m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.03 01:12
434
Хэнтийчүүд С.Цэрэнчимэдэд жип машин бэлэглэжээ

Хэнтийчүүд чөлөөт бөхийн Дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа өчигдөр  Чингис хотноо зохион байгууллаа.
Хэнтий нутгаас төрөн гарсан алдартнуудын залгамж халаа болж, Узбекийн Ташкент хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс 19-хөн насандаа анхны алтан медалийг эх орондоо авчирч, Дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртэн, Монгол түмнийхээ нэрийг дэлхийн давцанд дуурсгасан дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд бол Хэнтийчүүд бидний бахархан хүндэтгэх ёстой хүмүүсийн нэг гэдгийг нутгийнхан онцолжээ.


Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга, Улаанбаатар хот дахь Хэнтийн аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Гарамгайбаатар, аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Японы сүмо бөхийн 68 дахь их аварга, Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж, Хэнтий нутгийнхны спортын ивээн тэтгэгч Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Хасу мегават” компанийн ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, Монгол Улсын Ардын багш, гавъяат тамирчин, олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монгол Улсын Ардын багш, гавъяат тамирчин Ч.Дамдиншарав, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Чөлөөт бөхийн олон улсын шүүгч Х.Чойжилжав, дэлхийн аваргын ээж Лхагвадулам нарын зочид уригдан ирж оролцлоо.

Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд  Хэнтий аймгийн “Хүндэт иргэн”боллоо


Аймгийн удирдлагууд хүндэд зочид болох МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Хэнтий аймгийн чөлөөт бөхийн ахмад тамирчин О.Бямбаа, чөлөөт бөхийн ОУ-ын шүүгч Х.Чойжилжав, Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар, дэлхийн аваргын ээж Лхагвадулам нарыг Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ.

Нутгийн зон олон С.Цэрэнчимэдэд 50 сая төгрөгийн үнэ бүхий шинэ дунд гарын жийп авто машинаар бэлэглэв


 Мөн Монгол Улсын төрийн далбааг дэлхийн тавцанд мандуулж, эх орныхоо төрийн дууллыг цуурайтуулсан Хэнтийн унаган охиндоо нутгийн зон олон, элэг нэгт ахан дүүсээс нь хүндэтгэл үзүүлэн олимп, дэлхийн дэвжээнд амжилт гаргахыг хүсэн ерөөж 50 сая төгрөгийн үнэ бүхий шинэ дунд гарын жийп авто машинаар мялаалж түлхүүрийг Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга болон аймгийн удирдлагууд гардууллаа. Энэ машиныг авахад хэнтийчүүд бүгд хандив өргөсөн гэнэ.


Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Японы сумо бөхийн 68 дахь их аваргаД.Дагвадоржийг Чингис хотод зочилж ирснийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэн хурдан удмын адууг бэлгэлсэн юм.


Монгол хүний хүч чадлыг гайхуулан бишрүүлж, алтан соёмбот төрийн далбаагаа дэлхийн дээвэрт мандуулж эх нутаг, улс орондоо оруулж буй үнэлж баршгүй хувь нэмрийг ийнхүү Хан Хэнтийчүүд үнэллээ.