авсан. Энэ шийдвэр ямар шалгаанаар цуцлагдсан юм бэ?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажлын хэсэг байгуулан, эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох төрийн өмчит барилгуудад судалгаа хийсэн. Гэтэл одоо ашиглагдаж байгаа барилгууд эмнэлгийн зориулалтаар ашиглахад шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс бид царцаагдсан эмнэлгийн барилгуудад худалдан авалтын төвлөрсөн хөрөнгийг шилжүүлэх зарчмаар асуудлаа шийдэхээр болсон.