Амьд явах эрхийн талаарх онолын ойлголт
Амьд явах эрх хувь хүний хувьд хэдийд эхэлж, хэдийд дуусгавар болох талаар онолын хэд хэдэн ойлголт байдаг.
Амьд явах эрх эхлэх талаар: Дэлхийн ихэнх улс орнуудын хууль тогтоомжоор хүүхэд эхийн умайгаас гарч, эхний амьсгал авснаар амьд явах эрх үүсэхээр хуульчилсан байдаг. Харин зарим судлаачид, хүний эрхийн төлөө тэмцэгчид эхийн хэвлийд ураг бүрэлдэн бий болсон үеэс амьд явах эрх үүснэ гэж үздэг. Энэ үзлийг дэвшүүлэгчид үр хөндөлтийг хүнийг санаатай алах гэмт хэрэгт тооцдог.
Амьд явах эрх дуусах талаар: Хүн үхсэнээр тухайн хүний амьд явах эрх нь дуусгавар болдог. Гэхдээ үхлийн талаар хоёр ойлголт байдаг учраас амьд явах эрхийн дуусахтай холбоотой онолын маргаан байдаг. Үхлийг 1-рт биологийн буюу бие махбодын, 2-рт клиник буюу эмнэлгийн гэж хоёр ангилдаг. Биологийн үхэл гэж хүний зүрх бүрэн зогсохыг хэлдэг. Клиник үхэл гэж хүний зүрх зогсоогүй боловч, тархи зогсож гадаад орчинтой харьцахгүй болохыг хэлдэг.
Хүүхэд эхийн умайгаас гарч, эхний амьсгал авснаар амьд явах эрх үүсэхээр хуульчилсан байдаг
Эвтанази: Эмчилгээ авах найдваргүйгээр өвчилсөн буюу шархдаж гэмтсэн хүний зовлонг нь дуусгаж, энэрэл үзүүлэх зорилгоор шаналгаа багатай аргаар үхэхийг нь зөвшөөрөх буюу амийг нь таслах үйлдлийг Эвтанази гэдэг.