m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 23:50
3265
Ц.Мөнхбаярын хүсэлт Ерөнхийлөгчид очжээ

Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн захидлаа хүргүүлж буй талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг захидал Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирсэн гэдгийг холбогдох албаныхан хэлсэн бөгөөд одоогоор нягталж буй гэв.

Ял эдэлж буй Ц.Мөнхбаяр нар Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн захидлаа гурав дахь удаагаа хүргүүлж буй бөгөөд эхнийх нь өнгөрсөн онд өөрийн гараар бичсэн өргөдлөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан хүргүүлсэн. Дараа нь Ц.Мөнхбаярын охин аавыг нь уучлахыг хүссэн өргөдөл бичсэн. Харин энэ талаар Ерөнхийлөгч мэдээгүй хэмээн нэгэн ярилцлагандаа хэлсэн. Ерөнхийлөгчид хандсан хоёр захидлыг тэр хүн мэдээгүй байна гэхээр үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газар хайнга хандсан гэж үзэж байна хэмээн түүний хүү М.Эрдэнэ хэлсэн. 

Энэ талаар бид Ерөнхийлөгчийн Тамгын газрын өргөдөл хариуцсан ажилтнаас тодруулахад "Өмнөх захидлууд нь яагаад Ерөнхийлөгчид хүрээгүйг би мэдэхгүй байна. Юутай ч энэ удаагийн захиа нь ирсэн. Бид нягталж байгаа учир өөр тайлбар өгөх боломжгүй байна" гэв. Түүнчлэн Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр энэ талаар тайлбар өгөхгүй гэдгээ туслахуудаараа дамжуулан хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.